Мэндчилгээ
Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг
2015.12.28

Мэндчилгээ

Өнгөрч буй он бидний хувьд ногоон хөгжлийн бодлого, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалан үлдэх, байгалийн баялгаа зүй зохистой, тогтвортой ашиглах төрийн бодлого, хууль тогтоомжоо шинэчилж чадсан жил байлаа. Дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмрийг тодорхойлж, олон улсын түвшинд хамтран ажиллаж байна.

2015 онд БОНХАЖ-ын салбарын гадаад хамтын ажиллагаа өргөжин шинэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Мөн нэгдэн орсон гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийн гол тулгуур ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангаж, байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, эдийн засгийн бодлогын үзэл санаа ойлголтыг төлөвшүүлсэн төрийн үйл хэргийг түргэн шуурхай, ил тод, үр дүнтэй хүргэх зорилгоо биелүүлэн ажиллалаа.

Монгол улс анх удаа олон улсын жишгээр олон зорилтот ойн тооллогыг амжилттай зохион байгууллаа. Монгол орны шилмүүст, навчит ойг бүрэн хамарсан хэмжилт судалгаа явуулж ойн талаар өргөн хүрээг хамарсан өндөр нарийвчлал бүхий мэдээллийн сантай болсноор ойн баялагийг зүй зохистой ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулах, нөхөн сэргээх зэрэг ойн сангийн хэтийн төлөвийн чухал шаардлагатай суурь мэдээллүүд бий боллоо гэж дүгнэж байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр говийн бүсэд 119 цооногт газрын доорх усны хяналт-шинжилгээний төхөөрөмж суурилуулж, газрын доорх усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, усны нөөцийн хомсдолоос урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлснээр Монгол улс галбын 33 говийнхоо усны нөөцийг хянах боломжтой болсон.

Монгол орны түүх соёл, ахуй амьдрал, байгалийн үзэсгэлэнт газар нутгийг Дэлхий дахинд сурталчлан таниулах, олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлэн нийгэм, эдийн засаг, соёлын түвшинд тогтвортой, хариуцлагатай, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Хуучин оноо ололт амжилтаар дүүрэн үдэж, шинэ ондоо амжилт бүтээл, сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД НАМДАГИЙН БАТЦЭРЭГ