Чөлөөт бүс байгуулах тогтоолыг хүчингүй болгох ёстой гэв
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2015.10.19

Чөлөөт бүс байгуулах тогтоолыг хүчингүй болгох ёстой гэв

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга, Х.Болорчулуун нар өнгөрөгч амралтын өдрүүдэд Халх голд очиж ажиллажээ.

Энэ тухайгаа өнөөдөр мэдээллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Халх голд Монголын төр байна уу гэмээр нөхцөл байдал үүссэн байна. Өнөөдөр тэнд хэн дуртай нь орж хадлангаа хаддаг, байгаа баялгийг нь аваад явдаг, хил гаалийнхнийг нь янз бүрийн аргаар аргалчихдаг ийм л дүр зураг харагдлаа. Тухайн бүс нутгийг дэлхийн малын эрүүл бүс болгоод, түүнийгээ дэлхий нийтэд зарлаад, малаа экспортод гаргадаг чиглэл рүү анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Халх гол бол Нидерландын газар нутгаас 2-3 дахин том. Нидерланд улс Европ тив битгий хэл дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч орон. Тийм том боломж бидний өмнө байхад харийнхны амьдрах нутаг болгож байгааг орон нутгийн иргэд эрс эсэргүүцэж байна. Энэ талаар биднийг ярихаар популист гэдэг. Тиймээс хэвлэлийнхэн Халх голд очиж ажиллаж хэрэгтэй байна” гэсэн юм.

Мөн тэрээр Оюутолгойн төсөл дээр зөвлөгөө авах нэрээр төсөвлөсөн 10 тэрбум төгрөгийг танах, Онцгой албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хасах замаар цалинг нэмэх бололцоотой. Архи тамхи, бензин шатахуунд оногдуулж буй онцгой албан татварын хэмжээг өнөөдрийн үйлчилж буй 1450 төгрөгөөс 2000 болгож нэмэгдүүлвэл 80 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олох бололцоотой. Энэ саналаа холбогдох ажлын хэсгүүдэд хүргүүлнэ гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Салбарын яамныхан Халх голд хоёр ч удаа очиж ажиллана гэсэн ч хойшлуулсан. Үнэнтэй нүүр тулах болохоор тэнд очиж ажиллахгүй байна. Чөлөөт бүс гэдэг бол улс доторх улс. 500 мянган га-г хашаалсан чөлөөт бүс гэж дэлхийн хаа ч байхгүй. Чөлөөт бүсийн талаарх тогтоолоо цуцлахгүй юм бол тэмцлийн хэлбэрт шилжинэ” гэв.

/Ийгл тв/

УИХ-ын гишүүн Г.Уянгыг Халх голд ажиллах үеэр хятадууд малчдын өвөлжөөний өвсийг хадчихсан, зам зуур газрын тос ачсан машины тоос тасрахгүй, зогсоогоод зам асуух гэхээр хятад дугаартай хятад жолооч нар тааралдаж байсан аж. Тэнд монгол айл тааралдахгүй, тааралдсан иргэд нь “Бид зээл зээр хоёроор амьдарч байна. Гэтэл зээр ч үгүй боллоо” хэмээн халаглаж, Засгийн газрын гишүүдийг орон нутагт ирж ажиллаач ээ хэмээн хэл дуулгасан байна.

Иргэдэд УИХ-ын гишүүд байдлыг эерэгээр тайлбарлахыг оролдож байсан ч иргэд өмнө нь газрын тосноос ашиг хүртэж чадаагүй. Үүнээс ч ашиг хүртэх боломж харагдахгүй байна. Энэ асуудлыг хүчингүй болгож өгөөч гэж байсан гэж Г.Уянга гишүүн мөн ярилаа.