Бурхан халдун уулыг дэлхийн өвд бүртгэсэн юнеско-гийн батламжийг хүлээлгэн өглөө
Өнөөдөр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай ЮНЕСКО-гийн батламжийг Хан Хэнтийн Улсын Тусгай хамгаалалтай газрын захиргаанд хүлээлгэн өглөө.
Мөн энэ үеэр “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгууд”-ыг Дэлхийн өвийн соёлын жагсаалтад бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан болон байгаль хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэй, ажиллаж байгаа
- А.Дүүрэнжаргал Байгаль соёлын өвийг хамгаалах сангийн дэд дарга
- Ц.Цэндсүрэн БСШУЯ-ны мэргэжилтэн
- А.Алтантуяа Байгаль соёлын өвийг хамгаалах сангийн төслийн ажилтан
- Ц.Самдан Байгаль соёлын өвийг хамгаалах сангийн төслийн ажилтан
- У.Сайнбаяр Байгаль соёлын өвийг хамгаалах төвийн мэргэжилтэн
- Д.Энхээ Хан Хэнтийн Улсын ТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн
- Ж.Даваасүрэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Баян-Өлзийт” нөхөрлөлийн идэвхитэн байгаль хамгаалагч
- С.Наранцэцэг Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг дарга нарыг тус тус “Байгаль орчны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр
- Л.Ганболд “Онгихайрхан” ХХК-ийн захирал
- Б.Бадма-Оюу ШУА-ийн түүх-архелогийн хүрээлэнгийн судлаач
- Х.Эрдэмбилэг ЮНЕСКО-ийн дэлхийн өв хариуцсан мэргэжилтэн
- Б.Даваацэрэн БСШУЯ-ны мэргэжилтэн
- Б.Баттүвшин “Онгихайрхан” ХХК-д геодезийн инженер
- О.Батбаяр Төв аймгийн Мөнгөнморьт сумын байгаль хамгаалагч
- Ж.Шура Хэнтий аймгийн Баруун жаргалант ойн нөхөрлөлийн гишүүнийг тус БОНХАЖЯ-ны “Жуух бичиг”-гээр тус тус шагнаж, хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь үнэлсэн юм.
Дэлхийн өвд бүртгэсэн үндэслэл:
“Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг Дэлхийн өвийн Жагсаалтад бүртгэх соёлын өвийн 10 шалгуурын “Хүн төрөлхтний түүхэн чухал үеийг илтгэн харуулж чадах барилга байгууламж, уран барилга, технологийн цогцолбор, тодорхой дурсгалт газар нутгийн хосгүй жишээ байх” 4-р шалгуур, “Дэлхий дахины нийтлэг бөгөөд хосгүй ач холбогдол бүхий үйл явдал, амьд уламжлал, үзэл санаа, сүсэг бишрэл, урлагийн болон уран зохиолын бүтээлүүдтэй шууд биет байдлаар холбогдсон байх” 6-р шалгуураар тус тус бүртгэсэн.
Дэлхийн өвийн хорооны Зөвлөх байгууллага Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл (ICOMOS) Бурхан халдун уулын номинацийг шалган үзээд Бурхан халдун уул бол Чингис хааны намтар түүхтэй нягт холбоотой, мөн Монголын Нууц Товчоонд судлаачид тогтоосноор тахилгат Бурхан Халдун уул 27 удаа, Биндэр уул 3 удаа дурдагдсан тул дээрх VI ба IV шалгуураар Дэлхийн өвийн Конвенцийн Дэлхийн нийтийн Хосгүй гайхамшигт үнэ цэнэт байдлын тодорхойлолтыг хангана гэж үзсэн байна.
Түүнчлэн “Их Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгт газар нутаг” нь дэлхийн түүхийн тодорхой үе, тухайлбал дэлхийн болон Евро Азийн XII-XIII зууны түүх, тэр дундаа тэр үеийн дэлхийн түүхийг тодорхойлж байсан Монголчууд, Монголын эзэнт гүрэн, Их эзэн Чингис хааны амьдрал, түүхийг тов тодорхой баримтаар, үнэн зөв батлан харуулж буй түүхийн хөдлөшгүй гэрч нотолгоо болж байгаагаараа Монгол Улс төдийгүй дэлхий дахины түгээмэл бөгөөд хосгүй гайхамшигт үнэ цэнэтэй соёлын өвийн газар нутаг болж байгаа юм. Нэг үгээр хэлэхэд Бурхан Халдун уул бол хүн төрөлхтний түүхийн юугаар ч орлуулшгүй гайхамшигт гэрч нотолгоо болж байгаа юм.
Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгүүлсний ач холбогдол:
Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгэж алдаршуулсан нь түүний дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч үнэлсэн төдийгүй энэ уул бол Монгол үндэстэн үүсч хөгжсөн, Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн эх үндсээ тавьсан газар нутаг, Их эзэн Чингис хаан өсөж торнисон, өөрийн зарлигаар Тахилгат уул болгож өргөмжилсөн түүхт уул юм гэдгийг давхар нотолж баталгаажуулсан хэрэг юм.
Монгол үндэстэн, Монголчууд, Чингис хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, үнэ цэнэ, ач холбогдлыг дэлхий дахинд улам тод, товойлгон гаргаж ойлгуулахад тодорхой хувь нэмэр болох юм.
Иймд Бурхан Халдун хайрхан, түүний орчмын газар нутгийг хайрлан хамгаалж хүн төрөлхтний ирээдүй хойч үед өвлөн уламжлуулж хүргэх явдал монгол хүн бүрийн нэр хүндтэй, эрхэм хариуцлагатай үүрэг болж байна.