Ерөнхийлөгч ахмад дайчдад Төрийн дээд одон медаль гардууллаа
1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 235 ахмад дайчин Төрийн дээд одон медалиар энгэрээ мялааж байна.
Өнөөдөр ахмад дайчдын төлөөлөл болгож 19 хүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирж шагналаа гардуулсан юм.
Тухайлбал, Сүхбаатарын одонгоор ахмад дайчин Р.Дамбадаржаа, А.Дорж, У.Доржпалам, Б.Лааган нар шагнууллаа. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин С.Ванчигдоо, Х.Галжав, Д.Сэр-Од, Г.Цэгмэд нар энгэрээ мялаалаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин А.Дуламжав, Л.Халзан нар шагнуулсан бол Цэргийн гавьяаны одонгоор Р.Даш, Б.Дорж, С.Чимэддорж, Я.Рагчаа, Ц.Осор, И.Ламжав нар энгэрээ мялаалаа.
Алтан гадас одонгоор Д.Ишгомбо, Б.Маань, Л.Туваан нар шагнуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор 4, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 68, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 35, Цэргийн гавьяаны одонгоор 85, Алтан гадас одонгоор 43 гээд нийт 235 ахмад дайчныг шагнаж байгаа юм. Цаашид үлдсэн ахмад дайчдын одон медалийг нийслэлийн дүүргүүд болон аймгуудын захиргааны төв байгууллагаас зохион байгуулан ёслол төгөлдөр гардуулан өгөх юм.
Тэрбээр шагнал гардуулах өмнө хэлсэн үгэндээ "Хүн төрөлхтөнд түүхэн сургамж болсон дэлхийн II дайны төгсгөл, энх тайван амьдралын эхлэл - Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын мэндийг хүндэт ахмад дайчид болон ард түмэндээ өргөн дэвшүүлье. Тусгаар тогтносон, бүрэн эрхт, эрх чөлөөт улсынхаа нэр төрийг өндөрт өргөж, дэлхийн дахинд энх тайван тогтоох нийтийн үйлсэд хүчин зүтгэж, ялалт авчирсан эрэлхэг зоригт ахмад дайчид Та бүхэндээ ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал, гүн хүндэтгэлээ илэрхийлж, урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе.
Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг ёслон тэмдэглэх Зарлиг гаргасны дагуу холбогдох байгууллагууд түүхэн ялалтын үнэ цэн, Монгол Улсын зэвсэгт хүчний байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ таниулах, бахархал дууриал болгох, өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулж байна. Монгол Улс, монголчууд бид дэлхийн II дайны жилүүдэд шударга ёс, энх тайвны хүчний талд баттай зогсож, тэдний ялалтын төлөө бүхий л хүч бололцоогоор туслан, чамгүй хувь нэмэр оруулсан нь он цаг улирах тусам улам тодорхой болж байна.
Халхын голын дайны хамтын ялалтаар гагнагдсан Монгол, Оросын ард түмний дайчин нөхөрлөл аугаа Эх орны дайны хүнд бэрх жилүүдэд улам батжиж, монголчууд “Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” уриан дор цаг наргүй хөдөлмөрлөн, хийж бүтээсэн бүхнээ зөвлөлтийн ард түмэн, түүний Улаан армид зориулан найдвартай ар тал болж байсан түүхтэй" гэсэн. Цаашид онцлохдоо "Өнөөдөр Монгол цэрэг ахмад үеийнхнийхээ эх оронч үзэл, ариун үйл хэргийг нэр төртэй залгамжлан үргэлжлүүлж байгаа төдийгүй НҮБ-ын далбаан дор дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах ажиллагаанд оролцон, Дэлхийн цэрэг болж, ард түмнийхээ болон олон улсын талархал, сайшаал хүлээж байгааг тэмдэглэхэд таатай байна. Монголын залуу үе цэргийн эрдэмд сурах сонирхолтой болж байгаа нь туйлын сайшаалтай хэрэг.
Ийм учраас хугацаат цэргийн албанаас гадна цэрэг эх оронч, бие бялдарын хүмүүжил, боловсрол олгодог хөтөлбөрүүдийг өргөжүүлэх талаар Боловсролын байгууллага, Зэвсэгт хүчний байгууллагуудын хооронд бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлэхэд анхаарах нь зүйтэй гэж үзэж байна" гэв. Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны нэгдүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Уг зарлигийн дагуу Засгийн газрын тогтоол гарч ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ахлан ажиллалаа. 1945 оны Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрс оролцсон. Өдгөө 1939-1945 оны хоёр дайнд оролцсон 15, 1945 оны дайнд оролцсон 332 ахмад дайчин амьд сэрүүн байна. Нийтдээ 350 гаруй ахмад дайчин байгаа гэх судалгаа байна. Тэдний хамгийн залуу нь 90 настай байгаа бол хамгийн буурай нь 102 настай байна.