Авто болон төмөр зам тавихдаа амьтдад зориулж заавал гарц байгуулах боллоо
Монгол Улсад олон төрлийн стандарт бий. Эдгээр нь ихэвчлэн хүн төвтэй нийгэмд зориулагдсан болохоос зэрлэг амьтдыг хамгаалахад хүртээлгүй байсаар ирсэн билээ.
Тэгвэл нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол Улс төв Азийн орнуудаас анх удаа баталлаа. Саяхан батлагдсан энэ стандартыг хэрэгжүүлснээр дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг амьтдын нүүдлийн замд саад учрахгүй байх боломж бүрдэж байгаа юм.
Нүүдлийн тууртан амьтдад ямар аюул учраад байгаа вэ?
Амьтдын нүүдэлд хамгийн их саад болдог нь авто болон төмөр зам. Монгол Улс нийт 1088 км урт төмөр замтай. 1949 оны арваннэгдүгээр сарын 7-нд анхны галт тэргээ хүлээн авч байсан монголчууд 1955 онд Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замыг нээснээр Ази-Европыг холбосон хамгийн дөт замтай болсон юм.Төмөр зам дагаж томоохон хот суурин сүндэрлэж, манай улсын эдийн засаг болон нийгмийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэртэй байгаа билээ. Аливаа бүтээн байгуулалт сайн, муу хоёр талтай байдаг бичигдээгүй хууль манайд ч харамсалтай нь давтагдах ёстой байжээ.
Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замыг ашиглалтад оруулснаар олон зууны турш тааваараа бэлчин амьдарч байсан цагаан зээрийн сүргийг төмөр замаар баруун, зүүн хэсэгт хуваачих нь тэр. Яг л Солонгосын хойгийн дайны дараа Солонгосын ард түмэн хоёр хуваагдаж элэг нэгт ахан дүүс аргагүйн эрхэнд салж тухайн үеийн улс төрийн бодлогын золиос болж байсан шиг. Ялгаатай нь, тэд хүн юм болохоор зовж зүдэрч байгаагаа дэлхий даяар зарлаж, мэдрүүлж чадсан. Хөөрхий зэрлэг амьтад бидэн шиг ярьж, эрхээ хамгаалж чадахгүй болохоор хөгжлийн золиос болоод хоцорсон юм.
Эрдэмтдийн судалгаагаар нутгийн баруун хэсэгт үлдсэн цагаан зээрийн сүрэг үрэгдсээр одоо бараг байхгүйтэй адил болжээ. Амьтдын нүүдлийг төмөр зам дагуухь тороор хааж тэнд нь амьтад олноороо өлгөгдөж үхсээр байгаа дүр зураг олон жил давтагдсаар ийнхүү цагаан зээрийн тасарсан сүргийг мөхөл рүү чирсэн юм. Харин нутгийн зүүн хэсэгт үлдсэн зээрийн үндсэн сүрэг одоохондоо тааваараа бэлчиж явна. Гэхдээ энэ сүрэг төдийгүй бусад тууртнууд удахгүй зүүн бүсэд өрнөх дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтаас болж мөхөж мэдэх аюул хэдийнэ хаалга тогшиж эхлээд байна.
Зүүн чиглэлд тавих төмөр зам нүүдэллэдэг амьтдад жинхэнэ аюул учруулахаар байгаа билээ.Учир нь, Даланзадгадаас Чойбалсан хүртэлх төмөр зам социализмын үед хүчээр таслагдаж үлдсэн цагаан зээрийн нүүдлийн замыг хааж таарах нь. Хөөт-Бичигтийн төмөр зам ашиглалтад орохоор бүр хавханд орсон юм шиг таг хаагдах төлөвтэй байгаа юм. Цагаан зээр бол Монголын бахархал болохоор амьтан. Бид л тоодоггүй болохоос нутагт нь нэг төрлийн амьтан олон мянгаараа нүүдэллэдэг улс дэлхийд цөөн.
Японы эрдэмтэд 2002-2005 онд цагаан зээрэнд хүзүүвч зүүж шилжилт хөдөлгөөнийг нь судалжээ. Тэгэхэд нэг ч цагаан зээр төмөр замын торыг давж гарч чадаагүй нь тодорхой болсон юм. Цагаан зээр ган зуд болоход бэлчээрээ дагаж олон км нүүдэллэдэг. Тэгж яваад хил дээр ирдэг ч өргөст торонд тулаад зогсдог. Гарах гэж зүтгэсэн нь торонд олон арваараа өлгөгдөж үхдэг. 2000 онд л гэхэд ОХУ-ын хил дээр 100 мянга гаруй цагаан зээр очоод гарч чадахгүй газар тэнгэр нийлж байсныг судлаачид хэлдэг.
Ганц цагаан зээр ийм хүнд байдалд ороод байгаа юм биш. Даланзадгад-Сайншанд чиглэлийн төмөр зам тэр хавиар нутагладаг хулан, хар сүүлтийн нүүдэлд бас л саад болохоор байна.
Одоогоор тодорхойлоод байгаа чиглэлээр баруун бүсэд тавих дэд бүтэц Ховд, Говь-Алтай аймгийн нутагт бэлчдэг дэлхийд өөр хаана ч байхгүй монгол бөхөнгийн гол тархац нутгийн яг дундуур нь гарч байна. Өөрөөр хэлбэл, монгол бөхөнгийн нүүдлийг хааж байгаа юм.
Үүн дээр 2017 он гэхэд босоо тэнхлэгийн авто замууд ашиглалтад орно гэхээр нүүдэллэдэг амьтдын ирээдүй тун бүрхэг болов. Нэгэнт улс орны эрх ашгийг хойш нь тавихгүйгээс хойш төмөр болон авто зам барьж л таарна. Харин энэ ажлыг амьтдын нүүдэлд саад болохгүйгээр яаж хийх вэ, хийхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх баталгааг одоогоор хэн ч өгч чадахгүй байна. Хэрвээ одоогийн төслөөр явах юм бол цагаан зээрийн сүрэг ес хуваагдана. Хулан долоо, хар сүүлтийн сүрэг мөн долоон хэсэгт хуваагдах төлөвтэй байгааг эрдэмтэд хэлж байна. Нүүдэллэдэг амьтдын сүрэг хоорондоо “учирч” чадахгүй хуваагдана гэдэг тухайн амьтан мөхөл рүүгээ явахын эхлэл гэдгийг эрдэмтэд, судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ.
Говийн бүсэд барьсан авто зам хулан, хар сүүлтийн нүүдэлд төмөр замын торноос дутахгүй аюул учруулж байгаа юм. Нүүрс зөөдөг тэр олон зуун машины дуу чимээ, тоос шороонд ямар ч амьтан зам хөндлөн гарч чадахгүй дайждаг. Ингээд л амьдрах орчин нь хумигдаж амьтдын тоо толгой цөөрөөд эхэлж байгаа юм. Уул уурхай байхгүй хэсгээр амьтад зам гардаг ч осолд өртөх нь цөөнгүй. Замын цагдаагийн газрын мэдээллээр бол 2007-2011 онд 295 амьтан зам, тээврийн ослын золиос болжээ.
Стандарттай боллоо, одоо яах вэ?
Дээр дурдсан олон бэрхшээлийг улс орнууд нүхэн болон гүүрэн гарц байгуулах замаар шийдсэн байдаг. Өндөр хөгжилтэй орнууд ч бидэнд өнөөдөр асуудал болоод байгаа энэ бэрхшээлтэй нүүр тулсан, олон ч амьтан тэдний хөгжлийн золиос болсон түүх бий. Улс орон хөгжиж, санхүүгийн бядтай болохын хэрээр нүүдлийн амьтдад зориулж олон төрлийн гарц байгуулснаар амжилтад хүрсэн нь цөөнгүй. Монгол орны хувьд ойрын жилүүдэд уул уурхай дагасан эдийн засгийн хөгжил жин дарах нь нэгэнт тодорхой болсон тул зэрлэг амьтдаа хамгаалах зайлшгүй шаардлага гараад байгаа юм. Стандарттай болсноор нүүдэллэдэг амьтдын хамгааллын зөв эхлэл тавигдлаа гэж байгаль орчны салбарынхан ам сайтай байна.
Байгаль, ан амьтнаа хамгаалахад тодорхой хуультай байх их чухал. Харин хаа очиж энэ тал дээр монголчууд олон улсын жишгээс хоцролгүй явж байна. Засгийн газраас баталсан Нэн ховор, ховор амьтныг хамгаалах үндэсний хөтөлбөр гэж бий. Үүнд, уул уурхай, газрын тос, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хөрөнгө оруулалтын ажил, төсөл хөтөлбөрт өөрчлөлт оруулах тохиолдолд шаардагдах зардлыг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний багцад тусгах замаар нэн ховор, ховор амьтдын тархац нутаг хумигдах, нүүдлийн зам хаагдах, тоо толгой цөөрөх, амьдрах орчин доройтохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна” гэж заажээ.Тодруулбал, зэрлэг амьтдын нүүдэлд саад болохгүй байх бүх арга хэмжээг авахыг Засгийн газраас холбогдох эрх мэдэлтнүүдэд үүрэг өгчихсөн гэсэн үг.
Албаны хүмүүсийн ярьснаар шинээр барих төмөр замыг торгүй хийхээр төлөвлөж байгаа ажээ. Ингэснээр нүүдлийн амьтдын бэрхшээл нэгээр цөөрч байгаа юм. Шинэ стандарттай болсноор бүх асуудал шийдэгдэж байгаа юм биш. Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замын торыг авах уу, үлдээх үү, тэнд шинээр гүүрэн, нүхэн гарц барих эсэх нь маргаантай, тодорхойгүй хэвээр үлдэж байна. Эрдэмтэн, судлаачдын ярьснаар бол амьтдын нүүдэлд саад болдог төмөр замын торыг манайд зөвхөн мал оруулахгүй байх талыг нь харж хийсэн байдаг ажээ. Торыг авсны дараа галт тэргэнд мал дайруулвал нөхөн төлбөрийг хэн өгөх вэ, хариуцлагыг хэн хүлээх вэ гээд олон асуулт гарна. Хамгийн гол нь, төмөр замын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх талтай. Хүнээ бодох уу, амьтнаа бодох уу гэдэг салаа сонголт ч гарч ирнэ. Зохицуулах асуудал цөөнгүй байна.
Цагаан зээр, хулангийн шилжилт хөдөлгөөнийг судалсан дүнгээс үзэхэд суурин газар, төмөр замын өртөө харуулын ойр орчимд амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд зориулсан гарц байгууламж барих шаардлагагүй, үр дүн муутай байдаг.Үндсэндээ зун цагт мал орж сэрүүцдэг, бас машин гардаг газар л болчихсон. Нөгөө талаар бага хэмжээтэй хийсэн болохоор сүргээрээ нүүдэллэдэг амьтад очоод бөөнөөрөө багтах аргагүй. Ямар ч зэрлэг амьтан байгалийнхаа зөн совингоор аюулыг мэдэрч тэр жижиг нүх рүү шургахгүй. Бусад газар энэ асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдсэн байдаг ажээ. Нүхэн гарцыг нэлээд өргөн хэмжээтэй хийдэг. Өөрөөр хэлбэл, цаад тал нь тэнгэр нэвт харагдахаар тийм хэмжээг сонгодог юм байна. Зэрлэг амьтад ийм газраар чөлөөтэй нэвтэрч гардаг нь олон улсад нотлогджээ. Ийм гарцыг шинэ стандартын дагуу Монголд хийх нь тодорхой.
Монгол Улс байгаль хамгаалах чиглэлийн олон улсын томоохон конвенциудад нэгдсэн байдаг. ХБНГУ-ын Бонн хотноо 1979 онд байгуулсан Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах (CMS) тухай томоохон конвенц байдаг. Үүнд манай улс элсчихсэн, дүрэм журмыг нь дагаж биелүүлэх үүрэгтэй. Хэрвээ шинээр төмөр зам барихдаа урьдын алдааг давтаж нүүдэллэдэг амьтдын сүргийг дахиад л тасалчихвал дэлхий даяар байгаль орчинд онцгой анхаарал хандуулдаг болсон өнөө үед Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд унах эрсдэлтэйг мартаж болохгүй.
Ер нь байгаль, ан амьтнаа хамгаалах ёстой гэдгийг хүн бүр л сонсдог, мэддэг. Энэ ажлыг манай төр засаг, байгаль хамгаалах төрийн бус байгууллагууд чадлаараа хийдэг. Олон ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, их ч сурталчилдаг. Тэглээ гээд хулгайн агнуур гараад л, мод огтлоод л, гол мөрнөө бохирдуулсан хэвээр байна. Яагаад энэ байдал өөрчлөгдөхгүй байна вэ. Бүгд л үүний учрыг бусдаас хайдаг. Гэтэл тайлбар, шийдэл нь энгийн. Бид байгаль, ан амьтнаа яагаад хамгаалах ёстойг ойлгохгүй байгаа нь гол зангилаа. Энэ шоргоолж, тарвага, хулгана, зурам, ой мод, гол горхи бидний л баялаг, бид л эзэн нь гэдгээ ойлгочихвол асуудлын зангилаа тайлагдана. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг гэж өвөг дээдэс маань зүгээр ч нэг хэлээгүй байх.
Үүнийг тодотгох нэг жишээ бол Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баруун бүсэд барьж байгаа босоо тэнхлэгийн авто зам юм. Эдүгээ гуравны хоёрыг нь тавиад байгаа тус замыг олон улсын стандартад нийцсэн хэмээн мэргэжилтнүүд онцолж байгаа. Алтайн нурууг давж, 68 км урт Бодончийн хавцлаа даган урсах энэ замын 70 хувь нь далайн түвшнээс 2000 м өндөрт орших аж. 20-80 метр өргөнтэй хавцал, гол гэсэн хязгаарлагдмал орон зайд баригдсан бөгөөд голын голдирлыг 14 км газарт шилжүүлжээ. Бодончийн хавцалд 30-120 метр урт, нийт 720 метр урт 12 ширхэг шулуун болон муруй гүүр барьсан байна.
Огцом эргэлт, өгсүүр, налуу ихтэй энэ замд анхааруулсан тэмдэг, чиглэлийн самбар болон шөнийн гэрэлтүүлгийн ойлгогчтой хаалт, хашилт цөөнгүй хийжээ. Харамсалтай нь, энэ замд зэрлэг амьтдын нүүдэлд саад болохгүй байх гарцыг хийсэнгүй. Хэдийгээр мэргэжилтнүүд нь ийм зориулалтаар 17 гарц барина гэж байгаа ч хэзээ, хэрхэн хийх нь тодорхой бус. Азийн хөгжлийн банк бол нэр хүндтэй том банк. Олон улсад томоохон төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай ийм банк байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулалтад анхаардаг өөрийн гэсэн дүрэмтэй л байх. Гэтэл зам нь эхнээсээ ашиглалтад ороод байхад амьтад зориулж гарц хийгээгүй замыг санхүүжүүлж байгаа нь шаардлага өндөртэй том банкны хувьд харамсалтай л юм. Нөгөө талаар энд бидний буруу бас бий. Нутагтаа зам барьж байж байгаль, ан амьтнаа гаднынхнаас илүүтэйгээр бодох нь бидний үүрэг билээ. Үнэндээ Монголын маань ан амьтан, байгалийг оросууд хамгаалахгүй, хятадууд өрөвдөхгүй. Бид л хамгаалах үүрэгтэй, яагаад гэвэл бид энэ өргөн уудам нутгийн эзэд.
Монгол орон олон зууны турш зэрлэг ан амьтан, ургамлын өлгий нутаг байж хүн ард нь байгальтайгаа шүтэлцэн амьдарсаар ирсэн түүхтэй. Энэ агуу филиософийн үнэ цэнийг алдагдуулахгүй байлгах нь бидний анхаарч хийх ёстой ажил юм. Бусад нь бол аажимдаа шийдэж болох жижиг асуудал билээ.
Хэдийгээр бэрхшээл цөөнгүй байгаа ч байгаль хамгааллын талаар Монгол Улс чамлахааргүй амжилттай явааг онцлох хэрэгтэй байх. Хэрэгжүүлж чадвал хангалттай олон хууль, журам байна. Бас олон улсын томоохон конвенцуудад элсчихсэн. Түүгээр зогсохгүй монголчууд Ногоон хөгжлийн үзэл баримтлалтай болж дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж чадаж байгаа билээ.
Юутай ч бид шинэ стандарттай болж чадлаа. Төмөр болон авто зам барихдаа амьтдад зориулж заавал гарц байгуулахаар болсон нь өөрөө том амжилт юм. Хууль нь байна, гашуун жишээ нь ч байна. Одоо хийх л үлдлээ.