193 дугаар цэцэрлэгт сувиллын хоёр анги хичээллэж байна
193 дугаар цэцэрлэгт сувиллын хоёр анги хичээллэж байна
2015.10.19

193 дугаар цэцэрлэгт сувиллын хоёр анги хичээллэж байна

БСШУ-ны сайд Л.Гантөмөр Багануур дүүргийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, яамнаас хэрэгжүүлж буй төсөл  хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцсан байна.

Энэ үеэр Багануур дүүргийн 193 дугаар цэцэрлэгт ажиллажээ. Тус цэцэрлэгийн тухайд, цэцэрлэгийн барилгаа 368 сая төгрөгөөр шинэчлэн засварласан бөгөөд орчны тохижилт, хичээлд хэрэглэгдэх материал гээд бүгд шинэчлэгдсэн байлаа. 

193 цэцэрлэгийн гол онцлог бол сувиллын хоёр ангийг нээн ажиллуулж байгаа явдал юм.  Анх удаа жирийн цэцэрлэгт сувиллын ангийг нээн ажиллуулж буй тэдний ажлыг магтах хүн олон байгаа аж.

Уг сувиллын ангид эмийн бус эмчилгээгээр эмчлэгдэх боломжтой буюу жингийн болон хоол тэжээлийн дутагдал, тархины даралт зэрэг өвчтэй хүүхдүүд хамрагддаг байна. Одоогийн байдлаар бага дунд ангид нийт 50 хүүхэд хүмүүжиж байгаа гэнэ. Тэдгээр хүүхдүүдэд уураг, амин дэмээр баялаг эмчилгээний зориулалттай хоол өгч, өдөрт өөрсдөд нь тохирсон эмчилгээнүүдийг ангийн багш, сувилагч нарын тусламжтай хийдэг аж.

Тухайлбал, хүүхдүүдийг хар цай, ургамлын ханд, ясны шөлөнд оруулахаас эхлүүлээд эмчилгээний массаж хийдэг байна. Энэ ангийг хоёр жилийн өмнөөс нээсэн бөгөөд энэ хугацаанд үр дүнгээ өгсөн гэдгийг цэцэрлэгийн багш нар онцолж байсан юм.