Монгол улсад туг бодлого хэрэгтэй
Монгол Улс хөгжлийн тогтвортой, урт хугацааны, гарц гаргалгаатай буюу ТУГ бодлоготой болох асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт санаачилж, холбогдох тогтоолын төслийг өргөн барьсан.
Тогтоолын төслийг УИХ дэмжиж хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ. Тэгвэл уг ажлын хэсгээс Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн эхний төслийг боловсруулж, Хөгжлийн урт хугацааны бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд санал авахуулахаар Засгийн газарт хүргүүлээд байна.
Уг бодлогын баримт бичгийг боловсруулахад УИХ-д суудалтай бүх нам, эвслийн бүлгийн дарга, гишүүд холбогдох яамдын стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга нар, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ.
Ажлын хэсгийн ахлагч, ТУГ бодлогыг санаачлагч С.Бямбацогт хэлэхдээ “Монгол Улс 1990 оноос хойш хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөлтгүй явж ирсэн. Сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн намууд дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр дэвшүүлж, Засгийн эрхийг авсны дараа өмнөх явуулж ирсэн бодлогуудыг эогсоодог, өөрсдийнхөө шинэ бодлогыг хэрэгжүүлэх гэж цаг алддаг байдал нь хөгжлийн нэгдсэн үзэл баримтлал алдагдаж, төрийн бодлого залгамж халаагүй болоход хүргэсэн. Өнөөдөр Монгол Улсад 400 орчим салбар бүрийн стратеги, хөтөлбөр гэсэн баримт бичиг байна. Гэвч эдгээрийн уялдааг хангасан нэгдсэн ТУГ бодлого алга.
Мөн 2006 онд УИХ-аас Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталсан ч салбар хоорондын уялдаа, бодлогын залгамж чанар, гарц шийдэл дутмаг, хэрэгжүүлэх эрх үүрэг, хариуцлага, хэмжих үэүүлэлтийг тодорхойлсон процессийн хуулийг дагалдуулж батлаагүйгээс амьгүй баримт бичиг болон орхигдоход хүрсэн. Тиймээс энэ удаад эдгээр дутагдлыг гүйцээж, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай процессийн хуулийг хамт баталснаар эрх эүйн баталгааг нь хангаж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд улс төрийн намууд, аймаг орон нутаг, УИХ, Засгийн газрын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж байна" гэдгийг онцолсон юм.