Эмнэлгийн удирдлагуудад санхүүгийн эрх олгоно
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2015.03.26

Эмнэлгийн удирдлагуудад санхүүгийн эрх олгоно

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтыг Ховд аймагт ажиллах үеэр Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг боллоо.  Хэлэлцүүлэгт Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эрүүл мэндийн эмч, ажилчид оролцон санал бодлоо солилцлоо.

Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа аж. Хүчин чадлын хувьд 50-60 мянган хүн амд үйлчлэх боломжтойгоор төлөвлөгдсөн. Гэвч жил ирэх тусам аймгийн хүн ам өссөөр 80-90 мянга болсон дээр нь баруун таван аймгийн хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг ганц төв нь тул ачаалал өндөртэй ажилладаг ажээ.

Хэлэлцүүлгийн шатанд оролцогчид “Орон нутагт ажиллаж байгаа залуу боловсон хүчнийхээ нийгмийн асуудалд анхаарал хандуулахгүй бол нарийн мэргэжлийн эмч нар тогтож ажиллахгүй, тэр хэрээр эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлэхэд хүндрэлтэй тулж байна гэдгийг анхааруулав. Сувилагч нарт нарийн мэргэжлийн чадвар суулгах, эмчлэх эрхээ авахын тулд олон жил сурдаг, түүний дараа 10 гаруй жил ажиллаж байтал тэтгэвэртээ гарах болдог гээд бусад салбартай харьцуулахад ажлын онцлог чанар олон байгаа тул энэ бүхнийг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулах вэ гэдгийг нарийн судалж, тусгах нь эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, боловсон хүчнээ бэлтгэх тогтолцоогоо шинэчлэхэд илүү дөхөм болно шүү” гэдгийг онцолж байлаа. Мөн энэ салбарт цаг наргүй ажилладаг хүмүүсийн санал бодлыг сонсч, хуулийн төсөлдөө тусгахаар ажиллаж байгаа нь цаг үеэ оллоо гэж тодотгов.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Эрүүл мэндийн салбарыг бусад салбартай харьцуулахад хоцрогдсон байгаа, зах зээлтэй холбох асуудал их чухал. УИХ-д Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина, УИХ-аар хууль батлагдвал төрийн өмчийн засаглал тодорхой болох юм. Аль нам засаг барихаас шалтгаалж эмнэлгийн дарга нарыг шинээр томилдог.  Түүнээс болж удирдлагууд нь тууштай тогтвортой ажиллаж чадахгүй болж солигддог, эргээд эрүүл мэндийн салбарын  хөгжлийг удаашруулдаг гэсэн шүүмжлэл бий.  

Энэ асуудлыг шийдэж нэг дарга нь тогтвортой ажиллах боломжийг дээрх хуулиар бүрдүүлж өгөх юм. Мөн эмнэлгийн удирдлагуудад санхүүгийн эрх мэдэл, боловсролын эрх мэдлийг бүрэн өгнө. Улсын эмнэлэг нь хувийн эмнэлэг шиг бие даан хөгжих давуу талтай. Бид энэхүү хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлгийг анхан шатнаас нь буюу сум, багийн эмч нарыг хамруулан зохион байгуулж байна. Та бүхний санал хамгийн үнэтэй. Миний хувьд богц дүүрэн буцах болж байна. Салбарт нь ажилладаг хүмүүсийнхээ санал бодлыг сонсохоор нарийн асуудлууд их гарч ирж байна.

Энэ хэлэлцүүлгээр ярьсан саналуудыг бид хуулийн төсөлд суулгах чиглэлээр ажиллана. Ховд аймгийн хувьд Бүсийн эрүүл мэндийн оношилгоо эмчилгээний төв гэсэн нэртэй боловч үйл ажиллагаа явуулахад байр орон, тоног төхөөрөмж, цалин хангажийн хувьд хүндрэлтэй. Хэдийгээр ийм байдалтай байсан ч өөр аймгуудаас олон хүн ирж үйлчлүүлдэг нь та бүхний цаг наргүй сэтгэл зүтгэлээ гарган ажилладагтай холбоотой.” гэсэн юм.