Ботго авахуулах зан үйл”-ийг ЮНЕСКО-д бүртгэснийг батламжлав
Монголчуудын уламжлалт "Ботго авахуулах зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн тунхагласан батламж хүлээн авах ёслол өнөөдөр Улсын филармонийн байранд боллоо.
2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас нэр дэвшүүлсэн "Ботго авахуулах зан үйл" бүртгэгдсэн билээ. Энэ нь Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлж буй 13 дахь өв юм.
Ёслолын ажиллагааг нээж Гадаад хэргийн сайд Г.Пүрэвсүрэн хэлэхдээ, “Өнөөдрийн байдлаар Монголоос ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад долоо, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад зургаа, Дэлхийн Дурсамж хөтөлбөрт гурав, Дэлхийн соёлын өвд гурав, Дэлхийн байгалийн өвд нэг өвийг тус тус бүртгүүлээд байгаа нь Монголын түүх соёлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсний баталгаа, Монгол хүн бүрийн бахархал юм. Үүнийг дэлхий дахинд энхтайвныг бэхжүүлэхэд соёлын салбараараа дамжуулан оруулж буй хувь нэмэр хэмээн үзэж байна. ЮНЕСКО-д соёлын өвөө бүртгүүлэх нь нэгдэн орсон конвенцуудын дагуу эдгээрийг хамгаалах үүрэг хариуцлагыг хүн төрөлхтний өмнө авч байгааг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд бид гүнээ ухамсарлах ёстой” хэмээн онцлов.
Тэрбээр "Ботго авахуулах зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн батламжийг БСШУ-ы сайд Л.Гантөмөрт гардуулав.
БСШУ-ы сайд Л.Гантөмөр, “Монголчууд эрт дээр үеэсээ таван хошуу малтайгаа хүнтэй харьцаж байгаа мэт харьцаж ирсэн гайхамшигтай соёл, өвтэй ард түмэн. Энэ уламжлал сүүлийн 100 орчим жилд бага багаар алдагдаж байна. Тиймээс ЮНЕСКО-д бүртгүүлж байгаа соёлын өвийг хадгалах, цаашид залуу үед түгээн дэлгэрүүлэх, уламжлуулах ажлыг зайлшгүй зохион байгуулах учиртай” гэсэн юм.
Батламжийн эх хувийг Монголын Үндэсний музей, хуулбар хувийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёлын өвийн төв зэрэг байгууллагын удирдлагуудад гардуулав.
Ёслолын ажиллагааны үеэр “Алтай кашимер”, “Блю скай”, “Монгол нэхмэл” ХХК-иудад урласан торомны ноосон бүтээгдэхүүнийг танилцуулав. Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн “Төхөм тунгалагийн хүрэн”, Баянхонгор аймгийн “Ламын гэгээний улаан” тэмээний нэг настай торомны ноосыг самнаж бэлтгэн тусгайлан боловсруулж, ноолууртай дүйцэхүйц түүхий эдээр олон улсын түвшинд үнэлэгдэх бүтээгдэхүүнийг 2015 оноос үйлдвэрлэж эхэлжээ.
Ингэ хөөслөх нь монголчуудын малтайгаа харилцдаг уламжлалыг харуулсан цогц зан үйл. Ингэ хоёр жилд нэг удаа ботголох бөгөөд ботгоо голох тохиолдол их. Тиймээс аялгуу дуугаар дамжуулж ингэнд ботгыг нь авахуулдаг өвөрмөц арга өөр хаана ч байхгүй билээ.
Монголчууд зуун зууныг дамнан мал сүргээ адгуулан маллаж ирэхдээ малын төрөл тус бүрт тохирсон өөр өөр дохио, ая аялга хэрэглэдэг бөгөөд ингэнд ботго авахуулахад “хөөс, хөөс” хэмээх тухайлсан аялга, дуу дохиог хэрэглэж ирсэн уламжлалтай. Ийнхүү хөөслөн дуулах, хөгжмийн эгшгээр аргадах явцад тухайн ингэ өнчирсөн, гологдсон ботгыг анхандаа үл тоомсорлон хажиглаж байснаа бага багаар бишүүрхэхээ больж, эцэстээ нулимс унаган уярч, өөрийн ботго мэтээр хайрлаж эхэлдэг байна. Энэ нь монгол ардын дууны сонсголон, яруу ая эгшгийн нөлөөлөх их хүч юм. Ингийг хөөслөхдөө малчин хүн тухайн ингэ ямар аялгуунд уярч, сэтгэлзүйн ямар хариу үйлдэл үзүүлж буйг соргогоор мэдэрч, заримд нь удаан уянгалаг, заримд нь гэгэлгэн хайлган аяыг сонгон эгшиглүүлдэг байна.