Нийслэлчүүд 5000 төгрөгийн “Гуляш”-ыг өнөөдрөөс 5050 төгрөгөөр иддэг болно
МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан болон Б.Саранчимэг, Т.Гантөмөр, С.Амарсайхан, Г.Төмөрбаатар
2015.10.01

Нийслэлчүүд 5000 төгрөгийн “Гуляш”-ыг өнөөдрөөс 5050 төгрөгөөр иддэг болно

Уржигдархан болсон Нийслэлийн ИТХ-ын 29 дүгээр хуралдаанаар "Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай”, "Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам батлах тухай” асуудлуудыг тус тус хэлэлцэн баталснаар Улаанбаатарын ямар ч ресторан, баар, дэлгүүр, үйлчилгээний газрууд нэг хувийн татвар үйлчлүүлэгчээсээ хурааж авдаг журамд шилжив.

Тодруулбал урьд нь та аль нэг хоолын газарт ороод 5000 төгрөгөөр авч иддэг байсан гуляш, нарийн махан хуургаа одоо 5050 төгрөгөөр иддэг болно гэсэн үг юм. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг УИХ 2015 оны зургаадугаар сарын 19-ний өдөр баталсан. Харин “Нийслэлийн албан татварын хууль” өнөөдөр буюу 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн долоодугаар зүйлд заагдсаны дагуу хотын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээ, бүх төрлийн архи, тамхины жижиглэн худалдаанаас хотын албан татвар авах аж. 

Энэ тухай өчигдөр Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан болон Б.Саранчимэг, Т.Гантөмөр, С.Амарсайхан, Г.Төмөрбаатар нарын гишүүд мэдээлэл хийж Нийслэлийн удирдлагууд, ялангуяа Э.Бат-Үүл дарга цадиггүй дураараа аашилж байна гэсэн юм. НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан “НИТХ дахь манай намын бүлэг нийслэлийн татварын асуудалд завсарлага авч байсан.

НИТХ-ын 29 дүгээр хуралдаан маш ширүүн уур амьсгалтай болсон.

Учир нь ийм чухал асуудал хэлэлцэх гэж байхад хотын дарга Э.Бат-Үүл байгаагүй. Тэгвэл өчигдөр НИТХ-ын 29 дүгээр хуралдаан маш ширүүн уур амьсгалтай болсон. Эрх баригчид энэ асуудлыг олонхоор түрээ барьж батлаад зориудаар олон нийтэд архи, тамхинаас татвар авч байгаа тухай ойлголт өгөхийг хичээж байна. Гэтэл нийслэлийн иргэд баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээнд мөн татвар төлөх болчихоод байна.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад иргэдийн худалдан авалт 30 хувь уначихаад байгаа. Энэ нь жирийн иргэн та бид өдөр цайны цагаараа хоол идсэнийхээ төлөө нэг хувийн татвар төлнө гэсэн үг. Анх энэ хуулийг хэлэлцэж байхад жилд нийслэлийн төсөвт 13-14 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж байсан. Гэхдээ гаднаас ирж байгаа жуулчид нийслэлд үйлчилгээ авсныхаа төлөө татвар төлснөөс бүрдэнэ гэсэн. Гэтэл манай улсад ирэх жуулчдын ихэнх нь онгон дагшин байгаль үзэхээр ирдэг учраас нийслэлд төдийлөн үйлчилгээ авдаггүй.

Ингээд тооцоод үзэхээр дээрх мөнгөний нэг хувьд хүрэхтэй үгүйтэй байгаа юм. Тэгэхээр үндсэндээ дээрх 13 тэрбумыг нийслэлчүүд бид хоол идсэнийхээ төлөө, гэр бүлээрээ амарсныхаа төлөө татвар төлж, бүрдүүлэх болчихоод байна. Бидний хувьд хямралтай үед тэг хувийн татвар санал болгосон ч авч хэлэлцсэнгүй. Өөрөөр хэлбэл, хямралтай үед иргэдээс шинэ төрлийн татвар авч болохгүй гэсэн ч эрх баригчид энэ хуулийг баталлаа” гэсэн юм.

Нийслэлийн албан татварын шинэ журмын дагуу худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд дээрх татварыг суутгахын тулд 1.5 сая төгрөгийн үнэтэй төхөөрөмж байршуулах шаардлагатай бөгөөд зөвхөн энэ үйлчилгээнээс 10 гаруй тэрбум төгрөг Нийслэлийн дансанд орж ирэх гэнэ. Гэхдээ энэ төхөөрөмжийг авч тавьж чадах иргэд, худалдаа үйлчилгээ эрхлэгчид хэролон байгааг ч мөн тооцож үзэх ёстойг Д.Амарбаясгалан дарга сануулсан. Худалдаа эрхлэгчид эхнээсээ дээрх төхөөрөмжийг лизингээр авч болох эсэхийг хотын даргаас тодруулж өгөхийг хүсч байгаа тухай ч мэдээлсэн нь Нийслэлийн албан татварын хууль хэрэгжиж эхлэх өдрөөсөө багагүй бэрхшээлтэй тулгарахын дохио юм