"Монгол махаар дэлхийг дайлъя" өдөрлөг боллоо
Монголын ууган үйлдвэрүүдийн нэг болох “Мах импекс” компани 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол махаар дэлхийг дайлъя” бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт ХХАА-н сайд Р.Бурмаа, Монголын хүнсчдийн холбоо, Монголын махны холбооны төлөөлөгчид оролцсон юм. Мөн БНХАУ-аас ӨМӨЗО-ны махны холбооны дарга Түмэн, “Хая Менг” группийн захирал, зочид төлөөлөгчид уригдан оролцлоо.
Өнгөрсөн 10 дугаар сард ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан “Монгол-Хятадын хамтарсан экспо”-гийн үеэр Монголын махны холбоо болон ӨМӨЗО-ны Махны холбоо 6 тэрбум юаний мах, махан бүтээгдэхүүн экспортлох гэрээ байгуулсан. Тэгвэл “Монгол махаар дэлхийг дайлъя” өдөрлөгийн үеэр “Мах импекс” компани дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг дэлгэрэнгүй танилцуулж, экспортод хэрхэн гаргах талаар Хүнс, Хөдөө аж ахуйн яам болон мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон юм.
Өдөрлөгийн үеэр 70 жилийн түүхтэй үндэсний үйлдвэрлэгч “Мах импекс” компани нийт найман төрлийн чанамал хиам, 10 төрлийн утлагат хиам, 11 төрлийн зайдас, есөн төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн, найман төрлийн утлагат махан бүтээгдэхүүн, гурван төрлийн дотор махан бүтээгдэхүүн, 12 төрлийн ангилсан махан бүтээгдэхүүнийг танилцуулсан юм.