Дэлхийн шинэ дэглэм буюу “бүгдийн эсрэг бүгд”
Оросын Эдийн засгийн Их сургуулийн дэргэдэх “Гадаад бодлогын судалгааны төв”-ийн геополитик судлаачид 2015 онд манай гараг дээр болсон үйл явдлууд Дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон олон улсын харилцааны системийг өөрчилж, шинэ дэглэм тогтоолоо гэсэн дүгнэлт хийжээ. Үүнд дараах хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ.
Хятадын сэргэлт
Олон улсын харилцаан дахь Хятадын үүрэг эрс өсөж, ирээдүйн шинэ хэт гүрэн, АНУ-ын хүчтэй өрсөлдөгч болох магадлалтай боллоо. Дэлхий дахинд Хятадын байр суурь бэхжихэд тус улсын улс төрийн авторитари систем нэмэр болжээ. Ийм систем нь барууны ардчилсан орнуудыг бодвол тавьсан зорилгодоо илүү хурдан хугацаанд хүрэхэд нөөц бололцоогоо үр дүнтэй ашиглах боломжийг Хятадад олгосон гэж судлаачид үзэж байна. Өнөөдөр Бээжингийн нөлөө Зүүн өмнөд Ази, Африкт төдийгүй Төв Азид хүчтэй мэдрэгдэж, ОХУ-ын сонирхолтой уулзалдав.
Саяхныг хүртэл шинжээчид энэ бүс нутагт Орос, Хятадын сонирхол зайлшгүй зөрчилдөнө гэж үзэж байсан ч одоохондоо хоёр тал үүнээс зайлсхийж байна.
Хэрэв Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” В.Путины “Евразийн эдийн засгийн хамтын ажиллагаа” төсөлтэй хосолж чадвал Хятад, Оросын стратегийн түншлэл дэлхийн шинэ дэглэмийн нэгэн туйл болж мэдэх юм.
Энэ тохиолдолд Бээжин өөрийн эдийн засгийн хүчинд түшиглэж, харин Москва улс төр, дипломатын нөөц боломжоо ашиглах болно. Энэ санаа биелэх эсэхийг зөвхөн цаг хугацаа харуулна.
АНУ-ын сулрал
Энэ хандлага олон жилийн өмнөөс эхэлсэн ч сүүлийн 3-4 жилд мэдэгдэхүйц болж ирлээ. 2003 оны дараагаар хүч чадлынхаа оргилд байсан АНУ нь Афганистан, Ирак, Ливи дэх дайнуудад бодлогогүй хутгалдсанаас болж, нөлөөгөө алдаж эхлэв. Бүс нутгийн мөргөлдөөнүүдэд хөндлөнгөөс оролцох болгондоо Америкчууд бүтэлгүйтсэний улмаас үүнд зарцуулсан маш их хэмжээний мөнгө салхинд хийсэв. Нөгөө талаас одоо болтол хор уршиг нь арилаагүй байгаа 2008 оны эдийн засгийн хямрал барууны эдийн засгийн хөгжлийн загвар цорын ганц зөв зам биш гэдгийг харуулав.
Афганистан дахь АНУ-ын цэргүүд. 2012 он.
Ойрхи Дорнодын дарьтай торх дэлбэрэв
Эдүгээ Ойрхи Дорнодод өрнөж буй үйл явдлууд болно гэдэг нь эртнээс мэдэгдэж байв.
Лалын түүх, соёл, шашны шалтгаануудаас үүдэж, орчин үеийн дэлхийн өөрчлөлттэй эвлэрч чадаагүй учраас бүс нутгийн Лалын орнууд хөгжлийн зогсонги байдалд оров.
Олон жил далдуур бугшиж байсан зөрчлүүд дөрвөн жилийн өмнө “Арабын хавар” хэлбэрээр ил болж, Ойрхи Дорнодыг дэлбэлэв. Энэ үйл явц 17 дугаар зууны Европ дахь “30 жилийн дайн”-ы адил хэдэн арван жил үргэлжилж болох юм.
Арабын хавар
2015 онд ОХУ энэ үйл явцад хөндлөнгөөс оролцож, Сирид алан хядагчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн нь хэд хэдэн шалтгаантай байв. Нэгдүгээрт, ОХУ лалын хэт даврагсадын үйл ажиллагаа Оросод газар авахаас өмнө үүрэнд нь устгахыг зорьсон. Хоёрдугаарт, Ойрхи Дорнодын баялгаас өөрийн хувийг хүртэхийг хүссэн. Гуравдугаарт, өөрийн байр суурийг дэлхийн тавцанд бэхжүүлж, олон нийтийг зоригжуулах зорилго өвөрлөсөн юм.
Украйны хямрал
Украйн нь бүрэн бус төрт улс (failed state) болж хувирсан нь хамгийн том эмгэнэл болов. Тиймээс энэ улсыг евро интеграцид нэгтгэх боломжгүй болжээ. Оросууд Крым, Донбассын төлөө багагүй золиос гаргасан ч 2014 онд хамгийн их зовлон амссан хүмүүс бол Украйны ард түмэн. Олон жилийн туршид ойр дотно нөхөрлөсөн ОХУ, Украйн хоёр эвдрэлцэж, ОХУ-ын баруун хил орчим тогтворгүй, дайсагнасан улс болж үлдэв.
Киевын Тусгаар тогтнолын талбай. 2014 он.
1991 онд тусгаар тогтносон Украйн улсын гол асуудал нь тус орны улс төр, эдийн засгийн тогтолцооны доройтол, ухралт байлаа. Украйнд улс орондоо хөгжлийн зөв зүйтэй чиглэл өгөх чадвартай элитийн давхарга бүрэлдэж чадсангүй.
Европын мөхөл
Хөгшин тив одоогоор гарц шийдэл нь тодорхойгүй түүхэн хямралд ороод байна. Үүний нэг шалтгаан нь үр дүнгүй, хоцрогдсон, шинэтгэх шаардлагатай нийгмийн тогтолцоо юм.
Дэлхий ертөнц Европын замаар хөгжихөөс татгалзаж байна. Зөөлөн хүч, соёлын нөлөө, эдийн засгийн тусламжаар нөлөөлөх стратеги, түүнчлэн юу ч болж байсан, ямар ч тохиолдолд буулт хийх эрмэлзэл нь эцэстээ Европын эрх баригчдыг мухардалд оруулав. Үүний нэг илрэл болж, Европчууд зөөлөн хүчээр Украйныг өөртөө нэгтгэх гэсэн оролдлого нь Оросын хүчний бодлоготой мөргөлдөв. Өнөөдөр Европын элитүүд юу хийхээ мэдэхээ байж, сонгогчдын санаа бодлыг ойлгохоо болив. Үүний улмаас дүрвэгсэдтэй холбоотой хямрал нүүрлэв.
Шинэ ертөнц
Дэлхий дахинд яг л үер шиг хяналтгүй өрнөж буй үйл явцуудаас айсан улс орнууд амь амиа бодож, олон улсын харилцаан дахь бие даасан төрт улсын үүрэг дахин сэргэв. ОУВС, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг үндэстэн дамнасан байгууллагуудын нөлөө унаж байгаа энэ үед даяарчлалын талаар ярих хүмүүс цөөрөв. Дэлхий ертөнц санаандгүй байдлаар “Бүгдээрээ бүгдийн эсрэг” хэмээх зарчим үйлчилж байсан 17-18 дугаар зууны үед эргэж очлоо.
Нөгөө талаас, хачирхалтай нь хүн төрөлхтөн илүү чөлөөтэй болов. Учир нь мэдээллийн хувьсгалын хүчинд дэлхийн орнуудад, тэр байтугай дарангуйллын дэглэмтэй улсуудад улс төрчдийн шийдвэр олон нийтийн санаа бодлоос хамаардаг болоод байна. Одоо үед дэлхийд хүчирхийлэл багасаж, хүн төрөлхтөн илүү соёл иргэншжээ.