Нэг санал гурван өөр байр суурь
Нэг санал, гурван өөр байр суурь
2015.11.27

Нэг санал гурван өөр байр суурь

АН-ын Гүйцэтгэх зөвлөл уржигдар хуралдсан. Тус хуралдаанаар намдаа бусад намыг нэгтгэх асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, ИЗНН, МҮАН-ыг намдаа нэгтгэх талаар ярилцсан байна.

Ингэж ярилцаад зогсохгүй нэгдсэн тохиолдолд тухайн намынхаа гишүүдийг Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хэдэн хувьд нь оруулах, УИХ-ын сонгуульд нэр дэвших квотыг тодорхой тогтоож намынхаа дүрэмд тусгах талаар ч  санал солилцжээ.

Өөрөөр хэлбэл, бусад намыг өөрийнхөө намд нэгтгэх болон түүний дараахь процессуудын талаар Гүйцэтгэх зөвлөлийн төвшинд ярилцсан гэсэн үг. Энэ асуудалтай холбогдуулан АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян нарын байр суурийг хүргэе.

МҮАН-ын генсек Б.Цогтгэрэл: 

-Нэгдэх тухай манай намд албан ёсоор санал тавиагүй. Энэ бол зөвхөн АН-ын өөрсдийнх нь л байр суурь. Магадгүй манайд санал тавихаар төлөвлөж дотооддоо л ярилцсан байх. Одоо энэ чиглэлээр уулзаж ярилцъя гээд наашаа хандах байлгүй дээ. Үүнд эмзэглээд байх зүйл алга. Намууд нэгдэж хамтрах нь тулгамдаж байгаа асуудлын нэг мөн. Бид хуваагдах бус нэгдэж, хамтарч ажиллах ёстой. Харин хэн нь хэнтэйгээ нийлээд Монголын төрийг чадварлаг болгох вэ гэдэг өөр асуудал.

АН-ын генсек Л.Эрхэмбаяр:

-Энэ бол намуудын төвшинд яригдаж байгаа асуудал. Ерөнхийдөө тал талаасаа нийлэх боломжтой гэж үзэж байгаа учраас нийлэхээр болсон тохиолдолд яаж нэгдэх вэ гэдгийг Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа хэлэлцсэн юм. Улс төрийн хоёр хүчин нийлэхээр болбол ярих зүйл зөндөө гарна л даа. Хоёр хүн гэр бүл болохдоо хоорондоо зөндөө юм ярьдаг биз дээ. Түүнтэй адил ярих юм зөндөө бий. Гэхдээ сонгуулиас өмнө нэгдэх боломжтой гэж тооцоод ярилцаж байгаа юм.

ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян:

-Манай намтай энэ талаар албан ёсоор ярьсан зүйл юу ч байхгүй. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс л олж мэдлээ. АН яагаад ийм мэдээлэл гаргаж байгаа юм бол гээд л гайхаж сууна. Дотроо ярилцсан бол түүнийгээ дотроо л хадгална биз. Гэтэл тэр тухайгаа яагаад олон нийтэд мэдээлж, үймүүлж байгааг ойлгохгүй байна. Нийгмийг бужигнуулах гэсэн сонгуулийн өмнөх нэг PR нь юм болов уу. “Энэ асуудалдаа тайлбар өгнө үү” гээд АН-д албан бичиг илгээчихээд сууж байна.