Сонгуулийн хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж ажлын хэсэг байгуулна
Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар Х.Тэмүүжин нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс гадна сонгуультай холбогдсон гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.
Энэ асуудлын талаар байнгын хорооны дарга А.Бакей сонгуулийн хуультай холбоотой гурван хуулийн төслийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байнгын хорооны түвшинд байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ төсөл санаачилсан гишүүдийг аль болохоор ажлын хэсэгт оруулахгүй байх зарчим барьж байгаа. Харин нам, эвслийн бүлгийн дарга нарыг оролцуулах эсэхийг ярилцаж байж шийдье гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.
Харин энэ асуудалтай холбогдуулж саналаа хэлсэн Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт ажлын хэсгийг байнгын хорооны түвшинд байгуулсан нөхцөлд нам, эвслийн бүлгийн дарга нар бүгд орох боломжгүй, нөгөө талаар төсөл санаалагч гишүүдийг оролцуулахгүй байж болохгүй. Иймээс Улсын Их Хурлын даргын захирамжаар өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ахлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг Улсын Их Хуралд суудалтай намуудын төлөөллийг хамруулж зөвшилцөөнийг хангаж ажиллах нь чухал гэлээ.
Мөн Улсын Их Хурлын Сү.Батболд, С.Дэмбэрэл нар энэ саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан сонгуулийн хуулиас өмнө Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэх шаардлагатай тул энэ асуудлыг яаралтай өргөн мэдүүлэх чиглэлд байнгын хорооны дарга анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах, улмаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг юуны түрүүнд хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай, үүний дараа сонгуулийн хуулиа ярих нь зөв гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
Иймээс байнгын хорооны дарга А.Бакей гишүүдийн гаргасан саналын дагуу Улсын Их Хурлын даргын захирамжаар өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж сонгуулийн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг Улсын Их Хурлын даргад танилцуулж шийдвэрлүүлэхээр боллоо.