Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Чехийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачек нар албан ёсны уулзалт хийв
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд
2015.08.01

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Чехийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачек нар албан ёсны уулзалт хийв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Ян Хамачек нар өнөөдөр /2015.07.29/ албан ёсны уулзалт хийлээ.

 Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсаны 25 жилийн ойн баярыг монголын ард түмэнтэй хуваалцахаар хүрэлцэн ирсэнд нь ноён Ян Хамачект талархал илэрхийлээд Монгол Улсад тавтай зочлохыг ерөөв.

Ноён Ян Хамачек Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьж элэгсэг дотноор хүлээн авч буйд нь Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод хариу талархал илэрхийлээд “Энэ удаагийн айлчлал маань Монгол Улсын анхны чөлөөт ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг тэмдэглэх үеэр болж буйгаараа онцлогтой байна” гээд Монголын нийт ард түмэнд анхны ардчилсан чөлөөт сонгуулийн 25 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

 Энэхүү айлчлал нь хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын төдийгүй уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж буйгаа тэрбээр илэрхийлээд хоёр орны парламентууд, тэр дундаа түүний Тамгын газруудын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Үүний нэг тод илрэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЧУ-д төрийн айлчлал хийх үеэрээ чехийн зарим иргэдийг одон медалиар шагнахад Чехийн Парламентын Тамгын газрын дарга багтсан нь нэр төрийн хэрэг юм гэдгийг онцлов.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр намайг бараалхахад “Манай улс гурван хөрштэй. Ойрын хоёр хөршөөс гадна алсын гурав дахь хөрш маань Чех Улс юм” гэж хэлсэн нь надад гүнзгий сэтгэлдэл төрүүлсэн сайхан үг байсан гэлээ. Монгол Улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд улс төрийн шинэтгэл хийх, ардчиллыг хөгжүүлэхэд бусад улс орнуудад үлгэр болж буйд баяр хүргээд ирэх онд АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа нь үүний нэг тод илрэл, дэлхий дахины ач холбогдолтой чухал арга хэмжээ юм гэдгийг онцоллоо.

Тэрбээр манай хоёр улсыг ойртуулж дотносуулж байдаг олон зүйл бий, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд хийх зүйл ч бас их бий гээд БНЧУ Монгол Улстай бүх талын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг, энэ үндсэн дээр Монгол Улсаар дамжуулан Азийн улс орнуудтай хамтран ажиллах таатай боломж нээгдэнэ гэж үздэгээ онцлов.

Мөн хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, монголын компаниуд Чех Улсын технологиос суралцах, харилцан туршлага солилцох, тэр дундаа эрчимтэй хөгжиж байгаа барилгын салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг тэмдэглэв. Түүнчлэн Чех Улсын иргэдийг Монгол Улсад визгүй зорчих боломж олгосон, энэ арга хэмжээ нь иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, аялал жуучлалыг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгч буйг тэмдэглээд хэзээ нэгэн цагт хоёр орны иргэд Улаанбаатар-Прага хооронд шууд нислэгээр зорчих болно гэдэгт итгэж буйгаа хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалт дээр хэлсэн үгэндээ,Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс нийгмийн өөрчлөлт шинэчлэлийг нэгэн зэрэг хийж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шинэ тогтолцоонд амжилттай шилжихийн зэрэгцээ хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хадгалан үлдэж, улам өргөжүүлэн бэхжүүлж чадсаныг онцлоод хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн үеэр Чехийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Ян Хамачек Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад нь баяртай буйгаа илэрхийлэв.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин зэрэг олон салбарт өргөжиж буйд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэхийн сацуу хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт улам өргөжүүлэх боломж байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд хоёр талын яриа хэлэлцээний гол механизм болох Засгийн газар хоорондын хамтарсан комисс 2005 оноос амжилттай хуралдаж ирсэн, угкомиссын ээлжит 6 дугаар хурлыг энэ онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар талууд ажиллаж буйг хэллээ. Тэрбээр цааш нь хуучин социалист тогтолцоотой байсан орнуудаас Монгол Улсад хөгжлийн албан ёсны тусламж үзүүлсэн анхны улс нь Чех Улс байсныг онцлон талархал илэрхийлэхийн сацуу уг тусламжийн хүрээнд олон төсөл амжилттай хэрэгжүүлж ирснийг тэмдэглэлээ. 

Мөн хоёр орны батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаанд ахиц гарч байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд олон улсын энхийг дэмжих ажиллагааны хүрээнд харилцан туршлага солилцох, монголын цэргийн алба хаагчдыг Чех Улсад сургах хүсэлтэй байгаагаа дуулгав. Энэ салбарын тухайд харилцан туршлага судлах нэг хэлбэр нь хамтарсан хээрийн сургууль болохыг тэмдэглээд Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд-2015” олон улсын хамтарсан хээрийн сургуульд чехийн тал 32 хүнтэй мотобуудлагын салаа оролцуулсанд талархал илэрхийллээ.

 

Аливаа улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь нь иргэд хоорондын харилцаа болохыг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр онцлоод иргэд хоорондын харилцааг дэмжих хүрээнд Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн ажлын хэсгийн яриа хэлэлцээг эхлүүлэхийг санал болгоод хоёр улс барилга, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах боломж бийг дурдахын сацуу Монгол Улс байгальд ээлтэй барилгын материал үйлдвэрлэх, норм стандартыг нутагшуулахад хамтарч ажиллах, Чех Улсын европын норм стандартыг нутагшуулсан туршлагаас суралцах хүсэлттэй байгаагаа хэллээ.

Түүнчлэн Чех Улсын Засгийн газраас монгол оюутан, залууст сургалтын тэтгэлэг олгож ирсэнд талархал илэрхийлээд боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Энэ хүрээндмонголын залуу эрдэмтэн, судлаачдыг Чехийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнд дунд хугацааны сургалтад хамруулах, Чех Улсын Засгийн газрын тэтгэлгийг Монгол Улсын хэрэгцээ, шаардлагатай уялдуулж, аж үйлдвэрийн инженер, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, анагаах ухаан зэрэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын үеэр Монгол, Чехийн харилцаанд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг, тэр дундаа хоёр орны парламентын Тамгын газруудын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөн хүрээнд идэвхтэй хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Парламент хоорондын харилцааг дэмжих гол механизм болох Монгол-Чехийн бүлэг Улсын Их Хуралд 2000 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буйг тэрбээр дурдаад энэхүү бүлэг нь хууль тогтоох байгууллага хоорондын төдийгүй хоёр талын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг дэмжихэд чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын дарга энэ оны 9 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хуралд Чехийн парламентаас олон төлөөлөгч оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа уулзалтын үеэр илэрхийлэв. Мөн Монгол Улс Чех Улстай хөгжүүлж буй хоёр талын харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд Монгол Улс Европын Холбоотой 2013 онд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг Чех Улс соёрхон баталсанд талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулан үйл ажиллагаагаа эхлээд буйг дурдаад Далайд гарцгүй улсуудын хувьд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс энэ чиглэлээр хамтран ажиллах боломж, бололцоо бийг онцоллоо.

Уулзалтын үеэр талууд хоёр орны улс төр, худалдаа эдийн засаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ноён Ян Хамачек энэ үеэр Монгол Улсын Их Хурлын даргыг тааламжтай цагтаа БНЧУ-д зочлохыг уриад Прагад уулзаж хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг хүсч буйгаа хэллээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дэд дарга М.Зоригт, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.