Оройн хоол ямар байх ёстой вэ
Өглөө хаан шиг, орой гуйлгачин шиг хоолло гэсэн үг байдаг.
Харин манайхан энэ үгийг эсрэгээр нь хэрэгжүүлдэг гэж хэлж болно. Өдөржин өлөн явчихаад орой нь шарсан, хайрсан, өөх тостой хоол иддэг. Уг нь оройн зургаан цагаас хойш хоол идэхгүй байх нь зөв гэдэг. Хүнс судлаачид үүнтэй санал нэгдэхгүй байгаа бөгөөд тэд оройн хоолыг хөнгөн байх ёстой гэж үзжээ. Австралийн эрдэмтэд, орой хөргөгч рүүгээ “гүйх нь” нойргүйдлийн хамгийн сайн эм гэж нотолж байна.
Идэх үү эс идэх үү?
Турах хүсэлд “шатсан” бүсгүйчүүд, “Хэрэв оройн хоолноос татгалзвал бэлхүүс хоёр дахин нарийхан болдог” гэсэн ам дамжсан ярианд итгэж орой болов уу, үгүй юу хөргөгчнөөсөө “зай барьж” эхэлдэг. Тэгвэл эмч нар ийм байдлаар оройн хоолноос татгалзах нь хүний бие организмд тустай бус, бүр хортой үр дагавартай гэж нотолж байна. Хүнс судлаач болон эмч нар нэгэн дуугаар оройн хоолыг зайлшгүй идэх ёстой гэхдээ ухаалагаар хооллох хэрэгтэй гэжээ. Гэхдээ муу хоол нь байхгүйгээсээ ч дор гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Оройн зоог – хор
Хэрвээ та оройн хоолондоо шарсан мах, төмс майонезтай салат, десертэд нь бялуу бэлтгэсэн бол түүнийг шууд л “дайсандаа” өг. Орой идэхэд хамгийн тохиромжгүй хоол хүнсэд, шарсан мах, төмс, цагаан талх, шош, элдэв төрлийн бялуу болон хийжүүлсэн амтат ундаанууд орно. Сүүлийн үед хийжүүлсэн ундааг орой төдийгүй өглөө уухаас ч татгалзах болсон.
Оройн хоол - нөхөр
Оройн хоолыг унтахаасаа дөрвөн цагийн өмнө идэх хэрэгтэй. Насанд хүрсэн хүний хоол хүнсээрээ дамжуулан нэг өдөрт авах ёстой илчлэг нь нас, хүйс, амьдралын хэв маягаас шалтгаалан 2,5-аас 4,5 мянган калори байдаг бол түүний хорин хувийг нь орой авах ёстой байдаг. Оройн хоолны тавган дээр тослоггүй, бага илчлэгтэй хоол байх ба харин шилэн стаканд нялуун бус, кофейнгүй ундаа байвал бүр ч сайн. Хамгийн гол нь унтахын өмнө идсэн хоол ходоодноос гэдсэнд шилжиж амжихаар л байх ёстой. Тараг, хурц биш шөл, омлет, нялуун биш амттай жимс нь өлөн ходоодод нэгээс хоёр цаг болдог байна. Харин загас, өөхгүй хар мах, цагаан будаа, чанасан төмс, амтат жимс болон салат нь хүний ходоодонд хоёроос дөрвөн цаг байдаг бол өөхтэй, шарсан мах, шарсан загас /тухайлбал, май загас, балмад загас/, шош, мөн цардуул бүхий талх, гоймон, каш, төмсийг дөрвөөс илүү цагаар ходоод боловсруулдаг. Уншигч таны сонголтонд зориулж оройн хоолны энгийн жоруудыг дээр орууллаа.