Бид нэг Монгол
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2015.09.30

Бид нэг Монгол

Хэдэн өдрийн өмнө анхны цас унасан. Анхны цас унахад баярлаж догдолдог нь эртнээс байгаль дэлхийтэйгээ ээнэгшин шүтэлцэж амьдарч ирсэн нүүдэлчин монгол хүний араншин билээ.

Гэвч энэ жилийн анхны цас тийм ч олон хүнийг баярлуулаагүй. Нийгэм, эдийн засгийн амьдрал бүүдгэр бараан урагшгүй, урамгүй явдлаар дүүрч нийтийн сэтгэл нэг л дүнсгэр өдрүүд үргэлжилж байгаа учраас байгаль дэлхийн гоо үзэсгэлэнг ч бишрэн магтах сөхөө бага байлаа. Монголчууд бид хоорондоо ойлголцохгүй, талцан хуваагдаж ирснийхээ горыг сүүлийн үед илүү ихээр амсч байна. Эв нэгдэлтэй, ойлголцолтой байхад намрын налгар өдрүүд шиг өнгөлөг гэгээлэг дүр зураг харагдаж байсан бол, эвдрэл талцлын үр дүнд хар цагаан зураг шиг бүүдгэр өдрүүд үргэлжлэх болов.

Анхны цас унахтай зэрэгцээд бичин жилийн зуд нүүрлэх болов уу, яадаг бол гэсэн зовнил малчдын сэтгэлийг чилээж, цалин хасна гэсэн Засгийн газрын мэдэгдэл олон хүнийг давхар хямраав. Энэ зунжин улстөржиж цаг алдсанаа гэнэт сэхээрсэн мэт "Улсын төсөв хүндэрсэн" гэдэг тайлбараар хачирлаж, "Нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэм" гэж Ерөнхий сайд маань Сангийн сайддаа үүрэг өгч байх юм.

Уг нь дэлхий даяар хямдарч байгаа шатахууны үнийг Монголд ч бас бууруулах боломжтой ч төр засгийн буруугаас болж нүүрлэсэн хямралыг ард иргэдийн нуруунд үүрүүлж татвар, төлбөр нэмэх замаар давах гэж байгаа нь харамсалтай. Хэдхэн сарын өмнө татвар нэмэхгүй гэж амлаж байсан Ерөнхий сайдын маань энэ үйлдэл эргэлзээ төрүүлж байна. Монгол Улс маань бүхэлдээ хүндэрчээ. "Үүнээс илүү өвдөлт мэдэрнэ" гэж Ерөнхий сайд асан, одоогийн танхимын гишүүн нь сануулах нь бид улам л мухардаж, арга барагдаж байгааг илтгэнэ.

Байдал үнэхээр хүнд болсныг дараахь үйл явдлууд нотолж байна. Айл өрхийн эрчим хүчний үнэ нэмэгдсэн. Үнийн нэмэгдэл иргэдийн амьжиргаанд хүндээр тусахаас гадна үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэж тэр хэмжээгээр суүрь зардал өсөх нөхцөлийг бүрдүүлэв. Тариа ногоогоо хурааж авахаас өмнө хүйт залгаж, урт зуны ган гачигтай хоршин гурил, ногооны хомсдол бий болох нь тодорхой болов. Тариагаа хурааж байгаа цөөн хэд нь га-гаас 10 хүрэхтэй үгүйтэй центнер ургац хурааж байна.

Тариаланчдын сэтгэл гундуу, иргэд гурил, ногоогоо хавьгүй илүү үнээр авах нь гэсэн бухимдалтай явна. Бичин жилийн зуднаас урьтаж хэдэн малаа зарах гэсэн малчид ч өдөр нь биеэрээ, шөнө нь сэтгэлээрээ зовж байна. Мал үнэгүй болж, арьс нь чихрийн цаас шиг үнэлэгдэх ийм цаг ирнэ гэдгийг хэн урьдаас мэдэх билээ. Хямд мах идэх нь хотынхонд аятай ч Монгол орны экспортын хоёр дахь том салбар уналтад орсноор алдагдал нөхөхөөсөө илүүтэй эргээд нийслэлчүүдийн халааснаас хэд дахин үржүүлээд авчих болохоор малчдын амьжиргаа доройтох нь монголчуудын хэтэвчийг алсуураа торгох нь дамжиггүй.

Дээрээс нь Улаанбаатарт суралцахаар ирсэн оюутан хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр нэмэгдэж орлогынх нь орой зардпынх нь ёроолоор шүргэхтэй үгүйтэй болов. Нэг оюутны сургалтын төлбөр 2.5-3.0 сая төгрөг, дээрээс нь дотуур байр, амьжиргааны зардлыг хамгийн багаар бодоход зургаан сая төгрөгөөр нэг жилийг барах нь. Хөнгөлж чөлөөлдөг байсан нийтийн тээврийнх нь үнэ ч нэмэгджээ. Хойч үеийнхний нурууг тэнийхээргүй болтол ачаа үүрүүллээ. Барилга барьсан компаниуд өрийн сүлжээнд нэрвэгдэж, хотоор нэг эзэнгүй барилгууд хүйтэн хөндий балгас мэт дүнсийх боллоо. Байр авах чадалтай, чинээтэй хүн байх нь бүү хэл байр авсан нэг нь банкны зээлээ төлөхдөө "мачийж" байна.

Барилгын салбарынхны өр, байр зээлдэгчдийн өр банк санхүүгийн байгууллагыг хоёр талаас нь зулгааж, эдийн засаг царцанги хөшүүн байдалд орж, хэн ч шинээр бизнес эхлүүлэхээс зүрхшээм дүр төрх Монгол оронд хавтгайрлаа. Зах, дэлгүүрт лангуу түрээслэгчид түрээсээ төлж дийлэхгүй болж, лангуугаа нээж хоосон зогссоноос зарлага гаргалгүй гэртээ хэвтэхийг илүүд үзэх болов. Улсын ажлыг өөрийн болон өрийн хөрөнгөөр хийсэн компаниуд мөнгөө авч чадахгүй төрийн байгууллагын үүдийг сахин өдрийг өнгөрүүлэх болжээ. Хэдэн хүнийг цалинжуулж байгаа хувийн хэвшлийнхэн амь тариагаа барж байна.

Цалингаа залгуулж чадахгүй, өрөндөө баригдсан аж ахуйн нэгжүүдэд татварын шалгалт, төрийн дарамтулам хүндээр тусч амьсгаа авах зайгүй болтол нь бачууруулж байна. Байдал яагаад ийм болсныг бид бүгд мэднэ. Төрийн буруу бодлого, засаглалын хямралын хажуугаар дэлхийн зах зээл дэх түүхий эдийн уналт, мал, махны үнэгүйдэлт, ган гачиг. Монголыг дотроос нь сөхрүүлсэн хямрал дээр гадаад зах зээл сөрөг нөлөө үзүүлэх боллоо.

Ийм үед Засгийн газар цаг аргацаасан, сайд нар сонгууль хүртэл тэсч үлдэх гэсэн, УИХ-ын гишүүд хөөргөн популизмаар дахиж сонгогдох гэсэн  явуургүй сэтгэлтэй байвал бид хэдэн үеийнхнийхээ хөлс, цус, хөдөлмөр, зүтгэлээр бүтээн босгосон бүхнийг үнэ цэнгүй болгоно. "Итгэл” хэмээх үг гудамжинд хийсэх шаргал навчис шиг хөглөрөн тэнүүчилж, харц доогуур гундуухан алхах хүмүүсийн тоо улам олшрох боллоо.

Сонгууль дөхөх тусам дэвэргэн уур амьсгал ихэсдэг жамаар бид цаашаа явбал энэ УИХ хугацаанаасаа өмнө тамираа барж мэдэхээр байна. Цаашдаа нэгнээ үгүйсгэсэн, хүч түрсэн, үл ойлголцсон байдал үргэлжилж болохгүй. Бид улс үндэстнийхээ том эрх ашгийн төлөө ойлголцож, эв нэгдлийг хичээж ажиллах цаг болжээ. Энд манай танай нам, Засагт хамтарсан, хамтраагүй нь сонин биш. Гагцхүү том эрх ашиг, үндэсний зөвшилцөл ойлголцлыг эрхэмлэх сэтгэлзүй л чухал юм.

Нийгэм хямрах тусам эрүүл бус сэтгэлгээ давамгайлдаг. Бухимдаж талцаад хэн нь ч хожихоосоо өнгөрсөн. Бид нэг л гэр орон, хэл соёлтой. Хүний нутагт явахдаа гурилтай шөлөө санадаг, гуниглаж баярлахдаа төрийнхөө далбаанд мэхийдэг ард түмэн. Ардчилсан намын, Ардын намын Монгол орон гэжхаана ч, хэзээ ч байхгүй. Байлгах ч ёсгүй юм. Унавал хамтдаа л унана, урагшилбал хамтдаа л урагшилна.

Тийм болохоор зөвшилцөл, ойлголцлыг эрхэмлэж бэрхшээлийг хамтдаа даван туулах зүг чигээ олъё. Өрсөлдөгч, хамтрагч хэн нь ч бай ижилхэн Монгол эх орныхоо төлөө зүрх нь цохилдгийг ухамсарлаж нэгнээ хүндэтгэн урам, итгэлээ сэргээе. Хамтдаа энэ бүхний ард хэрхэн яаж эрчээ сунгаж, эвээ чангалж гарах вэ гэдгээ бодох цаг болжээ. Амны билгээс ашдын бэлгэ гэлцдэг. Гэхдээ өнөөдрийн  бүүдгэр нийгмийн дүр зургийг сэтгэлдээ тээж явах бус ил тодоор илэн далангүй хэлэлцэн, шүүн тунгаацгаая.

Нийгэмдээ гэрэл нэмье. Асуудлаа ярилцъя, ширээний ард ажил хэрэгчээр сууцгаая. Удахгүй эхлэх намрын чуулганыг нийгэмдээ гэрэл нэмсэн, ард иргэдээ итгэл найдвараар урамшуулсан түүхэн чуулган болоосой хэмээн хүсч, энэхүү санал санаачилгад нэгдэн нийлж, түгээн дэлгэрүүлэхийн төлөө ойлголцлыг, зөвшилцлийн замыг улс үндэстнээ аврах гарц гэдгийг ухамсарлая. Бид нэг л эх оронтой, Бид нэг монголчууд.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт