Самар түүж, зарвал торгоно
БОНХАЖЯ-наас хуш модны самар түүх хугацааны талаар шинэ журам баталсан байна.
Тодруулбал, иргэд самрыг ирэх аравдугаар сарын 15-наас хойш түүх бөгөөд ингэхдээ нэг иргэн хэрэглээндээ 25 кг цайруулсан самар түүх эрхтэй байх юм. Хэрэв самрыг журамд заасан хугацаанаас өмнө түүвэл байгаль орчны тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах юм. Мөн самар түүх зөвшөөрлийн хуудсыг харьяа дүүргээсээ авах ёстой. Харин үйлдвэрлэлийн журмаар самрыг олборлох бол их ургацтай тодорхой бүсэд зөвшөөрөл олгох аж.
Аравдугаар сараас өмнө самрын болц нь бүрэн гүйцдэггүй. Түүнээс гадна хуурайшилт ихтэй байгаа энэ үед ойн түймэр гарахаас сэргийлж ийнхүү дээрх хугацааг тогтоосон гэнэ. Тиймээс иргэдийг болц нь гүйцээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй самар гар дээрээс худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.