Су.Батболд: Гишүүний ёс зүйн дүрмийг баталсан нь маш том дэвшил
Найман жилийн турш яригдсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан билээ. Уг дүрмийн талаар ямар бодолтой байгааг нь УИХ-ын гишүүн Су.Батболдоос тодруулан, ярилцлаа. Тэрбээр УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг санаачлагчдын нэг нь юм байна.
-Олон жил ярьсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм батлагдлаа. Энэ дүрмийг та хэр чанартай дүрэм болсон гэж үзэж байгаа тань сонин байна?
-Олон заалтад сэтгэл ханамжтай биш байгаа. Гэхдээ ёс зүйн дүрмийг баталсан нь маш том дэвшил, ахиц гэж бодож байгаа.
-УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг анх хэн санаачилж байв, энэ дүрэм батлагдахгүй удсаны учир шалтгаан нь юунд байсан юм бэ?
-УИХ-ын гишүүдийг ёс зүйн дүрэмтэй болгох асуудал 2000-2004 оны парламентын үеэс эхлэн яригдсан. 2004 оны парламент ёс зүйн дүрмийг нэлээн хүчтэй ярьсан шүү дээ. Тэр үед би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа ёс зүйн асуудлаар олон удаагийн сургалт, семинар зохион байгуулж байлаа. Мөн АНУ-ын Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй УИХ хамтарч хэд хэдэн хурал, цуглаан хийсэн. Ажлын хэсгийнхэн ч тодорхой хэмжээнд бусад улс орны парламентын гишүүдийн ёс зүйн дүрмийг судалж байлаа. Бүр АНУ-аас ёс зүйн асуудлаар мэргэшсэн зөвлөхүүд ирж зөвлөгөө өгч байсан. Харин 2005 онд одоогийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, миний бие УИХ-д ёс зүйн дүрмийн төслийг өргөн барьж байлаа шүү дээ.
Ер нь төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн асуудлыг яриад эхлэхээр болгоомжилдог тал байдаг юм байна. Маш том дүрэм, журам гарч ирээд хөдөлгөхөө болих нь гэсэн болгоомжлол төрдөг. Тэгэхээр юуг журамлах ёстой, юуг зөвшөөрөх вэ гэдэг дээр маргаан байсан учраас удсан тал байгаа байх.
-Ёс зүйн дүрмийг хүмүүс янз бүрээр ойлгож, тайлбарлаж байна. Зарим нь УИХ-ын гишүүний эрхэд халдсан дүрэм ч гэх юм. Энэ талаар?
-Ёс зүйн дүрэмтэй болно гэдэг парламент төлөвшиж байгаагийн шинж. Яагаад парламентын гишүүний ёс зүйн дүрэм байх ёстой юм бэ гэхээр, УИХ өөрөө бусад төрийн өндөр албан тушаалтан болон иргэддээ үлгэр жишээ үзүүлж байх учиртай. Энэ нь эргээд төр ариун байх нөхцлийг хангана. Мөн төр иргэний хоорондын харилцаа бат бөх байхад зайлшгүй хамааралтай. Парламентын гишүүний ёс зүй гэдэгт зөвхөн албан ажлын ёс зүйг оруулъя гэж анхнаасаа ярьсан. Өөрөөр хэлбэл, албан ажлын үед УИХ-ын гишүүн ямар ёс зүйтэй байх ёстой вэ гэдгийг журамлахаар тусгасан юм. Харин зан ааш, хувцаслалт гэх мэт зүйл нь хувь хүний ёс зүй, хүмүүжлийн асуудал шүү дээ. Үүнээс гадна, анх төсөл санаачлагчдын зүгээс ёс зүйн байнгын хороотой, дүрэмтэй байя гэдэг санал дэвшүүлсэн.
-Ёс зүйн дүрэм УИХ-ын гишүүдээс гадна ямар хүнд үйлчлэх бэ, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Анхнаасаа төсөл боловсруулахдаа төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудлыг энэ дүрмээр зохицуулахаар тусгасан юм. УИХ, Засгийн газрын гишүүн болон УИХ-д харьяалагдан ажил үүргээ тайлагнадаг албан тушаалтнууд гээд 200 гаруй хүнд хамааралтай байхаар ярьж байв. Харин одоо зөвхөн УИХ-ын гишүүдэд хамааралтай байхаар тусгалаа. Энэ нь ч зөв боллоо гэж би хувьдаа бодож байна.
Харин хүмүүс хоёр тал руу ойлгож байна. Нэг хэсэг нь ингэж ч болохгүй, тэгэх ч ёсгүй гээд хатуу хандах хэрэгтэй гэсэн байр суурьтай. Нөгөө хэсэг нь мандатаа аваад сонгогдоод ирсэн парламентын гишүүнийг ёс зүйн асуудлаар өөнтөглөх нь буруу. Энэ нь парламентыг ажлаа гүйцэтгэхэд саад болж байгаа хүчин зүйл гэж үзэж байгаа.
-Хэн нэгэн гишүүн ёс зүйн дүрмээ зөрчсөн тохиолдолд асуудлыг хэн хэлэлцэж, шийдвэрлэх үү?
-УИХ-д есөн гишүүний бүрэлдэхүүнтэй Ёс зүйн дэд хороо ажиллаж байгаа. Энэ хороо гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцэнэ. Бусад улс оронд парламентын ёс зүйн дүрмийг сахиулах газар нь байнгын хороо. Тухайн байнгын хороонд нь олон жил парламентад сонгогдсон туршлагатай, ямар нэг ёс зүйн алдаа гаргаж байгаагүй гишүүд багтдаг юм билээ.
-Ёс зүйн дүрмээ зөрчсөн нь тодорхой болсон тохиолдолд тухайн гишүүнд тийм хариуцлага тооцно гэсэн зүйл заалт байгаа юу, дүрэмд?
-Ямар нэг шийтгэл ногдуулан, хариуцлага хүлээлгэх гэхээсээ өмнө ёс зүйтэй байхад нь туслах, дэмжих зорилготойгоор энэ дүрмийг баталж байгаа юм. Тухайн гишүүн ёс зүйгүй байдал гаргавал эхлээд дэд хорооны гишүүд зөвлөж хэлнэ. Дахин алдаа гаргасан тохиолдолд сануулна. Бүр болохгүй бол тойргийнх нь сонгогчдод захидал хүргүүлнэ гэх мэт шат дараалалтай арга хэмжээ авах юм.
-Халдашгүй байдлын дэд хорооны авч хэлэлцэх асуудалтай гишүүний ёс зүйн асуудал ямар нэг байдлаар холбогдох уу, эсвэл?
-Халдашгүй байдлын дэд хороо бол тухайн гишүүн эрүүгийн болон иргэний хэрэгг холбогдох зүйл хийсэн тохиолдолд авч хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, зөвхөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэдэг, гишүүний эрхийг хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр хоёр тусдаа зүйл гэж ойлгох хэрэгтэй.