Дүүргийн сургуульд дэлхийн мэдлэгтэй, монгол инженерийг бэлтгэж байна
БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.10.21

Дүүргийн сургуульд дэлхийн мэдлэгтэй, монгол инженерийг бэлтгэж байна

БСШУ-ны сайд Л.Гантөмөр хөдөө орон нутагт идэвхтэй ажиллаж байна. Тэрээр саяхан Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөр”-тэй танилцсан.

Харин энэ удаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, БСШУЯ-ны Төлөвлөлт хариуцсан хэлтсийн дарга Ц.Баярхүү болон холбогдох албаны хүмүүстэй Багануур дүүрэгт ажиллав. Тус дүүрэгт бага боловсролын цөм хөтөлбөрийн үр дүн, салбарын яамнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт хэр явагдаж байгаатай биечлэн танилцав.

Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Гүн галуутай” цогцолбор сургуулийн сургалтын үйл ажиллагаа болон сурагчдын авьяас чадварыг нийслэлчүүд сайн мэднэ. Учир нь тус сургуулийн сурагчид аливаа уралдаан тэмцээнд байнга дээгүүр байр эзэлж, нийслэлийн сурагчидтай өрсөлддөг.

Мөн урлаг, спортын тэмцээн уралдаанд амжилттай оролиож, шагналт байранд шалгардаг. Тухайлбал, тус дүүргийн 1-11 дүгээр ангийн 300 гаруй сурагч өнгөрсөн жил “Эгшиглэнт сурагч нас” тоглолт зохион байгуулж, авъяасаа хэрхэн хөгжүүлснээ эцэг, эхчүүд болон дүүргиинхээ иргэдэд тайлагнасан юм.

Мөн нийслэлийн хэмжээнд зохион байгууллагддаг “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах уралдаанд Багануур дүүргийн сурагчид тун чадварлаг оролцож, эцсийн шалгаруулалтад тунаж үлдэж байсан. Энэ мэтчилэн хөврөх амжилтын буухиа тус сургуулийн сургалтын үйл ажиллагаа, сургуулийн чансааг илтгэдэг юм.

Салбарын сайдын зочилсон “Гүн галуутай" цогцолбор сургуулийн сурагчид өөрсдийн хүсэл, сонирхлын дагуу дугуйлан секцэнд идэвхтэй хамрагддаг юм байна. Тус сургууль дээр урлаг, спортын олон дугуйлан хичээллэдэг. Тухайлбал, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд үндэсний болоод орчин үеийн хөгжмийн дугуйлан хичээллэж байна. Мөн жүдо бөхийн дугуйлан хичээллэж байна. Харин эдгээр дугуйлангаас ирээдүйн инженер технологичдийг бэлтгэх нэгэн дугуйлан анхаарал татсан юм.

Энд хүүхдүүдийн оюун ухаан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой стем технологийн дугуйлан хичээллэдэг юм байна. Энэ дугуйланд хамрагдсанаар хүүхдүүд ирээдүйд төрөл бүрийн инженер болох эх суурь тавигддаг аж. Дугуйлан өнгөрсөн жилээс эхлэн хичээллэж эхэлжээ. Анги бүрээс инженер болох сонирхолтой хүүхдүүд хамрагдсан гэдгииг багш нар нь хэлж байв. Бяцхан инженерүүд өдөрт хоёр цагаар хичээллэдэг бөгөөд янз бүрийн техникүүдийг загварын дагуу эмүүлж, өөрсдийнхөө санаа бодлыг тусгаж, цааш хөгжүүлэх, шинийг хийж бүтээх талаар ярилцдаг, олон янзын туршилт хийдэг юм байна.

“Стем технологийн дугуйланд хэрэглэгддэг хэрэглэгдэхүүн нэг нь 500 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Харин “Гүн галуутай” цогцолборын сурагчдын хэрэглэж буй техник хэрэгслийг тус сургуулийн төгсөгчид болоод бусад байгууллагын хандиваар авсан. Энэ дугуйланд суралцахыг хүссэн олон сурагч байдаг” гэдгийг дугуйлангийн багш Д.Болорцэцэг хэлж байв. Хэдийгээр цөөн тооны сургалтын хэрэглэлтэй ч нэг хайрцагнаас нь 40 төрлийн загвар гардаг болохоор хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэхэд тустай байдаг хэмээн багш нь онцолсон.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр Багануур дүүргийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас хүүхдийн хөгжлийг дэмжих үүднээс “Авъяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг дурдаад, энэ ажлын хүрээнд тус дүүргийн сургуулиуд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрч байгааг сайшаав.