Л.Гантөмөр сайдын хэлсэн онцлох 24 ишлэл: ШУ-гүйгээр хөгжил гэж байхгүй
БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.09.04

Л.Гантөмөр сайдын хэлсэн онцлох 24 ишлэл: ШУ-гүйгээр хөгжил гэж байхгүй

Монгол улс бүхэлдээ боловсролын салбараар амьсгалсан долоо хоног өндөрлөж байна. 

Хөгжлийн гарцыг боловсролтой иргэд хэмээн харсан улс орон л өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын тоонд багтаж буй. Манай улс ч мөн адил боловсролын салбартаа анхаарал хандуулж, боловсролтой, чадварлаг иргэнийг бэлдэж байж л хөгжилд ойртоно. Дэлхийн жишиг рүү ч ойртох шаардлагатай олон асуудал бий. Хичээл эхлэхтэй зэрэгцэн боловсролын салбарын эргэн тойрон дахь өргөн сэдвээр БСШУ-ны сайд Л.Гантөмөр өөрийн санаа бодлыг илэрхийлжээ. Энэ салбарт анхаарах шаардлагатай ямар асуудлууд байгаа болон чухам юуг хийж байж хөгжилд хүрэх талаар түүний юу гэж ярьсаныг 24 баримт онцолж байна. Ингээд БСШУ-ны сайдын хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэе.

 

1. Бусдаас өөрөөр сэтгэдэг, бусдаас илүүг хийж чаддаг ард түмнийг гаргаж ирэх нь л боловсролын шинэчлэлийн гол зорилго.

2. Манай багш нар чадварлаг. Багш нар сурагчид маань хичээл дээр юу хийвэл миний хүсээд байгаа мэдлэгийг авах юм бэ гэдгийг л бодож олох хэрэгтэй. Дараачийн алхам бол сурагчдадаа урам өгөх. Тэр хүүхдүүдэд бусдаас өөрөөр сэтгэх эрх байгаа гэдгийг мартаж болохгүй.


3. Хүүхэд бүрийг хөгжүүлье гэж байгаа бол багш бүрийг л хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхийн тулд сургуульд сайн менежмент хэрэгтэй. Захирлууд багш нараа үргэлж тусалж дэмждэг байх ёстой юм. Бид дээд сургуулийн багш нараа англи хэлтэй болгох тал дээр ажиллана. Дээд боловсролын талаас илүү хичээл нь англи хэл рүү шилжинэ.


4. Аав, ээжүүд би өөрөө ямар хүн бэ гэдгээ эхлээд харах хэрэгтэй. Хүүхэд чинь ямар ч сайн багштай байсан хамаагүй хамгийн том багш бол аав та өөрөө! Ээж та өөрөө!


5. Энэ үеийнхний гол итгэл найдвар бол үр хүүхдүүд нь.


6. Хүүхдүүдийн шинэ мэдлэг олж авах, хөгжилд хүрэхийн эхлэл нь есдүгээр сарын 1-ны өдөр байдаг учраас бид баярладаг.


7. Дунд сургуульд цөм хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр сургалтаар дамжуулж хүүхдүүдийн сурах арга барилыг нь хөгжүүлдэг боллоо. Хүүхдийг үнэлэхдээ хичээлийг сайн цээжилснээр биш тоог бодох гаргалгааг зөв олж мэдсэнээр нь дүгнэдэг болсон.

 

8. Хүүхэд тоогоо өөрөө бодож байж л сурдаг. Физикийн хуулиудыг ч өөрөө туршиж байж л ойлгоно. Тэгэхээр хүүхдээр өөрөөр нь хийлгэж байж л аливаа зүйлийг сургана.

 

9. Хүүхдээ сонсдог бай. Үнэн сэтгэлээсээ ярилц. Хүүхэд гэдгээр нь бас ч болохгүй. Хичнээн хүнд хэцүү үед ч үр хүүхэддээ заавал анхаарлаа хандуулах хэрэгтэй.


10. Орчин үеийн хүүхдүүд номноос холдчихлоо гэсэн төөрөгдөл байдаг. Яг үнэнийг хэлэхэд энэ үеийн хүүхдүүд хамгийн их ном уншдаг. Тэдэнд сонголт ч их байна. Ном уншдаг хүмүүс л хүчирхэг байна.

 

11. Ёс суртахуун хүмүүжил бол зөвхөн өөрт нь байдаг. Одоо бид ёс суртахууныг сургалтуудаар дамжуулж хүүхдэд өгье гэж байгаа юм. Хөдөлмөрийн хичээл дуусахад ангиа цэвэрлэж, гараа угаадаг байхаас л энэ бүхэн эхэлдэг.


12. Шинжлэх ухааны мэдлэгийг ашиглан цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүн төрөлхтөнд санал болгож байж л  улс орон хөгжинө.  


13. Хөгжил бол шинжлэх ухаан. Шинжлэх ухаангүйгээр хөгжил гэж байхгүй!


14. Хүчтэй ард түмэн бусдаас арай өөрөөр сэтгэдэг.


15. Мэдлэгийн ийн эрин үе ирсэн. Аж үйлдвэрийн зуун ард үлдсэн шүү!


16. Дэлхий өөрөө мэдлэгийн эрин рүү шилжсэн учраас энд мэдлэг үйлдвэрлэгчид л тэсч үлдэнэ.


17. Жинхэнэ хожигч бол төгсгөлөө л харах хэрэгтэй. Төгсгөлөө сайн хийхийн тулд бусдын хийж чадаагүй бүтээлийг гаргадаг байх. Бусдын сэтгээгүйг сэтгэж бүтээл болгож чаддаг орныг л шинжлэх ухааны орон гээд байгаа юм.


18. Дэлхий даяар эдийн засаг унаж байхад нэг хэсэг газарт мөнгө ихээр төвлөрч байна. Шинийг эрэлхийлж, цоо шинэ технологи боловсруулж чадаж байгаа хүмүүс рүү мөнгө орно.


19. Одоогийн шинжлэх ухаан их ном уншихаас өөр болсон. Бүх зүйлийг эсийн түвшинд нь харж ажигладаг машинтай болсон. Тэр машин манай эрдэмтдийн гарт ирэх ёстой. Тиймээс лабораториудыг дэлхийн хамгийн шилдэг болгохоор ажиллаж байна. Анагаахын их сургуульд дэлхийд 5-6 ширхэг байдаг лабораторийг байгууллаа. Уусгагч бодисуудаа худалдаж аваад хавдарыг эдгээх, чихрийн шижинг бүрэн арилгах аргыг судална. Тэр судалгааг хийж чадвал эмчлэх эмээ гаргах судалгааг хийнэ. Тэр эмийг дэлхийн 7 тэрбум хүн худалдаж авна. Бид үүнийг хийхийн тулд шинжлэх ухааныг хөгжүүлж байна.


20. Монголд шинжлэх ухааны чөлөөт бүсийг байгуулахаар ажиллаж байна.  Дубай газрын тосны мөнгөөрөө шинжлэх ухаан болон санхүүгийн чөлөөт бүс байгуулсан. Түүн дээр л тулгуурлаж хөгжсөн. Эрх зүйн орчныг нь таатай болгоод судалгаа шинжилгээг нь хийлгэдэг газрыг байгуулсан гэсэн үг.


21. Бидэнд маш их цаг хугацаа хэрэгтэй. Шинжлэх ухааны судалгааг яаж зөв хийх вэ гэдэг дээр л ажиллах хэрэгтэй. Инновацийн компаниудыг баталгаатай гаргаж ирэх хөдлөшгүй хүчин зүйлийн судалгааг гадны зөвлөхүүтэй хамтарч хийж байна. Аль чиглэлийг барьж ажиллавал 100 жил унахгүй явах вэ гэдгийг судалж байна гэсэн үг. Төрөөс таван жил  тогтвортой мөнгө өгчихдөг. Үр дүн гарахгүй бол яах вэ


22. Шинжлэх ухаанд төсөв гаргах нь чухал. Тэр хэмжээгээр шинжлэх ухаан хөгжинө.


23. Шилдэг инженер бол бусдыг хийж буй дуурайдаг бус шинэ сэтгэж хийдэг хүнийг хэлнэ. Даган баясах юм бол төлбөрийг нь, мөнгийг нь дийлэхгүй. Тэгэхээр шинийг л гаргаж ирэх хэрэгтэй.


24. Монголчууд дундаас дэлхийд гайхагдсан инженер гарч бүтээлээ 7 тэрбум хүний хэрэглээ болгож чадах хүн олноороо төрнө.