Бие даагчид Улс төрийн намуудын тухай хуулийг дэмжихээ илэрхийллээ
Бие даагчид
2016.01.11

Бие даагчид Улс төрийн намуудын тухай хуулийг дэмжихээ илэрхийллээ

УИХ дахь бие даагч гишүүд ээлжит мэдээллээ хийлээ. Тэд энэ удаагийн мэдээллээр Улс төрийн намуудын тухай хууль болон  Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудлыг онцлов. 

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Улс төрийн намуудын тухай хуулийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.  

Тэрбээр “Тус хуулийн төсөлд, 3,000-аас доош хүн амтай суурин газар намын анхан шатны нэгж байгуулахгүй байхаар тусгасан. Харин бие даагч 3,000-аас дээш хүн амтай газарт ч намын анхан шатны нэгж байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн Сонгуулийн Ерөнхий хороон дээр намуудыг бүртгэх нь зохисгүй гэж үзсэн. Нам гэдэг зөвхөн сонгуулийн төлөө байгууллага биш тул бүртгэлийг СЕХ хийх нь учир дутагдалтай гэдэгт байр суурь нэгдсэн” гэв.  

Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн тухай хуулийн эцсийн найруулгыг чуулганы хуралдаанаар эцэслэсэн. Энэ үеэр бие даагчидтай холбоотой зарим зөрчилтэй хуулийн заалтыг шийдвэрлүүлжээ. Тухайлбал, бие даагчийг дугуйлсан хэрнээ намыг дугуйлаагүй бол саналын хуудас хүчингүй болох заалтыг өөрчлүүлж, нам болон нэр дэвшигчийн аль алиныг дугуйлаагүй хуудсыг хүчингүйд тооцохоор болгосон байна.

Хяналтын тооллогод бие даагчийн төлөөллийг оруулахаар болсон зэрэг заалтыг тусгуулсан нь дараа дараагийн бие даагчид сонгуульд өрсөлдөх бололцоог нээж өгсөн гэж Ц.Даваасүрэн гишүүн хэллээ. Үүний зэрэгцээ ипотекийн зээлтэй холбоотой хуулийн төслийг дэмжих гэнэ. Түүнчлэн Эрүүл мэнд, Спортын сайдыг томилохыг шаардсан шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр тогтжээ.

Х.БОЛОРЧУЛУУН: НОЁН УУЛЫГ УХАХ БУЮУ ГАЦУУРТЫН ОРДЫГ АШИГЛАХЫГ ХОЁР ХУУЛЬ ТОГТООМЖ ГАРГАХ БАЙДЛААР ЗҮТГҮҮЛЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ноён уулыг ухах буюу Гацууртын ордыг ашиглахыг хоёр хууль тогтоомж гаргах байдлаар зүтгүүлж байна. Нэгдүгээрт, Гацууртын ордоос төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох гэж байгаа. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоогоод түүнийгээ эзэмшихгүй тусгай төлбөр гэдэг рүү шилжүүлэх хуулийг гаргасан. Борлуулалтын гуравхан хувийг Монгол Улс авахаар болж байна. Гурван хувь гэдэг бол татвар биш хураамж.

Хоёрдугаарт, Ноён уулыг тусгай хамгаалалтад авна гэсэн. Гэхдээ аливаа тусгай хамгаалалтад байгаль орчин, уул усыг авахдаа экосистемийнх нь байдлаар авдаг. Гэтэл Ноён уулыг шулуухан шулуухан шугам татаад авчихсан. Сентарра Голдын талбайг оруулалгүйгээр 10-аад км шулуун шугам татаад тусгай хамгаалалтад авчихсан. 

Энэ Засгийн газар тусгай хамгаалалтад авсан болж нүглийн нүдийг гурилаар хуурч байна. н.Оюунцэцэг гэдэг доктор 37 мянган га-гаар тусгай хамгаалалтад авахаар дүгнэлт үнэлгээгээ БОНХАЖЯ-нд өгчихсөн байсан. Гэтэл 11 мянган га болгож багасгаад лецинзтэй хоёр талбайгаа гадна нь гаргачихсан” гэв. 

Химич, хөрс судлаач, Доктор Ш.Пүрэвсүрэн “Ноён уулын асуудалд хурцаар тавигдаж байгаа энэ үед Монгол орны ирээдүйд ямар болох бол гэдэг дээр мэргэжлийн хүний хувьд маш их санаа зовж явдаг. Ноён уулын алтны нөөцтэй хэсэг газрыг 2000 оноос хойш одоогийн “Сентарра Голд” компани ашиглаж эхэлсэн үеэс би сайн мэднэ.

“Сентарра Голд”-ын охин компани “Бороо голд”-ын ашигласан талбайд Улаанбаатар хотын бүх хог, цахилгаан станцуудын хогийг ч аваачаад хийсэн ч дүүрэхээргүй том нүх үлдээгээд явж байна. Яг ийм хувь заяа Ноён уул дээр одоо давтагдах гэж байна. Ноён уулын орд, эрдэсүүд дотор хүнцэл элемэнт маш их хэмжээгээр агуулагдаж байдаг. Ноён уулын хүнцэлийн агууламж 50 мянган микро грамм. Монголын стандарт зургаан микро грамм байх ёстой. Хүнцэл бол хүний биед маш хортой бодис юм” гэлээ.