2015.06.08

“Хиймэл дагуул-бидний гараар”уриатай “Кансат” үндэсний гуравдугаар тэмцээн боллоо

Кансат– 2015 хиймэл дагуул зохион бүтээх үндэсний 3-р уралдаан амжилттай зохиогдож дүнгээ гаргалаа. Уралдаанд 5-н сургуулийн 7 баг өрсөлдсөнөөс

1-р байрт Исатком ХХК ивээн тэтгэж оролцсон МУИС, Шинжлэх ухааны сургуулийн NUM-SAT 2 баг 99 оноогоор,

2-р байрт Исатком ХХК ивээн тэтгэж оролцсон МУИС, Шинжлэх ухааны сургуулийн NUM-SAT 1 баг 97 оноогоор,

3-р байрт Монголын цахилгаан холбоо ХХК – ийн ивээн тэтгэж оролцсон ШУТИС, Механик тээврийн сургуулийн GIANT баг 96 оноогоор,

Шагналт тусгай байрт Монкабель системс ХХК ивээн тэтгэж оролцсон AGRO-E.T.S баг 91 оноогоор тус тус байр эзэлсэн байна.

МХС ТӨК ивээн тэтгэж оролцсон ШУТИС, Мэдээлэл холбооны сургуулийн SUPERCOM баг 67 оноо авч 5-р байр, ДДэш ТВ ХХК ивээн тэтгэж оролцсон ШУТИС, Мэдээлэл холбооны сургуулийн SICT-DDISH баг 56 оноогоор 6-р байр, Монкабель системс ХХК ивээн тэтгэж оролцсон Батлан хамгаалахын Их сургуулийн Тэнгэрийн харуул баг 48 оноогоор 7-р байр тус бүр эзэллээ.

Олон улсад Кансат (CanSat, can-лааз, sat-хиймэл дагуул гэсэн утгатай өөрөөр хэлбэл лаазанд багтах хэмжээний сонирхогчийн хиймэл дагуул юм) хэмээх диаметр нь 66 мм, өндөр нь 115 мм бүхий ундааны лаазанд багтахуйц 350 гм орчим жинтэй,өртөг багатай хиймэл дагуулын энэхүү төрлийг их дээд, сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд сургалт болон эрдэм шинжилгээний туршилтын зорилгоор өргөнөөр зохион бүтээж, хөөргөн ашиглаж байна.

Кансат нь сансрын уудамд ашиглагдах олон төрлийн зориулалт бүхий хиймэл дагуулын системүүдийн технологийн бүтцийг ерөнхийд нь агуулсан байдаг тул сансрын технологийн чиглэлээр сургалт судалгаа хийдэг их, дээд сургуулиудын хүрээнд оюутан сурагчид ихээр судалж, сургалтын бааз, материал болгон ашигладагаараа ихээхэн ач холбогдолтой.

Манай Улсын хувьд анх удаагаа МУИС-ийн Физик, электроникийн сургууль, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн хамтарсан баг 2012 оны 07 сард Испани Улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд амжилттай оролцож алт, хүрэл медалиудыг авч байсан билээ.

МонголУлсын Засгийн газраас “Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд сансарын технологийг хөгжүүлэх, нутагшуулах чиглэлээр анхаарал тавин ажиллаж байна. 2013онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор “Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” уриатайгаар “КАНСАТ” үндэсний уралдааныг Монголд анх удаа зохион байгуулсан бөгөөд шалгарсан баг Япон улсад зохиогдсон олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон юм. 2014 онд “Хиймэл дагуул-Бидний гараар” уриатайгаар үндэсний хоёрдугаар уралдааныг зохиож оюутан залуусынхаа эрдэм мэдлэг чадварыг сорьсон юм.

Энэ онд “Хиймэл дагуул-Бидний гараар” уриатайгаар “КАНСАТ” үндэсний гуравдугаар уралдааныг зохион байгуулж байна.

Энэхүү уралдааны үндсэн зорилго нь Монголын инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон олон нийтийн байгууллагуудыг сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах ажилд татан оролцуулах, улмаар олон улсын түвшинд нийцсэн үндэсний сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж ашиглах, сансрын инженерчлэл болон сансар судлалын боловсролыг хөгжүүлэх, сансрын инженерчлэлийн мэргэжилтэнг дотооддоо бэлтгэх бааз суурийг бэхжүүлэх юм.

Энэхүү гуравдугаар тэмцээнддөрвөн их, дээд сургуулийн долоон баг МУИС –ийн Шинжлэх Ухааны Сургуулийн “NUM-SAT 1” баг, “NUM-SAT 2”баг, , ШУТИС-ийн Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн “Sict-DDISH”баг,“SUPERCOM”баг, Батлан Хамгаалахын Их Сургуулийн “Тэнгэрийн харуул” баг, ХААИС –ийн Инженер, Технологийн Сургуулийн“AGRO-E.T.S”баг, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн “GIANT” багнийт 7 багийн 44 оюутан, 7багш бүхий бүрэлхүүнтэй багууд өрсөлдсөн юм.

Нийт оролцогч багуудыг “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨК, “Монголын Цахилгаан Холбоо” ХК, Исатком компани, ДдИШ ТВ ХХК, болон Монкабель Системс ХХК зэрэг мэдээлэл холбооны тэргүүлэгч компаниуд ивээн тэтгэн оролцож байна. Мөн 25 дугаар Телевиз сувагтай хамтарч уг тэмцээний талаарх 6 цуврал нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд толилуулна.

“КАНСАТ”-ийг хөөргөх үзүүлбэр тоглолтонд сургалтанд хамрагдсан багууд өөрсдийн бүтээсэн бүтээлийнхээ давуу талуудыг бусаддаа харуулж, өөрсдийн хийсэн сонирхогчийн хиймэл дагуулыг хөөргөж олон нийтэд сонирхуулсан болно.

Уг КАНСАТ хөөргөх үзүүлбэр тоглолт болон шалгаруулалт 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот Яармагын дэнж дээр зохиогдсон юм.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар