Ахмадын холбооноос МАН-д шаардлага хүргүүллээ
2016.02.03

Ахмадын холбооноос МАН-д шаардлага хүргүүллээ

МАЧХ болон  хэлмэгсдийн ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Социализмын жилүүдэд эрдэмтэн, мэргэд, лам хуварга, төрд зүтгэж явсан оюунлаг хүмүүс, гэмгүй иргэн зэрэг 100 мянга гаруй хүн  хилс хэрэг, хэлмэгдүүлэлтийн золиос болсон.

Өнгөрсөн хугацаанд МАЧХ-ны зүгээс удаа дараагийн хэвлэлийн хурал зарлан МАН-д шаардлага хүргүүлсэн хэдий ч одоог хүртэл хариу өгөөгүй гэж тус холбооны удирдлагууд мэдээллээ. Мөн хэлмэгдэгсдийн бодит тоон мэдээллийг нууцлан улсын нууцад хамруулсанд тэд бухимдалтай байгаа аж. Улсын төсвөөс хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулахаар мөнгө гаргах ёсгүй. Үүнийг нам хариуцах ёстой гэдгийг ч дурдаж байсан юм. Цагаатгах ажиллагааг удирдан, зохион байгуулах улсын комисс улсын төсвөөс 25 жилийн турш нийт 78 тэрбум 947 сая 691 мянган төгрөг  авчээ. Гэтэл хэлмэгдэгсдийн хохирлыг өнөөг хүртэл бүрэн арилгаагүй байна.

Засгийн газраас тогтоол, шийдвэр гарган хэлмэгдэгсдийн ар гэрд орон сууцны мөнгө олгоно гэсэн ч биеллээ олоогүй байна. Энэ мэт хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулах олон ажил цалгардаж, тэдний гомдлыг барагдуулах ёстой улс төрийн нам ямар ч хариу үйлдэл хийхгүй байгаад тэд гомдолтой байгаагаа илэрхийлж ирэх дөрөвдүгээр сар гэхэд нөхөн олговор олгохыг шаардсан юм. Хэвлэлийн бага хурлын үеэр хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн байр сууриа илэрхийллээ.

Тэдний шаардах бичгийн талаар МАЧХ-ны тэргүүн Г.Баасангаас дараах тодруулгыг авлаа.

Монголын Ахмадын Чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан

Өмнөх хэвлэлийн бага хурлуудын үр дүн ямар байсан бэ. Намын зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлсэн үү?

Хэвлэлийн бага хурлын үр дүн эхнээсээ гарч байна. Бид Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын төсөв, хөрөнгө, дүрэм, тогтоолын талаар мэдээлэлтэй болсон. Төрийн нууцын асуудлаас хэлмэгдүүлэлтийн асуудлыг ил болгохоор Засгийн газарт бичиг хүргүүлж, уг асуудлыг Хууль зүйн яам хэлэлцэж байна. Одоогоор нийслэл болон 21 аймгийн хэлмэгдэгсдийн судалгааг нэгтгэн гаргасан. МАН-ын зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Албан бичгийн хариуг ч өгөөгүй.

Энэ удаагийн шаардлагыг хүлээн авахгүй тохиолдолд  яах вэ?

МАЧХ-ны дэргэд Хэлмэгдүүлэлтийн асуудал хариуцсан ажлын алба гарган ажиллаж байна. 2014 оны тавдугаар сараас эхлэн хэлмэгдүүлэлтийн асуудлыг хөндөн тавьсан. Тиймээс шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд ахмадууд хэлэлцэж, дараагийн шатанд шилжин, тэмцэх болно.

Нөхөн олговрыг хэрхэн олгодог вэ?

Тухайн хүн хэлмэгдсэн гэдэг нь тогтоогдож, цагаатгалын гэрчилгээ авсны дараа Шүүхийн шийдвэрээр 1 сая төгрөг олгодог. Хүний амь насыг ийм багаар үнэлж болохгүй. Хэлмэгдүүлэлтийн үед асар их хөрөнгө хураан авсан. Орон сууц олгоно гэсэн хэдий ч манай холбоонд үүнд хамрагдсан хүн хоёр л байна. Улсын хэмжээнд 32 мянган хүнийг цагаатгасан гэсэн судалгаа байдаг. Гэвч 10 мянган хүн цагаатгалд хамрагдаагүй, мөн бичиг баримтгүй гээд буцаагдсан олон хүн бий. Тиймээс архив нээгдсэний дараа л энэ асуудлын үнэн олдож, цэг тавина гэж найдаж байна.