
Ерөнхийлөгч АИХ-ын депутатуудыг оройн зоогонд урьжээ
Өнөөдөр Монголд анхны чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн өдөр.
Энэ түүхэн үйл явдлыг тохиолдуулан жил бүрийн долдугаар сарын 29-ний өдрийг “Бүрэн эрхт байдлын өдөр” болгон тэмдэглэж байхаар Монгол Улсын Засгийн газраас тогтоожээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн захирамжаар энэхүү түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг энэ сарын 29, 30-нд орон даяар тэмдэглэхээр болсон байна.
1990 оны АИХ-ын 12 дахь удаагийн сонгууль буюу анхны ардчилсан сонгуулиар АИХ-ын 430 депутатыг сонгож байсан. Ерөнхийлөгч өнөө орой 19.00 цагт АИХ-ын 12 дугаар сонгуулиар сонгогдсон депутатуудыг “Их тэнгэр” цогцолборт оройн зоогонд урьжээ.
Энэ ойн хүрээнд өнөөдөр Монголд анхны ардчилсан сонгууль болсны 25 жилийн ойд зориулсан Олон улсын хүндэтгэлийн хурал “Шангри-Ла” зочид буудалд болно. Хүндэтгэлийн хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар зохион байгуулж буй юм.