Сайдын томилгоог яаралтай хийх ёстой гэв
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун
2016.01.11

Сайдын томилгоог яаралтай хийх ёстой гэв

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бие даагчдын зөвлөл Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан уг хуулийн төсөлд 3000-аас доош хүн амтай суманд намын анхан шатны байгууллага байгуулахыг хориглосон. Энэ босгыг илүү өндөрсгөх шаардлагатай гэж тэд үзэж буй аж.

Мөн Эрүүл мэнд, спортын сайдыг яаралтай томилох ёстой гэсэн байр суурь барьж байгаагаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ тухай “Засгийн газрын тухай хуульд орон гарсан сайдын томилгоог 30 хоногийн дотор багтаан шийдэхээр заасан байдаг. Засгийн газар, УИХ хуулиа мөрдөх ёстой, хуульд заасан хугацаа дуусчихаад байна. Тийм учраас Ерөнхий сайдад шаардлага тавина” гэлээ.

УИХ-аар энэ долоо хоногт Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Эл асуудлыг дэмжих боломжгүйгээ Х.Болорчулуун гишүүн онцлов.

Тэрээр Гацууртын ордын төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай төлбөрт шилжүүлж борлуулалтын гурван хувь авахаар болж байгаа нь татвар биш, хураамж юм. 11 хувийн татварыг гурван хувь руу оруулсан нь чамлалттай. Нөгөө талаас Гацууртын ордыг ашиглахын тулд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах талбайн хэмжээг бууруулсан. 37 мянган га талбайг хамруулж Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах ёстой байтал 11 мянган га болгож бууруулсан нь хамгаалалтад авсан нэр зүүж буй хэрэг гэлээ.

Мөн Гацууртын ордыг ашигласан нөхцөлд хүнцэл гэх аюулт бодис агаарт дэгдэж хүн амьтанд асар их хор дагуулах болно гэдгийг хэлээд судлаач Ш.Пүрэвсүрэн, Р.Байгальмаа нарыг хуралд оролцуулж байгаагаа танилцуулсан юм.

Ш.Пүрэвсүрэн нь хөрс судлаач аж. Тэрээр “Ноён ууланд хүнцэлийн хэмжээ 8000 дахин их. Гацууртын ордыг ашиглахаар тэсэлж дэлбэлж эхлэхэд хүнцэл ил гарч наранд гаран улмаар бороо орж урвалд ороход асар их аюул дагуулна. Хаад ихсийг хүнцэлээр хордуулдаг байсан. Хүнцэлийн нэг чанар нь шарилыг муутгадаггүй. Энэ чанарыг нь мэдэж Ноён ууланд хүннүгийн үеийн булшийг онголсон байж болох талтай. Хүнцэл газрын гүндээ хортой биш” гэсэн юм.