Архи, тамхины татвараас орж ирэх 60 тэрбумын 34 -өөр нь ахмадуудын доод тэтгэврийг нэмэгдүүлнэ
Болгарын Софигийн их сургуулийг биологич мэргэжлээр төгссөн эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг энэ парламентад тамхи, архины хэрэглээг бууруулах, тэдэнд ногдох Онцгой албан татварыг нэмэгдүүлэх талаар хамгийн идэвхтэй дуугарч, хөөцөлддөг нэгэн.
Биологич мэргэжлийнхээ дагуу Монголын эм, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт анхдагч “Монос Групп” ХХК-ний дэд ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүнээр тодорсон эрхэм гишүүн Монголчуудыг хордуулж, нас баралтын нэгэн гол шалтгаан болдог тамхидалт, архидалтын эсрэг тууштай зогсож, УИХ-д тохой залган суугаа эрэгтэй гишүүд, тамхи, архи импортлогч томоохон компаниудын зүгээс ирэх дарамт, шахалт болгонтой тэмцсээр яваа.
Одоо түүний хувьд 2016 оны улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед архи, тамхины татварыг нэмэгдүүлэх асуудлыг биечлэн хариуцаж, зохих шатанд дэмжлэг аваад байгаа юм. Энэ асуудлаар эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэгтэй уулзаж ярилцлаа.
-Та санаачилж, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг идэвхтэй дэмжиж байгаа архи, тамхины татварыг нэмэгдүүлэх замаар ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх төсөл УИХ дээр аль хэр дэмжлэгтэй явж байгаа вэ?
-Эхнээсээ дэмжигдээд явж байгаа. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 238 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаа бөгөөд үүний 60 хувь нь буюу 97 мянган ахмад настан хамгийн бага тэтгэвэр болох 230 мянган төгрөг гар дээрээ авч байгаа. Тэтгэврийн хэмжээг ам. долларын ханштай харьцуулан үзвэл 2012 онд тэтгэврийн доод хэмжээ 180 мянган төгрөг байхад 130 ам. доллартай тэнцэж байсан бол 2015 онд 230 мянган төгрөг болж нэмэгдсэн боловч энэ нь өнөөдрийн ханшаар 115 ам. доллар болж, даруй 10 хувиар буурсан байгаа юм.
Харин тэтгэврийн хэмжээг “Атар” талхны үнээр тооцож үзвэл 2012 онд талх 600 төгрөгний үнэтэй байсан нь 180 мянган төгрөгнийхөө тэтгэврээр 300 ширхэг талх авдаг жишиг байж.Тэгвэл өнөөдөр “Атар” талх 1100 төгрөгний үнэтэй болчихсон болохоор 230 мянган төгрөгний тэтгэврээр 209 талх авах жишиг үнэ байгаа юм. Товчхондоо ахмадын тэтгэвэр 22 хувиар өссөн боловч талхны үнэтэй харьцуулахад даруй 91 ширхэг талхаар дутуу авах бодит үнийн өсөлт гарсан байна.
-Засгийн газраас оруулж ирсэн 2016 оны улсын төсөвт цалин, тэтгэврийг ганц төгрөгөөр ч нэмэгдүүлэхгүй, ард иргэдийг бүсээ улам чангаруулах төсөв яригдаж байгаа. Харин эмэгтэй гишүүд тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлнэ гэж байгаа нь аль хэр биелэгдэх үндэслэлтэй, ямар тооцоо судалгаан дээр үндэслэгдсэн төсөл вэ?
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
-Засгийн газраас оруулж ирсэн 2016 оны улсын төсвийн төсөлд цалин, тэтгэврийг огтхон ч нэмэгдүүлэхгүй, харин ч төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар хорогдуулах төсөл явж байгаа. Тэгвэл УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн зүгээс тэтгэврийн доод хэмжээ болох 230 мянган төгрөг дээр сар бүр 30 мянган төгрөг нэмэгдүүлэхэд 34 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргасан.
Төсөв, санхүү хэцүү байгаа үед энэхүү 34 тэрбум төгрөгийг хаанаас олж болох вэ гэхээр Монголчуудыг хамгийн их хордуулж, нас баралтын голлох шалтгаануудын нэг болсон архи, тамхины татвар дээр 25 хувийн нэмэгдэл нэмэхэд л архи, тамхины Онцгой албан татвараас 60 тэрбум төгрөг улсын төсөвт хөнгөхөөн ороод ирэх нь тодорхой байгаа юм. Яагаад архи, тамхины татварыг нэмэгдүүлэхээр яриад байна вэ гэвэл 2015 оны нэгдүгээр сард Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа тухайн өдрийн ханшаар тооцогддог байсан Онцгой албан татварын ам. долларын ханшийг 1450 төгрөгөөр тооцож бууруулснаас шалтгаалан өнөөдөр архи, тамхины Онцгой албан татвар автоматаар 25 хувиар буурчихсан байгаа.
Байдал ийм байгаа учир бидний зүгээс буцаагаад архи, тамхины Онцгой албан татварыг хуучин хэвэнд нь оруулахад л улсын төсөвт 60 тэрбум төгрөг ороод ирнэ гэж үзсэн. Энэ мөнгөнөөсөө л 34 тэрбумыг ахмадуудын доод тэтгэврийг сард 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхгүй бол өнөөдрийн үнийн өсөлт, амжиргааны түвшний доройтолд тэтгэврийн доод хэмжээний мөнгө авч байгаа ахмадуудын амьдрал улам бүр хэцүү болох нь, тэдэндээ Монголын төр гараа тэнийлгэх ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. Бид Төсвийн байнгын хороонд байдаг гишүүдээрээ дамжуулан энэ төслөө 2016 оны төсөвт суулгаж, УИХ-аар батлуулахын төлөө уйгагүй ажиллах болно.
-Өнөөдөр архи, тамхины Онцгой албан татвар яг тоо ширхэгтээ ямар хэмжээтэй байгаа юм бол. Тодорхой тоо хэлж болох уу?
-Болно л доо. Тухайлбал 100 ширхэг тамхинд хоёр ам. долларын Онцгой албан татвар ногдуулж байгаа. Тэгэхээр энэ татвар нь жижиглэн худалдаалах үнийн 15-16-хан хувьтай тэнцэж байгаа. Дэлхийн жишгээр бол жижиглэн худалдаалах үнийнхээ 60 хувьтай Онцгой албан татвар нь тэнцэж байх ёстой гэсэн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хүртэл байдаг юм.
Өнөөдөр Монголчуудын олонхи нь 1600 төгрөгний үнэтэй “Цагаан шонхор” тамхи татаж байгаа нь дэлхийн өөр аль ч оронд байхгүй хямдхан үнэ шүү дээ. Монголчууд ийм хямдхан үнэтэй тамхи хэмээх хорыг их багагүй татаж, уушигны хавдраар өвчилж, цагаасаа эрт нартаас буцаж байгаа нь үндэсний хэмжээний эмгэнэл болчихоод байна. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг энэ хорт зуршлаас ядаж л залуу үеэ хамгаалахын тулд 1600 төгрөгний үнэтэй тамхин дээр 300 төгрөгний Онгой албан татвар нэмэгдүүлэх хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлсэн.
Бидний өргөн барьсан хуулийн дагуу өнөөдөр 3000 төгрөгөөр зарагдаж байгаа тамхины Онцгой албан татвар нэмэгдснээр 3300 төгрөгөөр зарагдана гэсэн үг. Харин архин дээр 2015 оны нэгдүгээр сард мөн л 25 хувиар татварыг нь буулгачихсан. Тэгэхээр буцаагаад хорогдуулсан 25 хувийн татварыг нь тавьж, өнөөдөр 5600 төгрөгний архины татварыг 8000 төгрөг болгоно л гэсэн үг юм. Бидний санаачилсан хуулийн төсөл УИХ-ын чуулган дээр дэмжигдээд явж байгаа.
-Таны санаачилсан Тамхины хяналтын хуулийн хэрэгжилт эхэлж байсан үеийнхээсээ нэлээн суларсан нь ажиглагдаж байгаа. Хууль хэрэгжиж эхлэнгүүт гудамж, автобусны буудал дээл тамхи татдаг хүн байхгүй болсон. Харин одоо эргээд л гудамжаар дүүрэн тамхи зуусан залуучууд харагдах боллоо. Энэ талаар та юу хэлэх вэ?
-За тийм ээ. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт анх эхэлж байсан үеийнхээсээ ихээхэн сул боллоо гэж олон хүн ярьж, сануулж, шаадлага тавьж байгаа. Энэ хууль маань хэрэгжиж эхлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Гэхдээ энд нэг ойлголтын зөрүү яваад байгаа юм. Тамхины хяналтын тухай хуулийн хамгийн том заалт бол “Дам тамхидалт”-аас урьдчилан сэргийлэх тухай заалт юм. Өнөөдөр ажлын байран дээр юмуу, бар ресторан, хоолны газар тамхи татаж байгаа хүн байна уу, би бол байхгүй гэдэгт итгэлтэй байгаа.
Тэгэхээр Тамхины хяналтын тухай хууль 80 хувийн биелэлттэй, хангалттай сайн хэрэгжиж байгаа л гэж үзэж байна. “Дам тамхидалт” гэдэг бол тамхи татаж байгаа хүний хажууд зүгээр мөрөөрөө ажлаа хийж байгаа юмуу, бусад газар тамхи татахгүй байж байгаад хордож байгаа хүмүүсийн тухай асуудал шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн яг хүмүүсийн эрүүл мэнд рүү чиглэсэн, тэднийг хамгаалсан энэ заалт нь сайн хэрэгжиж байгаа. Харин гадаа гудамжинд юмуу, автобусны буудал дээр, орон сууцны орцонд тамхи татаж бусдын эрхийг хүндлэхгүй байна гэсэн асуудал их яригдаж байгаа.
Яг эдгээр газарт, энэ чиглэлд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт сулхан байгаа нь үнэн. Иргэдээс автобусны жолооч нар кабиндаа тамхи татаж байна, сургуулийн ойр орчимд ахлах ангийн хүүхдүүд бөөнөөрөө тамхи татаж байна, хүүхдийн тогтлоомын талбай дээр хүүхдээ салхилуулж байгаа ээжүүд нийлээд тамхи татаж байна, автобусны буудал дээр хэнэггүй эрчүүд тамхи татаж хүүхэд залуучуудыг уруу татаж байна гэсэн шүүмжлэл, гомдол их ирж байгаа.
Хэрвээ бид Тамхины хяналтын тухай хуулийн заалтаа яс бариад явчих юм бол өнөөдөр нийгэмд хүлээгдсэн, олны эрх ашгийг хамгаалсан сайн хууль л даа. Харин хэрэгжүүлэх, хяналт тавих ёстой албан тушаалтнууд нь ажилдаа эзэн болохгүй, ажлаа хийхгүй байгаагаас шалтгаалан энэ хууль тодорхой хэсэг дээр, тодорхой орчинд хэрэгжихгүй, хяналт шалгалт муу байгаа зүйл бий. Миний хувьд энэ хуулийнхаа араас байнга хөөцөлдөж, төрийн албан хаагчдад байнга албан бичиг, сануулга илгээж, хөдөө орон нутгийн Засаг дарга нарт байнга шаардлага тавьж байдаг.
Үүний хүчинд ч гадаа орчинд тамхины цэг байгуулах бүх хариу, албан тоотууд ирсэн байх жишээтэй. Ер нь архи, тамхины хуулийн бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд гардаг гол үр дүн таван жилийн дараа мэдрэгддэг гэсэн дэлхийн жишиг байдаг. Монгол Улсын тухайд ОХУ, БНХАУ-аас харьцангуй түрүүлж архи, тамхины хяналтын тухай хуулийг батласан нь бидний хувьд амжилт гэж үзэх ёстой юм. Тэр ч утгаараа Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Тамхины хяналтын тухай хуулийг сайн хэрэгжүүлж байгаа орон” гэсэн шагналыг Эрүүл мэндийн яаманд гардуулсан нь бидний санаачилж батлуулсан хууль цагаа олсон, хэрэгжилт нь сайн байгаагийн бас нэгэн нотолгоо юм.
-Ер нь архи, тамхины Онцгой албан татвараас Монгол Улсын төсөвт хэд орчим тэрбум төгрөг төвлөрдөг юм бол?
-2014 онд арх, тамхины Онцгой албан татвараас нийтдээ 312 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байдаг. Харин 2015 оны нэгдүгээр сард дээрх Онцгой албан татварт өөрчлөлт оруулж, архи, тамхины татварыг 25 хувь бууруулснаар энэ онд нийдтээ 250 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрч, архи, тамхины үйлдвэрлэгч, импортлогч нарт 62 тэрбум төгрөгийн татвараас хэмнэсэн ашиг очих нь тодорхой болсон.
Тиймээс архи, тамхины Онцгой албан татварын хэмжээг 2014 оны хэмжээнд нь хүргэж нэмэгдүүлснээр 62 тэрбум төгрөгийг 2016 оны төсөвт төвлөрүүлэх боломжтой болно. Өнөөдөр тэтгэврийн доод хэмжээ 230 мянган төгрөг авч байгаа ахмадуудын тэтгэврийг сард 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд сард 2.9 тэрбум, жилдээ 34.9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Бид энэ саналаа Засгийн газарт хүргүүлсэн.
-Автобусны буудал дээр “Тамхи татах цэг” гээд баахан шилэн байшин бариад орхичихсон. Өнөөдөр ч ашиглагдахгүй байгаа. Төсөв мөнгө хэцүү байхад энэ шилэн байшингууд нь хэн гээч даргын бизнес байсан юм бол?
-Энэ шилэн байшингуудыг анх баригдаж эхлэнгүүт нь л би эрс эсэргүүцэж байсан. Эхнээс нь нийслэлийн удирдлагууд, НИТХ-д мэдэгдэл хүргүүлж, “Энэ шилэн байшингууд хэний бизнес вэ, ямар учиртай юм” гэж олон удаа шаардлага хүргүүлсэн ч огтхон ч тоож үзээгүй, хүлээж аваагүй. Нийслэлийн төсвөөс 300 сая төгрөг гаргаж, нэгийг нь 14 сая төгрөгөөр байгуулсан ийм шилэн тамхи татах цэгтэй улс орон дэлхийд өөр байхгүй.
Дэлхийн хотуудын жишгийг харахад гадаа орчинд сандал тавиад, хажууд нь хогын савтай тийм л цэгүүд байдаг. Харин хажууд нь тамхи татахыг зөвшөөрсөн тэмдэг заавал байрлуулсан байдаг юм билээ. Тэр бүгдэд 100 мянган төгрөгөөс хэтрэхгүй л зардал гарна шүү дээ. Гэтэл улс орны эдийн засаг, санхүүгийн байдал базаахгүй байхад өнөөдөр ч ашиглагдахгүй байгаа ийм олон шилэн байгууламж барьж, төсвийн мөнгийг салхинд хийсгэж байгааг эрс шүүмжилж байгаа. Энэ бол цэвэр мөнгө угаасан гэмт үйлдэл гэж би харж байгаа.
Анхнаас нь би “Ийм цэг байгуулуулахгүй шүү. Би та нарыг АТГ-т өгнө шүү гэдгээ маш тодорхой хэлсээр байхад харамсалтай нь тэдгээр хүмүүс улайран дайрсаар ийм цэгүүдийг байгуулчихсан. Угаасаа мөнгө угаах гэж, төсвийн мөнгөнөөс хулгайлах гэж улайрч хийсэн болохоор ерөөсөө л ажиллах боломжгүй гэдэг нь өнөөдөр тодорхой болсон. Би удахгүй энэ талаар Аудитын газарт өргөдөл гаргаж шалгуулна.
-Яг энэ асуудлаар хотын дарга Э.Бат-Үүлд хандаж үзсэн үү?
-Ерөнхий менежер Б.Бадралд хандаж үзсэн. Энэ байшингуудыг “Улаанбаатар бизнес хөгжлийн төв” гэх байгууллага захиалж хийлгүүлсэн юм билээ. Одоогоор Улаанбаатарын 20 байрлалд 300 сая төгрөг зарлагадан хийлгэсэн эдгээр шилэн барилгууд цоожтой л хэвтэж байгаа. н.Баярсайхан гээд мөнгө захиран зарцуулах эрхтэй даргыг нь барьж эхлэхээс нь өмнө өрөөндөө дуудаж уулзаад “Та нар цэвэр мөнгө угаах зорилгоор ийм башингууд барих гэж байна. Би үүнийг чинь эрс эсэргүүцнэ шүү” гэж хэлсээр байхад дур мэдэн байгуулсан. Тийм учраас эдгээр хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцуулах ёстой.
-Таны хувьд Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг багагүй хөөцөлдөж “Цэвэр агаар сан”-гийн ажлыг дэмжиж байсан гишүүдийн нэг. Одоо ер нь энэ ажил аль хэр явж байгаа бол?
-Яг өнөөдрийн тухайд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн ажил бараг л зогсолтын байдалтай, тун тааруухан явж байгаа гэж хэлнэ. Миний хувьд энэ талаар Засгийн газарт байнга шаардлага тавьдаг. 2016 оны төсөвт Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах талаар огт мөнгө суугаагүй.
Бид 2012,2013 онуудад “Цэвэр агаар сан”-д 30 орчим тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Тэгвэл хуучин удирдлагууд нь мөнгө завшсан хэргээр “Цэвэр агаар сан”-г Шийдлийн Засгийн газар татан буулгаж байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг энэ Засгийн газар юу ч хийхгүй гэсэнтэй л адилхан болж байна.
-Өнгөрсөн хугацаанд зарцуулсан тэрхүү 30 тэрбум төгрөг хэдхэн албан тушаалтны гараар ороод, нэг ёсондоо ямар ч үр дүнгүй салхинд хийсчээ дээ?
-Шууд бас тэгж дүгнэж болохгүй. Өнгөрсөн хугацаанд зарцуулсан мөнгө зохих үр дүнгээ өгсөн юм шүү. “Утаагүй зуух” төсөл үндсэндээ хэрэгжээд дууссан. Хоёрдугаар шатанд “Утаагүй түлш”-ний үйлдвэрт оруулсан 13 тэрбумын хөрөнгө оруулалт ёстой л “салхинд хийсээд” алга болсон. УИХ дахь агаарын бохирдлыг хариуцсан гишүүний хувьд хэлэхэд Шийдлийн Засгийн газар Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тун хангалтгүй ажиллаж байгааг хэлэх ёстой.