Иргэдээ орон сууцаар хангах нь  Монгол төрийн бодлого
2016.01.14

Иргэдээ орон сууцаар хангах нь Монгол төрийн бодлого

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Гишүүд асуулт асууж дууссаны дараагаар УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.  

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Найман хувийг зээлийг зогсоох сонирхол аль нэг улстөрийн хүчинд байхгүй. 2010 оноос Батболдын Засгийн газрын үед 6 хувийн хүүтэйгээр эхлүүлсэн. Үүнийг ямар нэгэн улстөрийн нам зогсоодог асуудал биш. “Цэц”-д хэрвээ аль нэг нам нөлөөлсөн гэвэл АН л нөлөө үзүүлж чадна. Иргэдээ орон сууцаар хангах бодлого бол Монгол төрийн бодлого. Тиймээс үүнийг бид зөв хийх ёстой. Зөв үр дүнг хуулийн хүрээнд л хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Үндсэн хуулийн цэц нэг хүний халаасанд орчихсон байна. Сонгууль болох гэж байгаа үед намууд мөрөөрөө ажлаа хийж байж л ард түмнээс дүнгээ авна. Энэ бол УИХ-ын хэрэгжүүлж буй ажил. Уг асуудлыг улстөржүүлэх шаардлагагүй. Ипотекийн зээлийг зогсоосноор барилгын салбар ч, банкны салбар ч доголдлоо. Одоо харин эргээд зөв шийдвэр гарган явж байгаад баяртай байна.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Цэцээс гаргасан шийдвэр тодорхой болсон учраас цэцтэй холбон янз бүрийн зүйл ярих хэрэггүй. Ийм асуудлыг улстөржүүлэх шаардлагагүй. Тиймээс энэ асуудлыг хурдан дэмжээд байнгын хороон дээр тодруулах зүйлээ хэлэлцээд явах нь зүйтэй” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулинд тусгагдсан хэд, хэдэн үндэслэлийг дэмжихгүй байна гэдгээ илэрхийлсэн юм.  Тэрээр “Өнөөдрийн батлах гэж хуулийн талаар хэдэн хүн ярив аа. Харин энэ хуулийн дараа үр дагавар нь харагдаж буй улс төрөө хэдэн хүн нь ярьж байна вэ. Энэ хуулийг дэмжихгүй хүн энэ зааланд нэг ч байхгүй. Харин дэмжихгүй юм шиг ярьж улс төр хийдэг хүмүүс байна. Энэ бол бид хоёр нүүртэй байгаагийн шинж шүү” гэсэн юм.

Үүний дараагаар Иргэний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд 96.8 хувийн саналаар гишүүдийн дэмжлэг хүлээн “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.