УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурлын явц байдлын талаар мэдээлэл хийв
Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва
2015.09.18

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурлын явц байдлын талаар мэдээлэл хийв

Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилж буй ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурлын явц байдлын талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр /2015.09.17/ товч мэдээлэл хийлээ.

 

Тэрээр мэдээлэлдээ, "Манай улсад анх удаа зохион байгуулж байгаа  ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн  хурлыг Монгол Улс  сайн зохион байгуулсан талаар ЕАБХАБ-ын ерөнхийлөгч хэлсэн үгэндээ олон удаа давтаж хэллээ. Мөн  бусад улс орны төлөөлөгчид ч тодотгон онцоллоо. Хурлын үйл ажиллагаанд оролцсон улс орны парламентын  төлөөлөгчид дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Түүнчлэн өндөр хэмжээний зочид төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга болон бусад  удирдлагуудтай уулзаж улс орны хоорондын аюулгүй байдал, гадаад бодлого, хүний эрх, улс орны эрх тэгш байдал, улс төр түүний дотор  эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр ярилцлагууд хийсэн.

Тухайлбал, ХБНГУ-ын Бундестагийн гишүүдийн төлөөлөлтэй Улсын Их Хурлын дарга уулзах үеэр  Монгол-Германы хоорондох эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр сонирхолтой санаануудыг хөндөж ярилаа. Энэ нь   олон орны парламентын төлөөлөл ирсэн энэ үед өөрийн улс орны нөхцөл байдлыг зөв ойлгуулж хөрөнгө оруулалтыг дэмжих, хамтын ажиллагааг сайжруулах, улс орныхоо өнөөдрийн алдаатай болон дэвшилттэй зүйлийг ний нуугүй ярилцсанаараа  ач холбогдолтой боллоо гэж үзэж байна.

Европын дүрвэгсдийн асуудлаар төлөөлөгчид маш их сэтгэл зовниж үг хэлж байна. Мөн Украйн, ОХУ-ын хоорондын асуудлаарх харилцан эсрэг тэсрэг байр суурийг оролцогчид дүгнэхдээ цаашид  харилцан бие биедээ зэвсэг хэрэглэх, хүч хэрэглэх бус диалог буюу ярилцлагын хүрээнд асуудлыг шийдэх ёстой, 40 жилийн өмнө эхэлсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж явах ёстой гэсэн байр суурьнаас хандаж байна.

Мөн хурлын үеэр байгаль орчин, хүнсний аюулгүй байдал болон  усны хомсдлын талаар Улсын Их Хурлын гишүүн С.Оюун сонирхолтой илтгэл тавьсан. Хүнсний аюулгүй байдал нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан том асуудал болж байгаа. Дэлхий нийтийн хэмжээнд хотжилт ихсэх  тусам хүнсний аюулгүй байдал, бэлчээр,  мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх нөхцөл байдал жилээс жилд багасч байна. Нөгөө талаар дэлхийн хүн амын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Мөн дээр нь агаарын бохирдол, усны бохирдлын асуудал том асуудал болж байгаа. Энэ нь зөвхөн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурлаас гадна НҮБ-ын хэмжээнд судлагдаж, байнга яригдаж байдаг сэдэв учраас хүнсний аюулгүй байдлын асуудал бол өнөөдрийн хурлын нэг сэдэв болж байгаад баяртай байгаа.

Монгол Улс хүн ам цөөн, газар нутгийн хэмжээ томтойн хэрээр  экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой. Өнөөдөр манай улсад тулгамдаж буй асуудал байгаа ч  цаашид бид хүнсний аюулгүй байдал, экологийн цэвэр хүнс, түүний дотор аюулгүй хүнсээр өөрсдийгөө хангах, цаашдаа хүнсний бүтээгдэхүүнийг байгалийн баялгаас дутуугүй хэмжээнд маркетинг хийх бодлого маш чухлаар тавигдаж байна. Бидний хувьд хүнсний аюулгүй байдал  томоохон асуудлын нэг болж байна. Мөн цаашид  олон улсын тусламж дэмжлэг, төсөл хөтөлбөрүүд усны бохирдлын асуудлыг шийдэх, цөлжилтийн эсрэг асуудлыг шийдвэрлэхэд манайд өгч байгаа тусламжийн гол чиглэл байгаасай гэж бодож байна гэлээ" хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.