Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
Засгийн газраас “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан гаргалаа. Төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаа, тэдгээрт шаардагдах хөрөнгийг улсын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн төсөв, салбарын бодлого, аймаг, нийслэлийн хөгжлийн хэтийн зорилт, макро эдийн засгийн дунд хугацааны бодлого, чиглэлд тусган гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтийг ханган ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Төлөвлөгөөг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгасан байна.
Үйл ажиллагааны төлөвлөгөөг стратегийн 6 үндсэн зорилт, түүнийг хэрэгжүүлэх 51 арга замын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг томьёолж, тэргүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлэн, хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах зардлыг нарийвчлан тооцсоны үндсэн дээр нийт 255 арга хэмжээг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эхний үе шатны ажлууд 2015 оноос хийгдэж эхэлсэн бөгөөд цаашид 2020, 2030 он хүртэл үргэлжлэн хийгдэнэ.