УИХ-ын дарга захирамжаа хэрэгжүүлэхгүй байна
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд
2015.12.18

УИХ-ын дарга захирамжаа хэрэгжүүлэхгүй байна

УИХ-ын нэгдсэн хуралдаанд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Сонгуулийн хуулийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, цаг алдахгүй хэлэлцэхийг шаардсан юм. Тэрээр "Сонгуулийн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын гишүүдийн 80 хувь нь дэмжсэн. Гэтэл хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй 20 гаруй хоног өнгөрөөж байгаагаараа УИХ-ын дарга бүрэн эрхээ хэтрүүлж байна. УИХ-ын дарга бол хурлыг удирдаж зохион байгуулах үүрэгтэй. Энэ төслийг оруулж ирэхгүй байгаа нь цаг хожих гэсэн арга" гэв.

Мөн тэрээр энэ үеэр Сонгуулийн хуулийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж,  2015 онд багтааж Сонгуулийн хуулийг батлахаар заасан арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн УИХ-ын даргын захирамжийг сануулав.

Энэ  талаар МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ "Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдахгүй байна. Ажлын хэсгийн даргын эзгүйд хурлын зар тараах төдийгөөр цаг их алдаж байна. Өнөөдөр гадна талд улс төрийн намууд сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шаардаж байна. Ард түмэн сонгуульд өгсөн саналдаа итгэл үнэмшилтэй байх бололцоог УИХ бүрдүүлээд өгөөч гэсэн шаардлагыг тавьж байна.

Хар машинаас гадна гараар хяналтын тооллого хийдэг болъё гэсэн санал тавьж байна. СЕХ-ны дарга саналыг гараар давхар тоолох байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Ард түмэн төрийн эрхийг барина гэж Үндсэн хуульд заасан. Тэгэхээр ард түмнийг төрийн эрхийг барих үйл явцдаа өөрсдөө итгэл үнэмшилтэй оролцох нөхцөл боломжоор хангаж өгөх хэрэгтэй. Ганцхан бид ч биш улс төрийн 22 намын 21 нь энэ тухай ярьж, саналаа хэлж байгаа. АН л үүний эсрэг байр суурьтай байна" гэв.