Сонгинохайрхан дүүрэгт шинээр 570 ажлын байр бий боллоо
Нийслэлийн иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хангах “Сэлэнгэ” хүнсний, шинэ зах өчигдөр нээлтээ хийлээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хорьдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ зах иргэдийг хямд үнэтэй, баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр хангах юм байна. Мөн нэг дор 570 шинэ ажлын байр бий болгож буйгаараа онцлог гэдгийг захын нээлтийн ёслолд оролцсон Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан онцолсон юм.
Г.Баярсайхан сайд энэ захыг барьж байгуулсан “Тайж” группийнхэнд олон шинэ ажлын байр бий болгосонд талархал илэрхийлэхийн хамт тус захын түрээслэгчид болон үйлчлүүлэгч иргэдэд хандаж Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан хэрэгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдах боломжтойг дуулгасан юм.
/Eagle tv/
Энэ захын дэргэд хүнсний эрдэм шинжилгээний “САМО” институтийн загвар лаборатори ажиллана. Энд хүнсний бүтээгдэхүүнд бүх төрлийн шинжилгээ хийж баталгаажуулснаар иргэд чанар, эрүүл ахуйн хувьд ямар ч эрсдэлгүй хүнсээр хангагдах боломжтой аж.
Монгол Улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 50 гаруй хувийг дангаар хангадаг Сэлэнгэ аймгийн 17 сумын ногоочдод шинэ худалдааны төвд тусгайлан лангуу гаргаж өгчээ. Ингэснээр ченжийн гар дамжаагүй, хямд үнэтэй ногоо хангах боломжтой.