Иргэд хохирох ёсгүй
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл яаралтай хуралдаж, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, сайд нарын томилгоог УИХ-аар шийдэх шаардлагатай гэсэн байр суурь барьж байгаагаа УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр мэдэгдлээ.
УИХ-аар Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэхгүй болсноор цаг алдаж, шоронгоос иргэд суллагдах боломжгүй, мөн шүүх хурал болоход Өршөөлийн хуульд заасан зүйчлэлийг хэрэгжүүлэх боломжгүй байгааг тодотгосон юм. Энэ тухай тэрээр “Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43.3-т тухайн хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг УИХ хянан хэлэлцэж, дуусах хүртэл уг хууль, УИХ-ын бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно” гэж заасан байдаг.
Хэрвээ УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлахгүй бол Өршөөлийн хуульд тавьсан хоригийг УИХ аравдугаар сар хүртэл, цаашлаад нам, эвслүүд хууль дээр завсарлага авах эрхээ эдлээд явчихвал арваннэгдүгээр сар хүртэл сунжирна. Ингэснээр зун Өршөөлийн хууль баталсны хэрэг гарахгүй.
Өршөөлийн хуулиар 2000 гаруй хоригдлыг суллахад асар их ажил хийгдэнэ. Цаг алдаж байгаа нь Өршөөлийн хууль цаашдаа хэрэгжихэд гацааг үүсгэж болзошгүй.
Эрүүгийн хууль нь 304 зүйлтэй, 227 нь гэмт хэргийн зүйчлэл байдаг. Үүнээс 191 зүйчлэлийг өршөөлд хамруулж байгаа. Ерөнхийлөгч дээрх хуульд хориг тавихдаа 4.1, долдугаар зүйл гэж тавьсан. Үүнээс 4.1 нь шоронд хоригдож байгаа иргэд, долдугаар зүйл гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд байгаа хүмүүст хамаарна.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иргэдээс хүсэлт, гомдол санал их ирж байна. Тийм учраас энэ асуудлыг шуурхай шийдэх.
Хоёрдугаарт, Ерөнхий сайд ажлаа хийхгүй гэж мэдэгдсэнээс болоод иргэд хохирох ёсгүй. Ерөнхий сайд аль нэг намаас нэр авч, сайдад нэрийг нь оруулна гэсэн хуулийн заалт байхгүй. Хэрвээ сайд нарын нэрийг УИХ-д оруулж ирж чадахгүй байгаа бол танхимаа бүрдүүлж чадахгүй гэдгээ албан ёсоор зарласантай адил гэж үзэх ёстой. Тэр утгаараа Ерөнхий сайд огцрох ёстой. Огцорч байгаа нөхцөлд намууд хариуцлага үүрээд хоорондоо зөвшилцдөг юм уу, эвслийн Засгийн газраа байгуулах асуудлыг ярина гэхээс биш Ерөнхий сайдад бүх эрх мэдэл байхад “Намууд ойлголцохгүй байна” гэдэг байдлаар арчаагүй царайлж таарахгүй, гутамшигтай байна.
Хууль зүйн сайд Шадар сайдын үүрэг давхар гүйцэтгээд Онцгой байдлын газарт ажиллана гэдэг амар биш. Сайдуудын дийлэнх нь гурван давхар дээлтэй боллоо. Хүн гурван ажлыг зэрэг хийх боломжгүй. Монгол төрийн ажлыг ийн завхруулж, чадамжгүй болгохоо болих хэрэгтэй. Тийм учраас Ерөнхий сайд сайд нараа томилуулж ажилд нь оруулах хэрэгтэй байна” гэсэн юм.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.
-Сайд нарыг томилоход тодорхой заасан хугацаа байдаг уу?
-УИХ-аас Ерөнхий сайдыг томилонгуут 30 хоногийн дотор танхимын гишүүдээ оруулж ирнэ гэдэг хуультай. Харин түр чөлөөлөх, эсвэл орны сайдыг томилно гэдэг дээр тодорхой хугцаа байдаггүй. Хэдийгээр хуульд тодорхой заагдаагүй ч бусдаасаа илүү ажиллана гэж амлалт өгчихөөд нам доторх фракцийн зөрчил ярих биш Ерөнхий сайд шиг байж, хамт ажиллах хүмүүсээ оруулж ирэх ёстой.
-Өршөөлийн хуулийг шийдэхгүй цаг алдсанаар ямар сөрөг үр дагавар үүсээд байгаа вэ?
-Өршөөлийн хуульд хамрагдаж, ялаа хөнгөрүүлэх, мөн суллагдах байсан иргэд эрхээ эдлэх боломжгүй болж байгаа. Өнөөдөр шүүх хурал болоход асуудал үүснэ. Яагаад гэвэл Өршөөлийн хуульд сэжигтэн, яллагдагчид хөнгөрүүлсэн ялын заалт хэрэглэх боломж байгаа, гэтэл одоо гацаанд орчихоор хүний эрхийг нь дордуулах болчихоод байна.
-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Өршөөлийн хууль хэвлэгдсэн. Хориг тавьснаас бусад нь хэрэгжээд явах боломжгүй юм уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хоригийг тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, 191 зүйчлэл дээр түдгэлзээд хрэгжүүлэх боломжгүй болчихоод байгаа. Энэ тохиолдолд хориход байгаа нэг ч хүн суллагдахгүй, мөрдөн байцаалтад байгаа нэг ч хэрэг Өршөөлийн хуулиар чөлөөлөгдөхгүй.