Зорьсон газартаа амьд хүрэх нь чухал уу, хурдан явах нь чухал уу
2015.07.27

Зорьсон газартаа амьд хүрэх нь чухал уу, хурдан явах нь чухал уу

Энэ жилийн баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11-13-нд орон нутгийн замд гарсан ослын улмаас 18 хүн амиа алджээ.

 Урин дулааны улиралд хөдөө орон нутгийн замд зам тээврийн осол нэмэгдэж, хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа бөгөөд сүүлийн жилүүдийн дунджаар хүний амь нас эрсэдсэн ослын 70-80 хувь нь орон нутгийн замд гарсныг тоо баримт харуулж байна. Зуны дэлгэр цагт хотоос гарч, амралт зугаалгаар явах иргэдийн тоо эрс нэмэгддэг.

Аялал, амралтын улирал наймдугаар сарын сүүлч хүртэл үргэлжилдэг тул Замын цагдаагийн газраас орон нутгийн замд тавих хяналтыг чангаруулж буй бөгөөд хурд хэмжигчээр хэмжилт хийж, хурд хэтрүүлсэн тохиолдолд жолооны эрх хасах арга хэмжээ авч эхэлжээ. Гэсэн хэдий ч хөдөлгөөний хурдыг зөв тохируулж явдаггүй, хамгаалах бүс хэрэглэдэггүй, хүүхдийн зориулалтын суудал хэрэглэдэггүй зэргээс үүдэн ослын тоо буурахгүй байгааг Орон нутгийн хурдны замын хэлтсийн дарга Д.Мөнхбаатар хэлж байна.

Х.ОДБАЯР: МАНАЙ ОРОН НУТГИЙН ЗАМ БОЛ ХУРДНЫ ЗАМ БИШ

 Энэ оны эхний зургаан сарын байдлаар гарсан 225 ослын 111 тохиолдолд нь машин онхолджээ. Үүний 100 нь хөдөө орон нутгийн замд гарсан бөгөөд орон нутгийн замд хурдаа тохируулж явах нь чухал байна. Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Х.Одбаяр хэлэхдээ,

Наймдугаар сарын 20-ныг хүртэл аялал жуулчлалын улирал буюу хүмүүсийн амралт, чөлөөт цагаараа хөдөө орон нутгийг зорьдог ид үе болдог. Энэ үеэр хөдөө орон нутагт гарч буй зам тээврийн осол нэмэгддэг. Эдгээр ослын шалтгаан нь ихэнхдээ хурд хэтрүүлсэн байдаг. Манай орон нутгийн зам бол хурдны зам биш. Дээр нь замын эвдрэл, нугачаа ихтэй, тэмдэг тэмдэглэгээ хангалттай хэмжээнд байдаггүй. Жолооч нар хурд ихээр хэтрүүлдэг, хүн ачаа тээврийг ч мөн хэтрүүлдэг. Зорчигчид ч хамгаалалтын бүс бүсэлдэггүйгээс болоод зам тээврийн осолд өртөхөд эрсдэл өндөр. Хайртай хүмүүсээ тээвэрлэн амралт, зугаалгаар явж буйгаа санаж зорчигчдын аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журмыг сайтар биелүүлэхийг нийт жолооч нартаа анхааруулмаар байна гэлээ. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасан байдаг. Гэвч орон нутгийн замд жолооч нар үүнээс илүү хурдалдаг нь осол гарах үндэс болж байгаа аж. Хурд хэтрүүлэх нь таны амьдралдаа хийж байгаа хамгийн хэрэггүй үйлдэл юм. Таны автомашин ямар хурдтай яваагаас шалтгаалан тоормоз гишгэснээс хойш хэдэн метр зам туулдаг болохыг Замын цагдаагийн газраас гаргасан тооцооллоор зурагт үзүүллээ.

ХАМГААЛАХ БҮС ХЭРЭГЛЭСНЭЭР ЭРСДЛЭЭС 60-75 ХУВЬ ХАМГААЛНА.

 

Торгуулахгүй гэж хамгаалах бүс хэрэглэдэг жолооч нар бий. Гэтэл хамгаалах бүс аюулыг зайлуулах 100 хувийн баталгаа болж чадахгүй ч амь нас, эрүүл мэндээ хамгаалах хамгийн анхны аврагч. Жолооч төдийгүй автомашинд зорчиж буй хүн бүр хамгаалах бүсийг зүүж хэвших шаардлагатай. Учир нь хамгаалах бүс хэрэглэснээр гарч болох эрсдлээс 60-75 хувь хамгаалдаг болохыг Нийслэлийн замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Л.Ундармаа хэлж байна.

ОСОЛД ОРЖ ГЭР БҮЛЭЭРЭЭ АМИА АЛДАХ ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙНА.

Долдугаар сарын 10-наас 20-ны хооронд орон нутгийн замд гарсан ослууд дунд гэр бүлээрээ осолд орж, амиа алдсан тохиолдол цөөнгүй байгааг Замын цагдаагийн газраас мэдээлж байна. Тодруулбал, 48 настай эрэгтэй хүүгийн хамт, 26 настай эрэгтэй мөн 10 настай хүүхдийн хамт осолд орж амиа алдсан харамсалтай хэргүүд гарчээ. Урин дулааны улиралд аялал, зугаалгаар явахдаа хайртай гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт явдаг тул замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахиж, хурдаа тохируулан, хамгаалах бүс хэрэглэж заншихыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.