МАХН-ынхан чууллаа
МАХН
2015.08.25

МАХН-ынхан чууллаа

МАХН-ынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Зүүн бүсийн зөвлөлгөөнөө зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд Доноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговийн 200 гаруй гишүүд дэмжигчид оролцлоо.

Зүүн бүсийн зөвлөлгөөнд намын дарга Н.Энхбаяр оролцож гишүүд дэмжигчидтэйгээ уулзлаа. Тэрбээр зөвлөлгөөнийг нээж “Юуны өмнө зуны дэлгэр цагт эх орондоо ирж аймаг орон нутгийн иргэдтэй уулзаж, гишүүд дэмжигчид та бүхэнтэйгээ хамт байгаадаа баяртай байна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл өнгөрсөн сонгуульд амжилттай оролцож та бүхний дэмжлэгээр Засгийн газарт орж ажиллаж байна. Бидний хамгийн том зорилго бол Оюутолгой, Тавантолгойг ард түмний мэдэлд буцаан өгч эх орныхоо баялагт хүн бүр эзэн байх юм. Энэ том ажлын төлөө бид зоригтой тэмцэх ёстой. Зорилгоо биелүүлэх том ажилд маань учрах саад бэрхшээлээс  айхгүй байна. Хамгийн гол нь бухимдах ёсгүй. Тэр тусмаа төр барьж байгаа төрийн түшээд уур бухимдлаа орхих ёстой. Байгалийн баялаг, ард түмний өмчид шунаг сэтгэлээр хандаж болохгүй. Одоо бидэнд эх орноо хөгжүүлэх, ард түмэн баялагтаа эзэн суух том зорилго байгаа учир зорилгоосоо хэн ч ухрах ёсгүй, шударгаар хандаж хүлээсэн үүргээ биелүүлэх нь чухал” хэмээн ярьсан юм.

 

Тус зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, О.Лхагвацэдэн, П.Ангараг, З.Батбаяр нар оролцож”Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх, улс төрийн хэлмэгдүүлэлт”, “2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тухай” зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.

 

            Зөвлөлгөөнд оролцогчид намын дарга Н.Энхбаярыг эх орондоо ирж, орон нутгаар явж иргэд, намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Мөн Н.Энхбаярын нэрийг цагаатгаж улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохыг шаардаж буйгаа МАХН-ын удирдлагуудаар дамжуулан төр засагт илэрхийлж байсан юм.