Засгийн газарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлах шаардлага хүргүүлнэ
УИХ дахь бие даагч гишүүд
2015.08.31

Засгийн газарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлах шаардлага хүргүүлнэ

УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг шуурхайлах чиглэлээр иргэдээс ирүүлсэн шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх болжээ. Энэ талаар өнөөдөр тус зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого туйлын хангалтгүй байна. Энэ жил гантай байсан учраас хадлан, тариалангийн бүс нутгууд ургац алдах магадлал өндөр байна. Зуншлага муутай байгаа аймгуудад өвс, тэжээл хүргэх асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Үүнийг Шадар сайд хэрэгжүүлэх ёстой. Хөвсгөл, Дарханд тариалангийн 80 хувийг алдах нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс тариаланчид ТЭДС-аас авсан зээлийн төлөх хугацааг хойшлуулж өгөхийг Засгийн газраас хүсч байна хэмээн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ буурсны улмаас малчид орлогогүй болж, өвс, тэжээл худалдан авж чадахгүй байна. Тиймээс мах борлуулах чиглэлд зохион байгуулалттай арга хэмжээ авахыг хүссэн. Үндсэн хуулийн хүрээнд Ерөнхий сайд Засгийн газрыг гишүүдийг томилох бүрэн эрхтэй. Иргэд Ерөнхий сайдыг бүрэн эрхээ хэрэгжүүлж, Засгийн газрын гишүүдийг яаралтай томилохыг шаардаж байна. Тиймээс энэхүү шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэх болно.

Ерөнхий сайд ирэх долоо хоногт БНХАУ-д ажиллана. Тэр үеэрээ Тавантолгойн асуудлаар Дубайн гэрээ шиг муу гэрээ байгуулах вий гэж эмээж байна. Гадаадад ажиллаж гэрээ байгуулахаасаа илүүтэйгээр орон нутагт очиж, малчин тариаланчдын үгийг сонсч,  өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангахыг шаардаж байна” гэлээ.

ХАА бол хүн амыг хүнсээр хангах гол салбар. Энэ жил Монгол Улс 330 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнийхээ 60 гаруй хувийг алдах магадлал үүсээд байна. Тариаланчид ирэх жил тариалан хийх үргүй болсон талаар ярьж байна. Тиймээс тариаланчдыг үрээр хангах ажлыг одооноос зохион байгуулах ёстой хэмээн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мэдээлэлдээ дурьдав.

Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Дэлхий нийтэд шатахууны үнэ 50 хувиар буурсан. Гэтэл Монгол Улсад огт буурахгүй байна. Тиймээс тариаланчдад зээлээр шатахуун олгох асуудлыг шийдвэрлэхыг Засгийн газраас хүсч байна” гэлээ.

Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авлаа.

-Дэлхий нийтэд шатахууны үнэ хэдэн ам.доллараар буурсан юм бэ?

-Өнгөрсөн онд 1 баррель түүхий нефт 110 ам.доллар байсан бол энэ жил 50 ам.доллар болтлоо буусан. Энэ оны нэгдүгээр сард Онцгой албан татварыг бууруулсан. Өөрөөр хэлбэл, шатахуун оруулж ирж буй аж ахуйн нэгжүүд нэг ам.долларыг 1450 төгрөгөөр бодож татвар өгч байгаа. Харин энгийн иргэд 1900 төгрөгөөр бодож татвар төлдөг. Гэтэл Монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нэг төгрөг ч бууруулахгүй байна. Үүнйг Засгийн газар зохицуулах ёстой.

-Ерөнхий сайд Бээжинд гэрээ байгуулна гэсэн мэдээлэл бодит уу?

-Дубай явахаас өмнө бид гэрээ байгуулах гэж байгаа талаар байнга мэдээлэл хийж байсан. Бид Засгийн газарт ажиллаж буй эх орныхоо төлөө сэтгэлтэй хүмүүсээс мэдээлэл авч байгаа.