Япон, Хятадын хиймэл арлууд буюу ирээдүйн тэнгисийн тулааны талбар
2015.12.30

Япон, Хятадын хиймэл арлууд буюу ирээдүйн тэнгисийн тулааны талбар

Сүүлийн үед хятадууд Өмнөд Хятадын тэнгисийн бичил шүрэн арлуудыг хүчтэй газар ухагчийн тусламжтай далайн ёроолын элсээр булан, томруулж хиймэл арал хийх болсон. Цаашид эдгээр арлаа цэргийн объект болгоод зогсохгүй нисэх зурвас барих зорилго өвөрлөж байна.

Эзгүй бичил арал хэнд, юунд хэрэгтэй гэж?

Тэгвэл саяхнаас АНУ-ын эртний холбоотон, Хятадын хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох Япон улс хятадуудын жишгийг дагаж эхэлжээ.

... Япончууд Филиппиний тэнгис дэх Окиноторишима нэртэй эзгүй бичил арлыг өргөтгөхөөр болжээ ...

Гэхдээ Окиноторишима нь далайн таталтын үеэр усны мандалд гарч ирдэг хоёр хадан асга төдийхөн тул арал гэж үзэхэд хэцүү. Гэсэн ч япончууд үүнийг газар нутгийнх нь Өмнөд хязгаар гэж үздэг. Харин хятадуудын хувьд энэ нь далайн хадан цохио төдий учир арал биш, тиймээс Японд харьяалагдах учиргүй гэж үздэг.

Окиноторишимагийн байрлал

Япончууд арлыг төмөр хавтан дээр өргөтгөхөөр шийджээ. Төслийн ажлыг Кумежима арал дээр байрлах далайн гүний судалгааны төвд хийж байгаа бөгөөд жилийн дараа гэхэд Окиноторишимад буцааж аваачих юм байна.Окиноторишима нь сүүлийн жилүүдэд уснаас ил гарах нь ховордсон. Тиймээс япончууд арлыг аврахын тулд өргөтгөж байгаа нь ямар нэгэн улс төрийн агуулгагүй бөгөөд цэвэр экологийн зорилготой гэж тайлбарлаж байна.  Хэрэв энэ төсөл амжилттай дуусвал устахад ойрхон байгаа бусад арлуудыг ч ийм байдлаар өргөтгөж болно гэдгийг харуулсан ажил болох юм. Сүүлийн үед шүрэн арлууд олноор устаж байгаа нь дэлхийн хэмжээний асуудал болсон бөгөөд 1970-аад оноос хойш дэлхийн шүрэн арлуудын 40% нь устжээ.

... Хэрэв Япон АНУ-тай хамтраад Хятадтай дайтвал Окиноторишима арал нь уг тэнгисийн тулааны үед стратегийн чухал цэг болох юм ...

Тиймээс Бээжин Японы эрх баригчдыг цэргийн объект барьж байна гэж сэжиглэж буй аж.

Япончууд арлыг ингэж өргөжүүлдэг

Түүнээс гадна Окиноторишима нь Өмнөд Хятадын тэнгисээс Хятадын цөмийн шумбагч онгоцнууд Америкийн баруун эрэгт эргүүл хийдэг Номхон далайн хэсэг рүү хүрэх замд оршдог.

Түүнчлэн арал гэхээс илүүтэй арлыг тойрсон 200 миллийн радиустай эдийн засгийн бүс чухалд тооцогдож байна. НҮБ-ын Далайн эрх зүйн тухай Конвенцийн 121 дүгээр зүйлд эдийн засгийн бүс зөвхөн арлын эргэн тойронд байж болно гэж заажээ. Гэхдээ далайн хадан асга гэж чухам юу болох, арлаас юугаараа ялгаатайг нарийн заагаагүй. Үүнээс болж төрөл бүрийн тайлбар, маргаан гардаг.

Мөн Австралийн баруун болон хойд эргээс Япон руу түүхий эд зөөдөг маршрутаас холгүй байдаг зэрэг газарзүйн байршлаас хамаарсан батлан хамгаалах, эдийн засгийн томоохон ашиг сонирхол нуугдаж байх үндэстэй.

Нуруу, нуруугаа харсаар байх уу?

Сүүлийн саруудад Хятад, Японы харилцаа зөөлөрсөн ч сайн хөршүүд болсон гэхэд учир дутагдалтай. Азийн хамгийн том эдийн засаг бүхий хоёр улсын тэмцэл зөвхөн хиймэл арлаар хязгаарлагдахгүй, газрын маргаан ч байсаар байна. Хятад, Япон хоёр Өмнөд Хятадын тэнгис дэх Сенкаку (хятадаар “Дяоюйдао”) арлыг булаацалддаг. Уг нь арал Японд харъяалагддаг ч хятадууд манай газар нутаг гэж үздэг.

Хятад маргаантай газар нутгийн талаар бодлого явуулж байх хооронд Япон улс батлан хамгаалахын зардлаа өсгөж байна. Японы шинэ төсөв ирэх жилийн дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Энэ удаа батлан хамгаалахын зардлаа 1,5  хувиар өсөж, түүхэндээ анх удаа 5 их наяд иенээс давахаар байна. 41,8 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний энэхүү зардал нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2012 онд засгийн эрх авснаас хойш цэрэг дайны зардлыг өсгөж байгаа дөрөв дэх тохиолдол болж байна.