МАН-ын дарга М.Энхболдын санаачилга ажил хэрэг болох эхлэл тавигдлаа
Монгол Ардын намын дарга М.Энхболд
2015.09.04

МАН-ын дарга М.Энхболдын санаачилга ажил хэрэг болох эхлэл тавигдлаа

Монгол Ардын намын дарга М.Энхболдын санаачилгаар улс төрийн 20 намын удирдлагуудын “Үндэсний зөвшилцөл” 12 дахь удаагийн  уулзалт өчигдөр Төрийн ордонд амжилттай болж өндөрлөсөн.

Энэ уулзалтаар Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын байр суурийг нээлттэй сонссон юм. Энэ уулзалтын үр дүнд Монголын бүх улстөрийн намууд хамтарч Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, ирэх сарын 1-ны өдөр гэхэд УИХ-д өргөн барих зорилготой ажиллахаар болсон.

Тэгвэл энэ ажлын хэсгийг Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ахалж, өнөөдрөөс Сонгуулийн хуулийг боловсруулах ажилдаа ханцуй шамлан орж байна. Монгол Ардын намын дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ “Зөвшилцөх уулзалтыг зохион байгуулж байгаа намын даргын хувьд хувьсгал тэмцэлд уриалсан өнгө аястай хандлагыг дэмжихгүй гэдгээ хэлмээр байна. Үндсэн хуулийн тухайд парламентад суудалгүй улс төрийн намууд үндсэндээ байр сууриа нэгтгэчихсэн юм байна гэж ойлголоо. Нэлээн хэдэн намын даргын ярианд гарч байна. Ер нь энэ УИХ маш хариуцлагагүй байгаа. Энэ өнгө аяс ч дарга нарын үгэнд  нэлээд цухалзаж байна. Өнөөдөр яригдсан Сонгуулийн хуультай холбоотой зүйлсийг нэгтгэж , нийлүүлээд бодитой хууль эрхзүйн орчин болгохын тулд хоёр үе шаттай ерөнхий механизмтай байх хэрэгтэй юм байна гэж бодлоо. 

Нэгдүгээрт, энд ирсэн 20 нам, хараахан ирж амжаагүй хоёр нам, бүгдээрээ нийлээд ажлын хэсэг байгуулах дээр санал нэг байна. Хоёрдугаарт,  парламентад байгаа улс төрийн намууд, эвслийн бүлгүүдийн төвшинд намуудын  боловсруулсан төслийг нэлээн сайн ярилцаж, тэндээ ойлголцолд хүрэх юм бол УИХ-ын гишүүд  бүлэг бүлгийнхээ шийдвэртэйгээр энэ хуулийг санаачилж болно. Тэгээд ирэх сарын 1 гэхэд Сонгуулийн тухай хуулийг УИХ-д өргөн барья. Энэ 30 хоног дотор ажиллах боломж байна” гэлээ. “Үндэсний зөвшилцөл” уулзалтаар улс төрийн намууд зарчмын хэд хэдэн асуудалд байр сууриа нэгтгэсэн юм. Тодруулбал, намуудын олонхи нь сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байсан юм. Бүсчилсэн журмаар явбал зөрчил их үүснэ гэж хэд хэдэн намын төлөөлөл шүүмжилж байлаа.

Ард иргэдийн саналыг хар машинаар тоолсон ч давхар хяналтын тооллого зайлшгүй байх ёстойг төлөөлөгчид хэлж байсан. Нэр дэвшигчидтэй холбоотой маргаан гарлаа гэхэд үүнийг шүүх, цагдаа дээр шийдвэрлэх юм уу сонгуулийн эрх бүхий байгууллага зохицуулах уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай байгааг ч онцолсон. Түүнчлэн сонгуульд орж байгаа намууд хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ижил гараанаас өрсөлдөх сонирхолтой буйгаа ч илэрхийлсэн юм. Ийнхүү Монгол Ардын намын дарга М.Энхболдын санаачилсан уулзалтын ач тусаар өмнө нь наашаа ч үгүй, цаашаа ч үгүй таг гацчихаад байсан Сонгуулийн тухай хуулийн төсөл урагшилж мэдэхээр боллоо. Өөрөөр хэлбэл,  Р.Бурмаа сайдын гацаачихаад байсан Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын санаачилгыг Монгол Ардын намынхан гартаа атгаж эхэллээ.

.