Эрх мэдлийн сүлжээгээр ажилладаг удирдлага нь гажсан МАН-ыг шинэчлэх гэж зүтгээд бүтсэнгүй
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар
2015.10.21

Эрх мэдлийн сүлжээгээр ажилладаг удирдлага нь гажсан МАН-ыг шинэчлэх гэж зүтгээд бүтсэнгүй

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар өчигдөр МАН-аас гарч МАХН-д элсч, батлахаа гардаж авсан. Энэ үеэр нь түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-МАН-аас гарах учир шалтгаан юу байв?

-МАН гэдэг байгууллагын гишүүнчлэлээс гарч байгаагаа би хэд хэдэн үндэслэлээр тайлбарласан. Юуны өмнө МАН-д тогтсон мөнгө эрх мэдлийн сүлжээгээр ажилладаг удирдлагын гажсан арга, энэ намд  хачиг шиг наалдсан тодорхой бүтэц нэгдлүүд байна. Намын дотоод өрсөлдөөн, намын оршин тогтнох дархлаа болсон намын эрүүл саруул өрсөлдөөнийг үгүйсгэсэн тодорхой найруулагч хүмүүс энэ намыг зохицуулж, зохион байгуулж байгааг эрс эсэргүүцсэн.

Мэдээж МАН хэдийгээр МАХН-тай салан тусгаарлаад явж байгаа ч гэсэн энэ нам нийгмийн дэмжлэг авдаг гишүүдийн хувьд  ойролцоо нэгдмэл хүчин. Тэр утгаараа МАН-д бас олон зуун мянган гишүүд дэмжигчид итгэл сэтгэл нь хадагдсан явж байгаа. Тэр хүмүүс намдаа өөрчлөлт, шинэчлэлт хийхэд нь түлхэц үзүүлж, хувь нэмрээ оруулах алхмыг хийж байгаа.

Нам дотор ажиллаж байхдаа би намын 29-дүгээр их хуралд намын дүрмийн ажлын хэсгийг ахалж, намыг дотроос нь шинэчлэх ажлыг хийхэд хүчин зүтгэж ирсэн. Миний хувьд дотроос нь шинэчлэх гэж боломжоороо зүтгэсэн. Бүтсэнгүй. Гэхдээ өөрийнхөө сонголтыг хийж байна. МАН-ын шинэчлэл цаашид хүчтэй өрнөөсэй. Намын эгэл жирийн гишүүдийн хүсэл зоригт нийцсэн тэр алхам руу ороосой гэж хүсч байна. МАН-ын гишүүд гэдэг бол МАХН гэсэн зөвхөн нэр төдий биш энэ намд итгэж үнэмшиж, одоо хүртэл саналаа өгсөөр байгаа. Үүнийг бид мартаж болохгүй.

МАН, МАХН гэдэг хоёр байгууллага цаад үзэл санааны нэгдэл болсон, цул болсон гишүүд дэмжигчдийнхээ орон зай дээр хамтарч ажиллахыг уриалж, гишүүнчлэлээсээ татгалзсан байгаа.

 -Таны МАХН-д элсч байгаа шалтгааныг хүмүүс янз янзаар л тайлбарлаж байна?

-Миний МАХН-д элсч байгаа гол учир шалтгаан бол анх 1988 онд элсэхдээ МАХН гэсэн нэртэй , Н.Энхбаяр гэсэн даргатай энэ намд элссэн. Бидний хамгийн гол зүйл бол нэр хаяг төдий өөрчлөлтдөө байдаггүй юм байна. Нэрний цаана үзэл санааны холбоос гэж бий. Мөнгө эрх мэдлийн сүлжээгээр ажлыг явуулахгүй. Хамгийн гол нь сэтгэл зүрхний  холбоосоор ажлыг явуулдаг юм байна.

Бидэнд МАХН гэдэг нэрээр тусгаар тогтнол 20 дугаар зууны олон зүйлүүдийг авч хаяглаж, түүх болж бүтээгдсэн. Үүнийгээ өвлөж авах хэрэгтэй. Өнөөдрөөрөө бид МАХН-д хараа чиглүүлж, энэ намд элэгтэй, зүтгэж ирсэн хүмүүс намдаа элсч байгаа нэг гишүүний л нэг. Хүн бүрийн сонголтыг хүндэтгэж үздэг. Намын гишүүддээ ч хүндэтгэлтэй хандаж байна. Цаашид МАХН олсон амжилтаа бататгаж, алдаа онооноосоо суралцаж, шүүмжлэл дүгнэлтийг хийж өөрчлөгдөн шинэчлэх замаар зохион байгуулж, манлайлах ёстой.

-Танд МАХН Ерөнхий нарийн бичгийн суудал, мөн МАН-аас нэр дэвших тойроггүй болоод МАХН-д элссэн гэсэн яриа ч байна. Үүнд тайлбар хэлээч?

-Би нэр дэвших тойроггүй болсон тухай асуудал байхгүй. Дарханд судалгаа хийгээд үзсэн ч гэсэн МАН-аас нэр дэвших хүмүүсээс ялалт байгуулах хүний тоонд байсан. Тэнд хамгийн идэвхтэй гишүүд, дэмжигчид маань бий. Улстөрд явсан, төрд зүтгэсэн хүний хувьд тодорхой дэмжлэг авах хүч, нөлөө байлгүй яахав. Тойрог төдий юм хөөцөлдөж явахгүй. УИХ-ын гишүүн болох гэж үхэн хатан зүтгээд байх юм байхгүй. Хэрэв тэгэхээр бол бие даагаад ч гэсэн нэр дэвшээд гишүүн болох боломжтой ч байж магадгүй.

Өөрийн зорилго маань гэвэл Монголд төрийн удирдлагыг хүчтэй болгох чиглэлээр ажиллах болохоор улс төрийн зохион байгуулалттай үзэл санаа нэгдэх хамт олон хэрэгтэй байна. Албан тушаалын суудлын тухайд нам дүрэмтэй байдаг. Би жирийн айлын хүүхэд. Мэдлэг чадвараа үнэлүүлж, бүх шат дамжлагаар ажиллаж байж өнөөдрийн хүрсэн. Жам ёсоороо хүмүүс дэмжвэл урагшлах ёстой.