Пропорциональ системийг би батлаагүй, хууль биелүүлсэн хүнээс алдаа хайж болдоггүй юм
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.07.22

Пропорциональ системийг би батлаагүй, хууль биелүүлсэн хүнээс алдаа хайж болдоггүй юм

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Та сайхан наадав уу?

-Сайхаан, сайхан наадав уу.

-УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг ирэх сарын 3-нд хуралдуулах тов зарласан. Чуулган завсарласан энэ богино хугацаанд юу амжуулж байна вэ?

-Ээлжийн амралтаа авсан байгаа. Гэхдээ улстөрч хүн чинь амралт нэрээр ажиллаад л таардаг юм байна. Сая Булганы Сайхан сумын дөрвөн түмэн адууны баярт оролцоод ирлээ. Замаараа Эрдэнэтээр ороод намынхантайгаа уулзалт хийгээд ирсэн.

-Булган таны нутаг ус бил үү?

-Манай садангууд байдаг юм. Нэг нь гавьяат аваад намайг урихгүй юу. Тэгээд амралт таарч байгаа юм чинь гээд яваад ирлээ. Жаахан ч гэсэн амарч байх ёстой байдаг юм байна.

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал тодорхой, Засгийн газраас МАН-ыг гаргах эсэхийг хамгийн түрүүнд оруулж ирэх байх. Завсарласан энэ хугацааг ашиглаад нам дотроо хэлэлцэх зүйл зөндөө л байгаа байх.Уулзалтууд хийж байгаа юу?

-Хор найруулж байна уу гэж үү, үгүй ээ.

-Муухайгаар хэлбэл хор найруулах л юм даа. Намын ажил хэр хийж байна Та.

-Болоогүй зүйлийн төлөө ирээдүйг төлөвлөөд есөн шидийн юм хийгээд хэрэггүй байдаг л даа. УИХ-ын гишүүний ажлаа л ерөнхийд нь амжуулж байна. Би сая Өргөдлийн байнгын хорооны ажлын тайлангаараа  сэтгүүл хиисэн юм. Түүн дээр нэлээд суулаа. Бас ирэх чуулганы үед өргөн барих таван хуулийн төсөл дээрээ суугаад нэлээд завгүй ажиллалаа.

-Тав аа?

-Тийм, таван төсөл боловсруулж байгаа.

-УИХ-ын гишүүдэд хууль санаачлахдаа судалгаа шинжилгээндээ зарцуулаарай гээд мөнгө төсөвлөж өгдөг. Та ер нь гишүүнээр сонгогдсноосоо хойш хэдэн хуулийн төсөл санаачлав, тэрнээс хэд нь батлагдсан юм бэ?

-26 төсөл санаачилсан. Батлагдсан нь ч байгаа, хэлэлцэх эсэх нь дэмжигдээд хав дарагдчихсан нь ч байгаа. Манай ангийнхан чинь хэлэлцэх эсэхийг нь дэмжээд Ажлын хэсэг байгуулаад гацаахдаа гарамгай улс шүү дээ. Миний санаачилсан хуулиудыг гацаасны гай бас гарч байгаа л даа.

-Тухайлбал яаж?

-Гишүүн болоод би Эрүүгийн хуулийн зөрчилтэй заалтуудыг засъя гээд ялын санкцыг бууруулах төсөл санаачилсан. Тэрийг баталчихсан бол УИХ-ын дарга нь индэр дээрээсээ манай гишүүдийн утаснаас манай гишүүд рүү мессеж бичлээ, Хууль зүйн сайд нь над дээр гүйцэтгэх ажиллагаа явуулчихлаа гээд яриад сууж байхгүй л байсан.Ийм зөрчилтэй зүйл гарахгүй л байсан. Дараагийнх нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүмүүс гадаадын компанид зөвлөгөө өгөөд сууж байдгийг хязгаарласан, хориглосон хуулийн төсөл байсан. Үүнийг баталчихсан байсан бол П.Очирбат гуай өнөөдөр ийм онигоотой байдалд орохгүй л байсан юм. Хэлмэгдэгсдийн үр хүүхдэд тэтгэмж өгөх тухай төсөл бас байсан. Үүнийг баталсан бол тэднээс үлдсэн 78-92 настай 400 ахмад уйлж суухгүй. Тэр хэдэн буурал өдрөөс өдөрт хорогдоод л байгаа шүү дээ. Гэх мэтчилэн хэлээд байвал олон доо.

-Намрын чуулганаар өргөн барих таван төсөл тань юу юм бэ?

-Аймгийн эрх зүйн байдлын тухай хууль уг нь байх ёстой юм. Жишээ нь, Орхон аймгийн эрх зүйн байдлын тухай хууль гээд байх ёстой. Үүнийг бичиж байгаа. Орхон аймгийн эрх зүйн байдлын тухай хуулиа батлуулчихвал Баян-Өндөр сумыг Эрдэнэт хот болгоод Орхон аймаг нь нэг дагуул хот, нэг сумтай байна гэж оруулах гэж байгаа юм. Дараагийн төсөл нь багийн Засаг дарга нарыг улс төрийн албан тушаалтан биш болгох тухай. Уг нь багийн Засаг дарга гэдэг санхүүгийн эрх мэдэлтэй байх ёстой. Харин улс төрийн албан хаагч болчихоор энэ эрх нь хязгаарлагдчихдаг. Гуравт нь “Эрдэнэт”-ийн роялтийн тухай. Одоо “Эрдэнэт” үйлдвэр 17 хувийн роялти төлдөг.

Харин “Оюутолгой” хэд төлдөг билээ.  Таван хувь “ Оюутолгой” гурав дахин том мөртлөө гурав дахин бага татвар төлдөг байх нь. Үүнийг зохицуулах ёстой. “Эрдэнэт”-ийн татварыг авдгаар нь авъя, гэхдээ таван хувийг нь татварт өгөөд бусдыг нь “Хаалт хөгжлийн сан” гэж байгуулаад тэрэндээ хуримтлуулъя гэж байгаа юм. Малын буяныг мэрж иднэ, байгалийн баялгийг барж иднэ гэдэг шүү дээ. “Эрдэнэт”-ийн баялаг хэзээ нэгэн цагт дуусна. Үйлдвэр хаагдсан ч тэнд амьдрал үргэлжлэх ёстой. Тэгэхийн тулд хуримтлал үүсгэх гэж байгаа юм.

-Энэ санал УИХ-аар дэмжигдлээ гэхэд хуримтлал үүсгэсэн мөнгө нь яг зорьсон эздэдээ хүрч чадах уу, би бол эргэлзэж байна.

-Бодлогоор л хэрэгжүүлнэ.

-Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн нэрийн дансан дахь найман их наяд төгрөг хаана байна аа. Бидэнд бодлого байсан шүү дээ.

-Энэ өөр өө, хамтарсан компани хяналттай ажиллана шүү дээ.

-За дөрөв дэх төсөл нь?

-Газар олголтыг идэвхжүүлэх тогтоолын төсөл өргөн барих гэж байгаа юм. Энэ нь ямар учиртай вэ гэхээр дахиад л Эрдэнэт дээр жишээ авъя. Нэг хүн хуулиараа 0.7 га г;азар өмчлөх эрхтэй. Эрдэнэт 100 мянган хүнтэй гэж тооцъё. Үүнийг нь 0.7 гоор үржүүлэхэд өөрийн аймагтаа бүгд газар өмчлөх ямар ч боломжгүй болчихоод байгаа юм. Тэгээд дуртай газраасаа газар авах гээд Булганы Бугат дээр өргөдөл гаргахад ямар асуудал үүсдэг вэ гэхээр та иргэний үнэмлэхийн хаягаа шилжүүл гэдэг.

Нөгөө талдаа тухайн аймгийнх нь иргэд бөөн бөөнөөрөө газар авчихаад Эрдэнэтийн иргэдэд зарах гээд байгаа байхгүй юү. Үүнийг л зохицуулах гэж төсөл өргөн барьсан. Тав дахь нь УИХ дээр гацчихаад байгаа хэлмэгдсэн ахмадуудад нөхөн төлбөр болгож сар бүр тэтгэвэр дээр нь 100 мянган төгрөг олгох төсөл. Үүнийг зөвхөн аав, ээжийг нь буудаад хэлмэгдүүлээд явуулчихсан 400 ахмадад л зориулж гаргана. Төсөл дэмжигдээд батлагдах үед 400 ахмад бүгд амьд байвал жилд 500 сая төгрөг л шаардагдана. Хөөрхий, жилийн жилд л цаашид цөөрнө шүү дээ. Биднийг батлах гэсээр байтал тэд 360-370-уулаа л үлдэх гэж байх шиг байна.

-Хууль боловсруулна гэдэг дуртай хүний, ганцаараа хийчихдэг ч ажил биш. Танд хэр сайн баг байдаг вэ?

-Хууль боловсруулах, зохиол бичих хоёр огт өөр гээд заримдаа хэлмээр санагддаг юм. Хууль боловсруулж

болохгүй. Боловсруулж байгаа төсөл нь бүх хуульд нийцэж байх ёстой. УИХ-ын гишүүн болсон бол хамгийн түрүүнд хууль санаачлах ёстой, маргаангүй. Тэр нь амьдралд нийцэх ёстой. Дараа нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой. Ажлын хэсгийг ахалдаг ч юм уу, шалгалтаар явдаг ч юмуу...

-Хил дээр очиж, хорих ангиудаар явах хэрэгтэй гэж үү?

-Үнэн ш дээ. Хил дээр очоод л бид Засгийн газрыг хуулийн төсөл санаачлахыг шаардсан. Засгийн газар хуулиа бариад л ороод ирлээ.

-Ард түмнээ төлөөлдөг УИХ-ын гишүүннйхээ хувьд та ээлжийн амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа юм байна. Харин улстөрчийн хувьд юу хийж байна вэ. Жишээ нь та Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр МАН-ыг засгаас хөөнө гээд гарснаас хойш намын даргатайгаа хэдэн удаа уулзав, санал солилцов уу?

-Даргатайгаа холбоотой байлгүй л яахав. Гэхдээ хараахан уулзаагүй л байна.

-Н.Энхбаяр дарга хаана байгаа вэ, Герман явсан гэсэн үү?

-Солонгост л байгаа. Би нэг зүйлийг баттай хэлье. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр Н.Энхбаяр даргыг хуурамч паспортоор хил даваад оргон зайлсан гэж мэдээлсэн. Гүтгэлэг байхгүй юу. Хүнийг ямар тохиолдолд гүтгэдгийг мэдэх үү.

-За.

-Нэгдүгээрт, шоронд хийх эрхтэй хүн нь захиалгаар бичүүлдэг. Яаж ч гүтгэсэн чамайг шоронд хийхгүй ээ, гүтгээд бай гэж “эрх өгсөн” учраас л айхгүйрэр гүтгэдэг. Нөгөөх нь тэнэг хүн хүнийг гүтгэдэг. Н.Энхбаяр даргыг хэн гүтгүүлж байгаа нь ойлгомжтой.

-Хэн юм бэ?

-Наадам ойртлоо, наадмаар хэн гэдэг бөх түрүүлэх нь тодорхой учраас тэр бөхөд дургүй хүний л хийж байгаа ажил.

-Та нэр хэлсэнгүй.

-Би ер нь хувь хүнийг ярих дургүй. Шалтгаангүйгээр аль нэг намыг ч ярих дургүй. Ардын намд нь ч, Ардчилсан намд нь ч улсаа хөгжүүлчихье гэсэн бодолтой хүмүүс олон байгаа. Энэ дотор 20 айхтар олигархи гурав гурван гишүүнийг атгачихсан байдаг юм. Тэд л төрийн толгойд орилоод байгаа. Харин би бол хэн нэгэнд барьцаалагдаагүйгээрээ тэднээс өөр.

-Таныг Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаад ороод ирсэн, пропорциональ системийн алдаа гэх зэргээр их хочилж харагддаг.

-Пропорциональ системийг би батлаагүй. Хуулиа биелүүлсэн хүнээс хуулийн алдааг хайж болдоггүй юм. Жишээ нь нэг хүнийг татвар төлж болохгүй гээд хууль баталсан гэж бодъё. Тэр хүн хуулиа биелүүлээд татвар төлөхгүй яваад байж. Ийм нөхцөлд тэр хүнийг баалах нь дээр үү, татвараа төлж болохгүй гэсэн хууль  санаачилсан хүмүүстэй хариуцлага ярьсан нь дээр үү. Үүнтэй л адилхан. Би Сонгуулийн хуулийг баталж байхад гишуүн биш байлаа.

Пропорциональ системийн халхавчинд орох гэж хууль баталсан хүмүүсээс л бурууг эр. Би ажлаа хийгээд л явж байсан. Хуульчаараа ажиллаж байгаад хүчин төгөлдөр хуулийн хүрээнд УИХ- ын гишүүн болсон. Тэр оймсонд хавчуулагдах энэ тэр яах вэ. Н.Энхбаяр даргыг муучлах гэсэн арга ядсан хүмүүс л ярьдаг юм. Би өөрийгөө хүн чанартай гэж боддог шүү. Монгол Улсын бүх өндөр дээд албан тушаал хашиж байсан хүн, тэр тусмаа манай намын дарга хүн надаас гуйх нэг, хүсэх нэг, шаардах нэг янз бүрийн хэлбэрээр ярилаа гэхэд хүндэтгэж харилцах чанар надад байгаа. Үгийг нь дагалгүй яахав. Гэхдээ сохроор биш л дээ.

-Та ер нь яаж яваад МАХН-тай, Н.Энхбаяр даргатай холбогдсон юм. Н.Энхбаяр даргын өмгөөлөгч л гээд байдаг. Яг мөн юм уу, биш байсан юм уу?

-Би Энхбаяр даргын өмгөөлөгч биш ш дээ. Авлигатай тэмцэх газрынхан өмгөөлөгчөөр нь ажиллаж болохгүй гээд бичиг өгсөн шүү дээ. Өмгөөлөгчийг нь өмгөөлөгчөөр нь ажиллаж болохгүй гэдэг бичиг хийж өгсөн тохиолдол дэлхийн түүхэнд өөр байхгүй байх.

-Яагаад тийм бичиг хүргүүлсэн юм бол?

-Ч.Өнөрбаяраас өөрөөс нь л асуух хэрэгтэй. Ч.Өнөрбаяр тэр үед гарч ирээд О.Баасанхүүгийн эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ надад, бидэнд, Авлигатай тэмцэх газарт таалагдаагүй юм аа “ л гэсэн шүү дээ.

Та хэдэн жил өмгөөлөгчөөр нь ажилласан бэ?

-Тийм олон жил биш ээ. Намын нэрийг авахад нь эрх зүйн туслалцаа үзүүлсэн.

-20 жил ашиглаж бо л о х гү й гэдэг хуулийн заалтын хаагуур нь яваад тэр нэрийг авчихсан юм бэ?

-Өөрсдийнх нь алдаа шүү дээ. Хуульд 6.3, 15.2 гээд заачихсан байдаг. 15.2-оор нь бол авч болдог, 6.3-аар нь бол авч болдоггүй. Тэгээд Үндсэн  хуулийн цэц дээр шийдэгдсэн. Дээд шүүх хууль хэрэглээд л, хуулийн дагуу л өгсөн асуудал. Үндсэн хууль руу Дээд шүүх маргасан шүү дээ.

-Дээд шүүхийн дарга Зоригтыг Н.Энхбаяр даргын хүн гэдэг бил үү?

-Би тэрийг хэлж мэдэхгүй байна.

-Нэрийг авах маргаан дээр өмгөөлөгчөөр ажиллаад өгөөч ээ гэж хэн танд санал тавьж байсан юм?

-Шинэбаяр гишүүн. Шинэбаяр гишүүнийг би Дорнодын Иргэдийн хурлын дарга байхад нь таньдаг байсан юм. Маргаан үүсэж байх үед “Хүний нэр, намын нэрийг өмчилж болохгүй” гээд‘хэвлэлээр ярьсан. Шинэбаяр гишүүн манай хуулийн зөвлөхөөөр ажиллаач ээ, наад яриад байгаа гарц чинь зөв байна гээд дуудсан.

-Тэр үед бол аль нэг намын гишүүн биш байсан байх нь?

-Би 1994-2011 он хүртэл Ардчилсан намын гишүүн байсан ш дээ.

-1994 гэхээр яг ямар намынх нь гишүүн байсан гэсэн үг вэ?

-Социалдемократ. Дараа нь намууд нэгдээд Ардчилсан нам болоогүй юү.Сонгуулиар саналаа өгөөд л, Элбэгдорж даргыгаа Ерөнхийлөгч болоосой гээд л... Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдлоо гээд одоо энэ иргэний хөдөлгөөнд явдаг Саруул бид хэд дүн гарсан орой тэмдэглэж явлаа пгүү дээ.

-1994 он гэхээр та хэдэн настай байсан юм бэ?

-19 настай, их сургуулийн хоёрдугаар курсын оюутан байжээ.

-Их сургуулийн багш нарыгаа дагаад л энэ намыг сонгосон уу?

-Социалдемократ намыг үүсгэн байгуулсан Должинсүрэнгийн Баттөмөр гэдэг багш манай хамаатан л даа. Шинжлэх ухааны логикийн багш байсан юм. Тэр хүн л намайг элсүүлсэн.Дараа нь 2012 оны нэгдүгээр сард МАХН-д элссэн. Нэг жилийнх нь ойгоор гэсэн үг. Тэр үед Тэрэлжийн тунхаг гэж гаргаж байсан. Үүндээ МАХН бол зүүний бөгөөд социалдемократ чиглэлийн нам байна гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр миний анх сонгосон сонголт нэг их хазайсангүй. Ер нь МАХН-д дөрвөн бүлэг хүмүүс нэгдсэн юм. Намын нэрээ тууштай авч үлдэнэ гэсэн хүмүүс, Ардын намд суудлаа олоогүй, албан тушаалдаа жийгдсэн хэсэг, ардчиллынхан алаг үзсэн улс, шударга ёсны төлөө явъя гэсэн хэсэг гэсэн дөрвөн бүлэг хүн нэгдсэн.

-Сонгуульд нэр дэвшээч ээ, жагсаалтад орооч ээ гэдэг саналыг хэн танд тавьсан бэ. Н.Энхбаяр дарга уу?

-Намайг анх тойрогт өрсөлд л гэсэн. Би Баянзүрхэд нэр дэвшье гэж бодож байлаа. Гэтэл сүүлдээ юун сонгууль, хүний амь нас дээсэн дөрөөн дээр ирсэн.Та бүхэн мэдэж байгаа. Ний нуугүй хэлэхэд Н.Энхбаяр дарга өлсгөлөн зарласны дараа одоо ганц л хонох юм бол аврах аргагүй болно гэдэг мэдээллийг аваад би Женко Баттулга ах дээр очиж байлаа, “Баттулга ах аа баларлаа, туслаач” гээд очсон.

-Тэгээд тусалсан уу?

-Тусалсан ш дээ. Эмнэлэг рүү шилжүүлэхэд тусалсан. Тэгж амийг нь аварсан. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн төрийн хамгаалалтад байдаг. Хүчний байгууллагууд өлсгөлөнг байнга хянаж байсан. Биеийн бүх үзүүлэлтийг цаг минуттай нь гаргаж байсан. Тэндээс маргааш 17 цаг гэхэд наад хүн чинь тэсэхгүй нь байна пгүү гэсэн мэдээллийг авсан.

-Х.Баттулга гишүүн тэгээд яаж тусалсан юм бэ, өөрөө очсон юм уу?

-Баттулга гишүүн төрийн тэргүүнээс эхлээд их олон найз нөхөртэй хүн ш дээ. Тэдэн рүүгээ яриа байлгүй дээ. Ямар ч байсан түүнийг би тусалсан л гэж боддог.

Хүнээ эмнэлэг рүү хүргүүлчихлээ, тэгээд л сонгуулийн ажил руугаа орсон уу?

-Хууль үйлчилдэг байсан бол би жагсаалтаар гишүүн болж амжихгүй л байсан л даа. Яг миний урдуур тасалсан юм шүү дээ. Н.Энхбаяр дарга, С.Нарангэрэл багш, Э.Батшугар гурвыг хасчихснаас болоод миний жагсаалт урагшилсан. Би наймд эрэмбэлэгдсэн байсан. Тэгээд ч би хүн чанараа бодоод тангараг өргөөгүй. Цэцийн шийдвэрийг харъя гээд тангараг өргөөгүй. Гэтэл Цэцийн шийдвэр яаж гарсныг та бүгд мэдэж байгаа. Энхбаяр дарга “Наадам болж байна, чи тангаргаа өргө өө. Наадмаараа УИХ-ын гишүүн гээд явж бай л даа” гэж л байсан. Цэцийн шийдвэр гарсны дараа би наймдугаар сард тангаргаа өргөсөн шүү дээ.

-Жагсаалтын наймдугаарт бичигдээд байхад “УИХ-ын гишүүн болно доо” гэсэн бодол хэр ойрхон байдаг юм бэ?

-Гишүүн болох нь чухал биш, гишүүн болчихоод юу хийх нь уг нь чухал биз дээ. Нэр дэвших үү, хаанаас дэвших вэ гэх зэрэг асуудал надад лав нэг их чухал биш санагддаг. Гэтэл намайг Дорнодод ажиллахад Дорнодоос нэр дэвших гэж байна гэдэг ч юм уу, тийм таамаглал их явах юм.

-Би бас яг асуух гэж байлаа, таныг Орхон аймгаас нэр дэвших үү гэж. Уучлаарай, гэхдээ таны сүүлийн санаачилж байгаа төслүүд чинь бүгд л Орхон аймгийнханд зориулсан зорилтот хөтөлбөр шиг санагдлаа.

-Үгүй л дээ, манайх чинь нэг гишүүн гурван тойрог “услаж” байгаа. Надад Эрдэнэт, Чингэлтэй, Дорнод гурав ногдсон. Манайх УИХ-ын долоон гишүүнтэй, гэтэл 21 тойрог байгаад байдаг. Яалт ч үгүй нэг гишүүн гурван тойрогт ажиллах шаардлага гараад байгаа юм.

-Гишүүн болсноосоо хойш таны хөрөнгө орлого яаж өөрчлөгдсөн бэ, хуулийн зөвлөгөө өгдөг үеэс тань орлого буурав уу, нэмэгдэв үү?

-Байдгаараа л байгаа. Аав, ээж хөөрхөөн жижигхэн бизнестэй, эхнэр олон улсын чиглэлийн хуульч, хуулийн зөвлөгөө, гэрээ контракт орчуулаад л явж байна. Урьдынхаараа л байгаа. Манай аав, ээж чинь 70 насалчихсан. 100 гаруй үнээтэй, хэдэн хүн цалинжуулаад, нийгмийн даатгалыг нь төлөөд л явж байна. Хадам зураач, зургаа зараад л амьдарч байна. Ийм амьдрал гоё ш дээ.