Элэгний С вирусын эм Монголд орж ирлээ
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2016.01.05

Элэгний С вирусын эм Монголд орж ирлээ

Элэгний С вирусыг эмчлэх эм 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орж ирэн 12 сарын 28-ны өдрөөс эхний ээлжинд эмчилгээнд хамрагдах 1600 иргэндээ сонгогдсон эмийн сангуудаар худалдаалагдаж эхэллээ. Элэгний С вирусын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх эгнээнд жагсаж яваа манай улс ийнхүү ард түмнээ элэгний С вирусын өвчлөлөөс ангижруулах, ажлыг шинэ оны босгон дээр хийж чадлаа. Шийдлийн Засгийн газар Эрүүл мэнд, спортын яамны үе үеийн сайд нарын ажлын үр дүн өнөөдөр гарч эмчилгээ эхлэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЭМИЙН ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

Ард түмний эрүүл мэндийн төлөөх энэхүү үйл хэрэгт мэдээж Г.Шийлэгдамбын оруулсан хувь нэмэр ихээ. Г.Шийлэгдамба Эрүүл мэнд, спортын сайд болж С вирусын эмийг монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлж эмчилгээг хугацаа алдалгүй эхлүүлэх ажлыг богино хугацаанд хийж чадсан. Тэрээр монгол улсын эмийн шинэчилсэн журмыг боловсрулан Засгийн газрын хуралдаанаар оруулан батлуулсан.

Ингэснээр Монгол улс Эмийн хяналтын хатуу зохицуулалттай Европын холбооны орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг 30 хоногийн дотор оруулж ирэхээр журманд тусгасан байна. Ингэж элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй эм 30 хоногийн дотор Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдэх боломж нээгдсэн юм. 

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД Г.ШИЙЛЭГДАМБА АНУ-ЫН САН ФРАНЦИСКО, ВАШИНГТОН ХОТУУДАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Үүний дараагаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба 2015 оны 03-р сард АНУ-ын Санпранциско, Вашингтон хотуудад албан айлчлал хийх үеэрээ буюу 2015 оны 03-р сарын 04-ны өдөр Гилеад Сайнсес /Gilead Sciences/ компанийн тэргүүн дэд захирлууд болох доктор Норберт Бишофбергер, доктор Жон Мак Хачисон болон компанийн бусад эрдэмтэдийн төлөөлөлтэй уулзсан юм.Уулзалтаар "Harvoni" эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж, эмчилгээнд нэвтрүүлэхээр харилцан тохиролцоонд хүрч чадсан.

ЭМСЯ, АНУ-ЫН GILEAD SCIENCES КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Ийнхүү иргэдийн дунд их хүлээлттэй байсан элэгний С вирусийг 99 хувь устгадаг гэх “Harvoni” эмийг Монгол Улсад оруулж ирэх үйл ажиллагаа амжилттай үргэлжилж 2015 оны 06 сарын 10-ны өдөр Эрүүл мэнд, Спортын яам, АНУ-ын Gilead Sciences компанитай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон юм.

Уг ёслолын ажиллагаанд МУ-ын Засгийн газрын гишүүн, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, ЭМСЯ-ны удирдлагууд болон АНУ-ын “Гилеад Сайнсес” компанийн Хөгжиж буй орнууд ба “Хүртээмж” хөтөлбөрийн Өмнөд, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн орнуудыг хариуцсан Ахлах захирал ноён Аоран Бринкворф, мөн "Омбол" ХХК-ийн удирдлагууд, бусад албаны хүмүүс оролцлоо. Уг санамж бичгийн зорилго нь Харвони, Совалди эмийг эмчилгээнд ашиглах явдал бөгөөд аль болох богино хугацаанд, хямдралтай үнээр нийлүүлэхэд оршиж байлаа. 

ЭМСЯ-НЫ ДЭРГЭДЭХ ХҮНИЙ ЭМИЙН ЗӨВЛӨЛИЙН 2015 ОНЫ ТАВДУГААР САРЫН ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

АНУ-ын “Гилеад Сайнсес” компани С вирусыг эмчлэх ХАРВОНИ эмийг монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ албан ёсоор холбогдох хууль журмын дагуу тавьж АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад Улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлох, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн 2015 оны тавдугаар сарын хурлаар хэлэлцүүлэв.

ХАРВОНИ ЭМИЙГ УЛСЫН ЭМИЙН БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийн бүртгэлийн материал нь “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 22 дугаар зүйлд “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 13 дугаар тушаал “Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам”-ын шаардлага хангасан тул ийнхүү улсын эмийн бүртгэлд бүртгэлээ.

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан хепатитийн С вируст халдварын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний зааврын дагуу дээрх эмүүдийг эмчилгээнд хэрэглэгдэх юм. Харвони эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргасан бөгөөд үндсэн судалгаа нь 3 шатлалт эмнэлзүйн судалгааны үр дүн 96-99 хувь байжээ. Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсуудад эмчилгээнд хэрэглэж байна.

Харвони эмийн АНУ-ын зах зээл дэх нэг курс эмчилгээнийх нь үнэ 94,000 ам. доллар байдаг. Монгол улсад хзртээмж хөтөлбөрийн хүрээнд нэг сар уух эм 400 ам.доллар буюу нэг курс эмчилгээнийхийг 1200 ам.доллараар нийлүүлэхээр болсон ч Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба сайдын гавьяа.

ЭЛЭГНИЙ ЭМИЙГ АВЧИРСАН ГАВЬЯА ХЭНИЙХ ВЭ?

Элэгний эмийг монголд оруулж ирэх санаачлагыг анх НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа Дэд сайд байх үедээ гаргаж байсан гэдэг. Гэтэл тэр үед буюу Н.Удвал Эрүүл мэндийн сайд байхдаа “Бид тооцоо судалгаа хийсэн. Жилдээ 15 мянган хүнийг хамруулахад улсын төсвөөс160 тэр бум төгрөг зарцуулах юм билээ. Эмийг бүртгэх эсэхийг яам хэлэлцээд сайн судлах шаардлагатай гэж үзэн буцаасан” хэмээн мэдэгдэж үндсэндээ бүртгэл, зөвшөөрлийн ажил удааширсаар байв.

Тэрээр Ж.Амарсанааг уг эмийг илүү үнээр худалдаалах гэж байна хэмээн олонд зарлаж нэлээд асуудал үүсгэсэн. Харин эцэст нь энэ асуудлаар Ж.Амарсанаа нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандсан байдаг. Ийнхүү өнгөрсөн сарын сүүлчээр Н.Удвал түүнийг гүтгэсэн гэсэн шүүхийн дүгнэлт гарчээ. Тухайн үед үед сайд Ж.Амарсанаа Элэгний С вирусын гэмчлэх Sovaldi /софосбувир/эмийг Монгол улсад оруулж ирэх талаар судлаж ажиллаж байсан ч талаар болсон. Эрүүл мэндийн яамны хоёр сайд нь учраа ололгүй цаг хугацаа алдаж байх зуур элэгний С вирусыг эмчлэх дараагийн шинэ эм дэлхийн өдөр хөгжилтэй орнуудад бүртгэгдэж, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр монгол улсад орж ирэн эмчлүүлэгчдийнхээ гар дээр хүрч эхлээд байгаа ХАРВОНИ эм.

Ийнхүү олон жил ажил болж чадалгүй удааширч ард түмний өвчлөл нас баралтын гол шалтгаан болж байсан элэгний С вирусийг эмчлэх элэгний ХАРВОНИ эмийг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын шат дараатай шуурхай ажилласны үр дүнд эмчилгээнд нэвтрүүлж чадлаа.