Испанийн парламентын сонгуульд нэг настай нам 22 хувийн санал авав
Энэ сарын 20-ны өдөр Испанид болж өнгөрсөн парламентын сонгууль ер бусын үр дүнтэй дуусч тус улсын ардчиллын 38 жилийн түүхэнд анх удаа нэг ч нам парламентад олонхийн суудал авч чадсангүй. Ингэснээр дөрвөн нам парламентад орохоор болж өнөөгийн Засгийн газрын тэргүүн Марион Рахойгийн консерватор намын ноёрхолд төгсгөл ирэв.
Улс оронд хямрал үргэлжилж байгаа өнөөгийн нөхцөлд консерваторууд мандатны бараг тал хувийг алдаж зүүний хоёр намаас хэдхэн хүний илүүтэй суудал авчээ.
Podemos (“бид чадна”) нэртэй, дөнгөж 2014 онд байгуулагдсан намд сонгогчдын 22 хувь саналаа өгсөн нь ажиглагчдыг гайхшруулав. Харин тэдний өрсөлдөгч, бас зүүний үзэлтэй “Ажилчны социалист нам” 20,5 хувийн санал авсан байна. Саяхан Испаниас салан тусгаарлана гэж байсан Каталоны оршин суугчид бараг тэр чигээрээ зүүний намуудад саналаа өгчээ. Гэхдээ энэ нь зүүнийхэн салан тусгаарлагчдыг дэмжиж байна гэсэн үг биш юм. Podemos намын дарга Пабло Иглесиас салан тусгаарлагчдыг дэмжинэ гэж хэлээгүй ч энэ асуудлыг хэлэлцэх болох юм гэсэн агуулгаар ярьжээ. Харин бусад улс төрийн хүчнүүд Каталоний тусгаар тогтнолыг эрс эсэргүүцэж байгаа.
Эдгээр эсэргүүцэгчийн нэг, Podemos-ын адил саяхан бий болсон Ciudadanos («Иргэд») нэртэй либерал хөдөлгөөн энэ удаагийн сонгуулиар 15 хувийн санал авчээ. Ciudadanos нь Испанид төвийг сахисан улс төрийн хүчин болж гарч ирсэн. Гэхдээ уг хөдөлгөөн үндэсний түвшинд дээгүүр санал авсан нь сонгогчид өнөөгийн төрийн бодлогод урам нь хугарсных гэж судлаачид үзэж байна.
Шинэ улс төрийн хүчнүүд Испанид хүчтэй болсны нэг нотолгоо нь кампанит ажлын үеэр Ерөнхий сайд Марион Рахой Podemos, Ciudadano хоёрын аль алинтай нь мэтгэлцэхээс татгалзсан явдал юм. Энэ хоёр намын дарга нарын нэг нь 36, нөгөө нь 37 настай. Харин Марион Рахой тэднээс хоёр дахин хөгшин.
Испаний парламентад орсон консерваторууд, социалистууд, Podemos, Ciudadano гэсэн улс төрийн дөрвөн хүчин хоорондоо эвсэл байгуулах болно. Учир нь эдгээрээс аль нь ч дангаараа эрх барих хэмжээнд санал аваагүй.
Ажиглагчдын таамаглаж буйгаар Марион Рахой Ерөнхий сайд хэвээр үлдэхийн тулд социалистуудтай эвсэл байгуулж магадгүй. Гэхдээ Испанийн энэ удаагийн сонгууль тус улсын улс төрийн тогтолцоо ахмад, шинэ залуу үе гэсэн хоёр хэсэгт хуваагдсан учир улс төрийн амьдрал өмнөхөөсөө тэс өөрөөр өрнөнө гэж судлаачид үзэж байгаа.
Харин Испаний сонгуулийг Францад болсон орон нутгийн сонгуультай харьцуулахад тун сонирхолтой дүр зураг бий болж байна. Юу гэвэл Испаний сонгогчид хэт зүүнийхэнд саналаа өгч байхад Францчууд хэт барууныханд урьд өмнөхөөсөө илүү санал өгчээ.