Төв салбар шилдэг санхүүчдээ тодрууллаа
Салбарын бүх гишүүдийн хурал
ММНБИ-ийн Төв аймгийн салбар бүх гишүүдийн хурлаа 2015 оны 12-р сарын 11 нд хийлээ. Хурлаар салбарын 2015 оны үйл ажиллагааны тайланг Салбарын дарга Б.Саруул танилцуулж, 2016 онд хийх ажлын төлөвлөгөө, 2016 оны орлого, зарлагын төсвийг хэлэлцэж баталлаа. Хяналтын зөвлөлийн гишүүд салбарын 2015 оны санхүүгийн тайланд хяналт хийсэн тайлангаа танилцуулав.
Мэргэшсэн нягтлан бодогч нарын дунд дардас, ширээний теннисний тэмцээн зохион байгуулж дардсын тэмцээнд МНБ Т.Баясгалан, ширээний теннесийн тэмцээнд МНБ Ч.Мөнхтуяа нар тэргүүлэв.
Төв аймгийн оны шилдэг санхүүчид
Мөн энэ үеэр бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны өдрийг тохиолдуулан 2015 оны санхүүгийн шилдгүүдээ тодрууллаа. Оны шилдэг Мэргэшсэн нягтлан бодогчоор Алтанбулаг сумын Төрийн сангийн мэргэжилтэн Н.Нямдорж, шилдэг аудитороор “Тэд-од Аудит” ХХК-ийн захирал Я.Дашдаваа, Аж ахуй нэгжийн шилдэг нягтлан бодогчоор “Илт гоулд” ХХК-ийн нягтлан бодогч Б.Мөнхчимэг, Төсвийн байгууллагын шилдэг санхүүчээр Баяндэлгэр сумын санхүү тасгийн дарга Д.Нарангэрэл, Банкны шилдэг ажилтнаар Хас банкны харилцагчийн мэргэжилтэн С.Саруул–Ундрах, Татварын шилдэг улсын байцаагчаар Эрдэнэсант сумын татварын улсын байцаагч С.Саран, шилдэг статистикчаар Баянцогт сумын Төрийн сангийн мэргэжилтэн Б.Долгорсүрэн нар шалгарлаа.
Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр мэргэшсэн нягтлан бодогч Я.Дашдаваа, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн хүндэт тэмдэгээр мэргэшсэн нягтлан бодогч Н.Отгонбаяр, Ч.Мөнхтуяа, Б.Оюунцэцэг нар шагнагдлаа.