Хүүхдийн хүчирхийллийг хуулиар зогсооно
УИХ-ын гишүүн С. Одонтуяа
2015.10.23

Хүүхдийн хүчирхийллийг хуулиар зогсооно

Манайд гэр бүлийн хүчирхийллээс үүдэн бяцхан үрсийн маань эрх зөрчигдөх болсон.

Тиймээс батлагдаад 20 орчим жил болж буй Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлага байгаа юм. Эдгээр хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С. Одонтуяатай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиудын төсөл өргөн баригдахаар ард түмнээс санал асуулга авч байна. Хуулийн төслүүдэд голлох  ямар зүйл заалтууд орж байна вэ?

-Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлагдаад 20 жил хэрэгжлээ. Дорвитой өөрчлөлт тусгаагүй. Өнөөдөр нийгэмд хүүхдийн эрх ямар хэмжээнд хэрэгжиж хамгаалагдаж байгааг олон түмнийг, иргэдийг үнэлээч гэвэл онц дүн тавихааргүй л байгаа. Хууль байгаад нэмэр байна уу, хамгаалж байна уу, хуулийн ямар хамгаалалт илүү хэрэгтэй байна вэ гэдэг үндсэн асуудлуудад тулгуурлан энэ удаагийн шинэчлэлд хандаж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулж, хүүхэд хамгааллын тухай процессын хуультай болъё гэж Засгийн газар санаачилсан энэ хуулийн төслүүдийг боловсруулахдаа хүүхдийн амьдралд хэрэгтэй, тэднийг хамгаалах чадвартай сайн хуулиуд гаргахыг ажлын хэсэгт даалгасан. Энэ ч утгаараа одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиас хамаагүй сайн болсон гэж үзэж байна.  

 -Хуулиудыг боловсруулсны дараа ард түмнээс санал авсан нь нэг талаар шинэлэг зүйл ажил болсон байна. Энэ талаараа дэлгэрүүлбэл?

 -Хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэний дараа эдгээр төслийг сайжруулахаар олон нийтийн санал авах ажлыг зохион байгуулахаар хамтрагч талууд шийдвэрлэсэн. Санал авах ажлаа “Хүүхдийн эрхийг хамгаалах хуульд-Ногоон карт өгөх хэлбэрээр иргэд, олон нийт хуулийн зүйл заалт, агуулга, зарчим, логик холбоо зэрэг хамааралтай гэж үзсэн санал, шүүмжлэлээ давхардсан тоогоор 22 мянга гаруй хүн, байгууллага, хамт олон ирүүлсэн.

 -Тухайлбал, хамгийн олон давтагдсан санал нь юу байв?

 -Саналын дийлэнх нь шинээр гаргахаар бэлтгэж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлтэй холбоотой байна. Учир нь, хүүхдийг бүх орчинд бүх төрлийн хүчирхийллийн хэлбэрээс хамгаална гэдэг нь бүхэл бүтэн цогц тогтолцооны асуудал тул түүнд нухацтай хандахыг хичээж байна. Гол бэрхшээл нь хүүхдийн эрхийг хүндэтгэх, хамгаалах талаар нийгмийн ухамсрыг дээшлүүлэх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдэнд төрөөс туслах зэрэг бодлого, зарчмын асуудлыг их хөнджээ.

 Ялангуяа үйл ажиллагаа, үйлчилгээний төсөв, санхүүг хаанаас хэрхэн гаргахыг тодорхой болгох, мэргэшсэн хүний нөөц, тэдний үйлчилгээний стандарт, аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг хуульчлах. Хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд субьектуудын оролцох хүлээх үүрэг, эрх хэмжээ, хариуцлагыг тодорхой заах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд голлох салбарын албан тушаалтнууд хамтран ажиллах хэлбэр, зохион байгуулалтыг хуульд тусгах санал тусгасан байна. Мөн хүүхэд хамгаалалд иргэдийн оролцооны талаар зарчмын асуудал хөндсөн саналууд их байсан.

 -Дээрх хуулиуд батлагдсанаар хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр ямар ажил хийгдэнэ гэж та харж байна вэ?

 -Маш тодорхой хэдэн зүйл хэлэхийг хүсч байна. Эдгээр хууль батлагдан, үйлчилж эхэлснээр хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэр гэр бүл, сургууль, нийгмийн бүх орчинд хуулиар хориглоно. Энэ заалт хуулиудын амин зүрх гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хүүхэд гэртээ ч, сургууль соёл, нийгмийн хаа ч гэсэн аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртөх нь хуулиар хориглогдож, үүнийг зөрчсөн этгээд хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг.

Ингэснээр бид хүүхдүүдийнхээ чөлөөтэй амьдрах, сурч мэдэх, тоглох, нийгэмших орчныг нь бүрдүүлж, хуулиар хамгаалж байгаа хэрэг. Эдгээр хуулийг сахиулах, хуулийн хэрэгжилтийг хангах улсын байцаагч бий болно. Одоо ажиллаж байгаа халамжийн ажилтнууд хавсраад явах боломжтой. Заавал нэмэлт орон тоо шаардахгүй.

Түүнчлэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалахын төлөө иргэн, хуулийн этгээдийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Хүүхэд, гэр бүлээ дэмжих зөвлөгөө өгөх, сургах, халамжлах зэрэг нийгмийн хамгааллын үйлчилгээнүүд өргөжинө. Бас нэг чухал заалт орж байгаа нь хурдан морины өвөл, хаврын уралдаанд хүүхэд морь унаж уралдуулахыг  хориглох гэж байгаа.