Улс төрийн "Ногоон мод"
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.09.25

Улс төрийн "Ногоон мод"

Монголын улстөрд “ногоон мод” тарих уриатай хөл гишгэсэн эрхэм бол одоогийн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан. Улс төрд мод тарья гэсэн уриа бол энэ салбарыг эрүүлжүүлэх түүний зорилго юм.

Тэр энэ уриандаа эзэн болж, элдэв хуудуутай зүйлд байр сууриа шударга илэрхийлдэг нэгэн. Олонд төдийлөн танигдаагүй Г.Баярсайхан 2008 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан юм. Түүнээс хойш бусад гишүүн, намын нөхдөө ч шүүмжилчихдэг, ширүүн дориун үгтэйгээрээ нийтэд нэлээд танигдсан билээ. Тэрээр сүүлийн хоёр парламентдамнан ажиллаж байгаа буурь сууж буй улстөрч юм.

Хөдөлмөрийн сайдын хувийн намтрын тухайд хүний их эмч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1988 онд Дорнод аймгийн Сүмбэр сумын 10 жилийн дунд сургууль, 1997 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. 2006-2008 онд “ Экологи” компанийн захирал, 2008 онд Монголын экологийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан.

2008 оноос УИХ-ын гишүүн, 2012-2014 ондУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдож ажилласан. Ардчилсан намын дарга З.Энхболдын тэргүүлж байсан  Ардчилсан хүчний холбооны удирдлагуудын нэг. Мөн АН-ын “Шонхор” фракцын гишүүн бөгөөд тус фракцын квотоор Шийдлийн Засгийн газрын хоёр дахь бүтцэд багтсан сайд юм.

Хөдөлмөрийн сайд одоогоор олны анхааралд бий. Нийгмийн бүхий л асуудлыг хариуцдаг болохоор тэр. Үйлдвэрчний эвлэл цалин, тэтгэвэр нэмэх шаардлага тавьсан нь энэ яамны голлох ажлын нэг болоод буй. Эдийн засаг хумигдсан ийм үед цалин нэмнэ гэдэг хүнд зүйл ч яамандаа бүтцийн өөрчлөлт хийхгүй, төрийн өгсөн үүргийг үүрэлцээд явна гэдгээ Г.Баярсайхан сайд хэлсэн байна лээ.

Түүнийг сайдад нэр дэвшүүлэхдээ намын нөхөд нь “Манай Баярсайхан хоёр удаа ард түмнээсээ сонгогдчихжээ. Хоёр дараалаад байнгын хорооны даргаар ажиллачихжээ. Бид бэлтгэгдчихсэн гэж үзэж байна. Төрийн ачааг хүнд үед үүрэлцээд, хариуцлагатай салбарыг аваад явах нь зүйтэй” гэж хэлж байв.

Сайдад хамаатай бас нэгэн шийдвэр уржигдар Ерөнхий сайдаас гарав. 2015 онд цалин нэмэхээр төлөвлөсөн ч ирэх жилийн төсөвт шилжүүлэхээс аргагүй болжээ. Тиймээс Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоотой учраа олж,. талцах, хэл ам гаргахгүй байх үүргийг тэрээр хүлээж байна гэсэн үг. Энэ эмзэг, эгзэгтэй үе Г.Баярсайхан сайдын ажлын чадварыг ачаа даах хийгээд шалгах нь.