Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг уучлалт гуйх хэрэгтэй гэв
2015.09.09

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг уучлалт гуйх хэрэгтэй гэв

Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймгийн иргэд өчигдөр хэвлэлийн бага хурал зарлалаа.

Тэд өнгөрсөн долоо хоногт болсон “Шийдлийн цаг” уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл хийж Тавантолгойн асуудлыг ярихдаа, бие дааж нэр дэвшиж, ялалт байгуулсан С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гэсэн гишүүдийг хоточ нохой шиг үзсэнд бухимдалтай байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд уул уурхайн томоохон ордуудын хувь заяаг эдгээр гишүүдтэй хэлэлцэхгүй, асуухгүйгээр шийднэ гэж мэдэгдсэн юм.

Энэ нь ард иргэдийн дунд ийнхүү бухимдал  үүсгэжээ. Тиймээс иргэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг нэн даруй уучлалт гуйхыг шаардаж байна. Дархан-Уул аймгийн төлөөлөгч Б.Оюунчулуун “С.Ганбаатар гишүүнийг хууль бус гэсэнд бухимдалтай байна. Тэрээр 65000 хүний дуу хоолой болж, УИХ- д суусан. Гэтэл манай тойргийн гишүүний үгийг сонсохгүй байна гэдэг дарханчууд биднийг доромжилж байна гэсэн үг” гэв. Харин Хөвсгөл аймгийн төлөөлөгч Б.Баянбаатар “ Ерөнхий сайд ингэж хүн доромжлох эрхгүй, эдгээр гишүүдийг доромжлох нь

ард нь буй сонгогчдыг доромжилсонтой утга нэг юм” гэлээ. Мөн Дорнод аймгийн төлөөлөгч Г.Алимаа “Х.Болорчулуун гишүүнд бид итгэл өгч УИХ-д суулгасан. Тиймээс ч манай гишүүн  аймгийнхандаа нэр хүндтэй. Тойргийнхоо хөгжил цэцэглэлтийн төлөө их зүйл хийж байгаа. Ард түмний төлөөллөөс гарсан гишүүн ард түмнийхээ төлөө л ажилладаг. Оюутолгой, Тавантолгой зэрэг Монголын баялгийг харийн улсад өгөх гэж байгаа нь зүй бус хэрэг юм. Энэ бол Монголын хойч үеийн ирээдүйн нэг хэсэг. Тиймээс энэ хэлэлцээр, яриаг дэмжихгүй байгаа нь бие даагч гурван гишүүний зөв гэж бид бодож байна” гэв.