УИХ-ын чуулганы тойм
2016.01.29

УИХ-ын чуулганы тойм

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын зарим  гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Ерөнхий сайдын огцруулах гэж буй үндэслэл нь байгаа оноогүй байна. Энэ гэрээг байгуулж байхад хамтран төрийн төлөө зүтгэе гэсэн хүмүүс олон байсан. Тиймээс Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдыг огцруулах гэж байгаа нь улстөржсөн зүйл. Монголын төр ийм ой санамж муутай байж болохгүй”

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Миний сонгогчид Засгийн газрын тогтвортой байдлын төлөө байгаарай гэж хэлдэг. Ер нь Монголын ард түмэн үлдсэн зургаан сарын хугацаанд тогтвортой байдлыг хүсч байгаа гэж бодож байна. Энэ Засгийн газар огцрох уу, үргэлжлүүлэн байх уу? гэдгийг таван сарын дараа ард түмэн өөрсдөө шийднэ. Засгийн газрын хувь заяаг шийдвэрлэх нэг саналын эзэн болж байгаагийн хувьд Ерөнхий сайдаас нэг амлалт авмаар байна”

УИХ-ын гишүүн МАН-ын дарга М.Энхболд “Дубайн гэрээг гэрээ биш гэж их тайлбарлах юм. Энэ бол УИХ-аар баталсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилсөн төлөвлөгөө нэртэй баримт бичиг болсон. Зөвхөн энэ утгаар нь л авч үзвэл хууль дүрэм зөрчсөн асуудал.  Ярьсан ажлын тань хэрэгжилт ямар байгаа вэ? гэдгийг лавламаар байна.  Таван сарын дараа ард түмэн таниас асууна. Эдийн засгийн нөхцөл байдлаа зөв дүгнээч.

УИХ-ын гишүүн А.Бакей “Ерөнхий сайдыг огцруулах санал тавьж буй гишүүдийг би буруутгахгүй. Хамгийн гол нь Монгол улсын Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах тухай асуудал маш сайн үндэслэлтэй байх ёстой. Хариуцлагатай, нухацтай хандах хэрэгтэй. Миний хувьд огцруулах үндэслэл харагдахгүй байна. Үнэндээ энэ гэрээнд Ерөнхий сайд гарын үсэг зураагүй, хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл гарын үсэг зурсан.

УИХ-ын Д.Ганбат “Сар шинийн өмнө ийм зүйл хийх хэрэг байсан уу? Өндөгнөөс ч өө олж болох байх.  Ард түмэн ойлгодог болсон, 2-3 жилийн өмнөхөөс өөр . Хоёр, гурван жилийн өмнө ийм аргаар эхний 10-т бичигддэг байсан  байх л даа. Би эхний 10-т байнга бичигддэг, улстөрчдөөс боллоо гэж үзэж байна. Энэ арай хэтэрлээ. Ард түмнээ бодох хэрэгтэй.

Үүний дараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь дэмжлээ.