2015.12.17

Улс төрийн намын оршин тогтнох гол шалтгаан нь сонгуульд оролцох юм

“Сонгуулийн Eрөнхий Хороо”-ны  Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа

Сонгуулийн багц хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад явагдаж буй сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад  2011 онд батлагдсан “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай” хууль, 2012 онд батлагдсан “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай” хууль, “Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, “ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай” хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж байна.   

Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүд гээд 4 хэсэг төсөл Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явагдахаас өмнөх 6 сарын дотор сонгуулийн хуулийг өөрчлөх, нэмэлт оруулахыг хориглодог. 

Сонгуульд өрсөлдөж буй нам, эвсэл, нэр дэвшигчид Сонгуулийн хуулийг дагаж мөрдөж байгаа эсэхэд СЕХ хяналт тавьж ажилладаг уу? Тийм чиг үүрэг хүлээсэн байгууллага мөн үү?

Сонгуулийн Ерөнхий Хороо нь сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих нь боломж бололцооны хувьд хүндрэлтэй. Гэвч Сонгуулийн хууль тогтоомжид заасан эрх үүргийг хангуулах үүднээс зөвлөмж гаргах, шаардлага, албан бичиг  хүргүүлэх, уулзалт хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага хүлээлгэх тухай дээр дурдсан хуулиудад тус тусад нь тусгасан байдаг.

Үе, үеийн сонгуулийн үр дүн  хэр шударга явагдсан гэж үзэх вэ? Ямар шалтгаанаар ингэж үзэх болов?

Сонгуулийн санал хураалтын үр дүнг тооцон гаргах талаар сонгуулийн хууль тогтоомжид тодорхой тусгасан байдаг. 2012 оны УИХ-ын сонгуулиас өмнөх 2 сонгуулийн үеэр сонгуулийн дүн гаргах, баталгаажуулах ажилд зөрчил гаргасан тохиолдол гарч байсан. Тухайн үед сонгуулийн тойрог, салбар, хэсгийн хороод сонгуульд оролцож буй нам, эвслийн төлөөллөөс бүрддэг байсан учраас Сонгуулийн хорооны шийдвэрийг өөрсдийн намын эрх ашигт нийцүүлэхээр хурал хаяж явах, шалтгаангүйгээр ажил таслах, тогтоолд гарын үсэг зурахгүй байх зэрэг зөрчил дутагдлууд хаа сайгүй гарч байв.

Харин 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн сонгуулийн бүх шатны хороодод төрийн албан хаагчид ажилладаг болсон

Харин 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн сонгуулийн бүх шатны хороодод төрийн албан хаагчид ажилладаг болсон. Дээрх төрлийн зөрчил дутагдал гаргахгүй үүднээс хуульд зохицуулалтуудыг тусгаж өгсөн. Төрийн албан хаагчидтай тооцох хариуцлагын асуудлыг чангатгасан тул харьцангуй хариуцлага нь өндөржсөн. Түүнчлэн тухайн үед хэсгийн хорооны гишүүд саналын хуудаснаас сонгогчийн тэмдэглэсэн саналыг дуудаж тэмдэглүүлэх үедээ өөр намын нэр дэвшигчид саналыг нэмэх, хасах, хэсгийн хорооны хуралдааны тэмдэглэл, тогтоолд дүнг алдаатай тусгах, саналын хуудас болон сонгуулийн баримт бичгийг дээд шатны сонгуулийн хороонд хүргүүлэх үеэр зарим улс төрийн намын хүмүүс булаах, устгахыг оролдох зэрэг тохиолдлууд гарч байсан.

Үүнээс гадна сонгогчийн бүртгэлийн асуудал учир дутагдалтай хийгддэг байснаас болж “Нэг сонгогч-нэг санал” гэдэг зарчим алдагдаж, нэг сонгогч хэд хэдэн сонгуулийн хэсэгт санал өгөх, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэхгүй орхигдож санал өгөх эрхээ эдэлж чадалгүй хоцрох, албан байгууллага, хамт олноор нь амралт зугаалга нэрийдлээр бөөнөөр нь өөр сонгуулийн хэсэгт шилжүүлэн зөөж аваачин, саналыг нь өгүүлэх зэрэг үйлдлүүд гардаг байсан юм.

Эдгээр зөрчил 2012 оны сонгуулийн үеэр хэр гарав? Анх удаа санал тооллогын үйл ажиллагааг автоматжуулсан сонгууль байсан шүү дээ?

УИХ-ын 2012 оны сонгуулиас хойш сонгуулийн үйл ажиллагаанд автоматжуулсан систем ашиглаж, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан техник хэрэгсэл ашигласнаар Монгол Улсын сонгуулийн түүхэнд томоохон өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан. Сонгогчийн бүртгэлийн нэгдсэн сантай болж, сонгогчдыг биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээр бүртгэлжүүлснээр зөвхөн өөрийн бүртгэлтэй нэг хэсэгт саналаа өгч, нэг сонгогч дахин санал өгөх хууль бус үйлдлийг таслан зогсоосон. Иргэний бүртгэлийн нэгдсэн сангийн мэдээлэлд тулгуурлан гаргасан учраас сонгогч бүртгэлгүй орхигдох асуудлыг нэг мөр шийдэж чадсан.

Нэг сонгогч нэг санал гэдэг зарчим мөрдөгдөж, хүний гар ажиллагаа багассан нь сайн талтай. Гэхдээ хар машин ач холбогдлыг ард иргэд бүрэн ойлгохгүй, улс төрийн намууд ч үр дүнд нь итгэхгүй байх шиг?

Сонгогчийн санал авах, тоолох ажиллагаанд саналын хуудас нь баримт болж үлдэхүйц, сонгуулийн дараа ямарваа нэгэн маргаан гарсан тохиолдолд хуурамчаар үйлдэх боломжгүй бар кодтой саналын хуудас, төхөөрөмжийн санах ойд зурган хэлбэрээр хадгалагдсан файлуудыг ашиглан, маргаан шийдвэрлэх боломжтой болсноороо давуу талтай. Санал авах ажиллагааны үед уг төхөөрөмж нь ямар нэгэн сүлжээнд холбогдохгүйгээр саналын хуудсыг өндөр хурдны сканерын тусламжтай өөрийн санах ойд зураг болгон хадгалж, үр дүнг нэгтгэн санал авах ажиллагаа дуусмагц тухайн хэсгийн хороодод ажиглалт хийсэн улс төрийн намын ажиглагч бүрт санал хураалтын үр дүнгийн тайланг хэвлэж өгдөг.

Үүний дараа тусгай модем, өндөр хамгаалалт бүхий тусгай сүлжээгээр “Сонгуулийн Ерөнхий хороо”-нд байрлах төв серверт дүнг дамжуулдаг. Ингэснээр сонгуулийн үр дүнг тооцох, санал хураалтын дүн гаргах ажил хурдан шуурхай, алдаа будлиангүй болсон. Санал авах, тоолох төхөөрөмж алдаагүй зөв ажиллаж байгаа гэдгийг батлах зорилгоор УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусахтай зэрэгцэн СЕХ-ноос шийдвэр гаргаж, тойрог бүрт 2 хэсгийг санамсаргүй сонголтын аргаар (сугалаагаар), өөрөөр хэлбэл 52 сонгуулийн хэсгийг сонгон авч хяналтын тооллого явуулсан.  

Уг тооллогоор 1-2 хэсэгт санал хураалтын дүн зөрсөн гэж тэмдэглэсэн байсан боловч энэ нь ойлголтын зөрүүнээс болсон гэдгийг намын ажиглагчид хүлээн зөвшөөрч, автомат төхөөрөмж алдаа мадаггүй тоолж байгаа тухай хэсгийн хорооны тэмдэглэлд гарын үсгээ зурсан байдаг.

УИХ-ын Сонгуулийн хуулийг шинэчлэн батлах гэж байхад буюу 2011 оны тавдугаар сард УИХ-ын ажлын хэсэгт СЕХ-ноос явуулсан саналдаа хяналтын тооллого хийх тухай дурдаж байсан боловч хуульд тусгаагүй үлдээсэн байсан учраас СЕХ хуралдан, хяналтын тооллогыг хийх тухай тогтоол гаргаж байсан юм.

Мөн Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын 2012 оны, Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар хяналтын тооллого хийлгэх заалтыг хуулинд тусгуулсан. ИТХ-ын сонгуулиар аймаг, дүүргийн хэсэг тус бүрээс 2 хэсгийг буюу өөрөөр хэлбэл 58 хэсэг, Ерөнхийлөгчийн сонгуулиар суманд 1, дүүрэгт 2 хэсгийг, өөрөөр хэлбэл 348 хэсгийг санамсаргүй сонголтын аргаар сонгон хяналтын тооллого хийж байсан билээ. Эдгээр тооллогоор санал зөрсөн нэг ч тохиолдол гараагүй юм.

Сонгуульд өрсөлдөж буй намууд, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг танай хороо хүлээж авч, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд аудитын байгууллагаар шалгуулж, нийтэд мэдээлэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлж чадахгүй байна гэж  мэргэжилтнүүд шүүмжлэлтэй ханддаг. Түүнтэй хэр санал нийлэх вэ?

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар манай хороо сонгуульд оролцсон намуудаас аудитын байгууллагаар хянагдсан сонгуулийн зардлын тайланг нь санал хураалт дууссанаас хойш сарын дотор хүлээн авч нэгтгэн,15 хоногийн дотор нийтэд зарлан мэдээлдэг. Тайлантай хамтатган тодорхой хэмжээний мөнгөн дүнгээс дээш хэмжээний хандив өгсөн иргэн, хуулийн этгээдийг мөн нийтэд зарладаг. Энэхүү хуулиар хүлээсэн үүргээ СЕХ-ны зүгээс хуулийн хугацаанд нь биелүүлж ирсэн.

Хэрэв шаардлагатай гэж үзвэл төрийн аудитын байгууллагаар шалгуулах хуулийн заалттай. Сонгуулийн зардлын тайланд өргөн утгаар нь дүн шинжилгээ хийх, санхүүгийн анхан шатны баримтыг шалгах гэх мэтчилэн ажлыг манай хороо дангаар гүйцэтгэх хуулийн зохицуулалт, хүн хүчний бололцоо байхгүй байна.

Түүнчлэн сонгуулийн зардлын тайлангаа хуулийн хугацаанд ирүүлээгүй улс төрийн намыг дараагийн ямарваа нэгэн сонгуульд оролцуулахгүй байх хуулийн заалтыг хассан учраас хууль зөрчсөн тохиолдолд улс төрийн намуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага шүүхээр хүлээлгэдэг.  

Өнөөдрийн байдлаар улс төрийн намуудыг “Улсын дээд шүүх” бүртгэж байна. Улс төрийн намын оршин тогтнох гол шалтгаан нь сонгуульд оролцох гэж үздэг учраас Ерөнхийлөгчийн санаачилсан “Улс төрийн намын” тухай шинэчилсэн хуулийн төсөлд намыг бүртгэх, татан буулгах, зардал санхүүтэй холбоотой асуудлыг “Сонгуулийн Ерөнхий Хороо” хариуцан гүйцэтгэхээр тусгаад байна.