Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг
2016.01.26

Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн санаачилж энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нар танилцуулсан юм. 

Төсөл санаачлагч илтгэлдээ, Монгол Улсын төрийн бодлого нь оновчтой, алсын хараатай, залгамж чанартай, уялдаа холбоо нь хангагдсан, хууль тогтоомжид нийцсэн, стратегийн ач холбогдолтой байх нь зүйтэй гэсэн үндэслэлээр “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийн заалтыг иш үндэс болгон Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, унаган байгаль, экологийн тогтвортой байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болох юм. 

Монгол Улс урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2020, 2021-2025, 2026-2030 он гэсэн 3 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь НҮБ-аас батлан гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл санаанд суурилсан бөгөөд Монгол Улсын өөрийн онцлог, тулгамдаж байгаа асуудлуудтай нягт уялдаатай байхаар тооцож боловсруулсан. Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь 4 үндсэн бүлгийн хүрээнд нийт 45 зорилт, 18 үндсэн үзүүлэлтийг тодорхойлон, хэрэгжилтэд нь хяналт тавихаар тусгасан гэдгийг дурдлаа.

Мөн Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтэд хоёр жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дөрвөн жил тутамд хөндлөнгийн үнэлгээ хийхээр тусгасан. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын эхний үе шат 2015 онд дуусч, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 оны 9 дүгээр сард баталсан Тогтвортой хөгжлийн зорилтыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2030 он хүртэл боловсруулж, хөгжлийн голлох стратегийн чиглэлүүдийг тодорхойлж, хэрэгжүүлэх дэс дараа, үе шатыг тодорхой болгож, улс орны ирэх 15 жилийн урт хугацааны бодлогын алсын хараа, зарчмуудаа ийнхүү тодорхой болгож байгааг онцолсон юм. 

УИХ-ын гишүүн М.Батчимэг

Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр үг хэлсэн гишүүд тогтоолын төслийн хэлэлцүүлгийн явцад нухацтай хандаж бодлогын баримт бичгийн шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн нь аль болохоор хэмжиж болохуйц, хүн рүүгээ чиглэсэн байхад анхаарах нь зүйтэй, нөгөө талаар Үндсэн хуульд өөрчлөлт хийхгүйгээр үзэл баримтлал нь амьдралд хэрэгжих боломжгүй тул улс төрийн зөвшилцлийн зарчмаар асуудлыг шийдэхэд намын бүлгүүд ойлголцож төслийг намрын чуулганы хугацаанд багтааж батлах шаардлагатай гэсэн саналууд гаргажээ. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон байна. 

Тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүдийн нэрсийг авснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. 

Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ