Мэдэгдэл хийж шоудаж болохгүй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.07.22

Мэдэгдэл хийж шоудаж болохгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

-Хаврын чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны зүгээс хамгийн их цаг хугацаа шаардаж хэлэлцсэн төсөл нь Эрүүгийн тухай хуулийн төсөл ч шүүмжлэл олонтаа дагуулж байна. Ц.Нямдорж гишүүн “Эрүүгийн хууль ийм байдлаар батлагдвал мөнгөгүй нь шоронд сууж, мөнгөтэй нь гэртээ цайгаа уугаад суух болно. Эргэж харах шаардлагатай заалт олон байна гэж мэдэгдсэн. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Хууль зүйн байнгын хорооны хувьд хийдэг ажлаа хийсэн. Одоо УИХ-ын хийх ажил л үлдсэн. Шүүмжлэлийн тухайд зарим нэгийг нь хэтрүүлж , зарим нь ортой.

Өнөөдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг шоронжсон хууль гэж шүүмжилдэг. Уг хуулийг шинэчлэн баталснаас хойш 10 гаруй жил өнгөрч, өнөөгийн нийгмийн харилцаа, эрх зүйн орчныг хангахгүй болсон. Тухайлбал, 10 мянган төгрөг давтан хулгайлсан гэх үндэслэлээр 10 жилийн ял сонссон эмэгтэй байна. Энэ бол хэтэрсэн ял. Ял олон төрөл байж, хийсэн хэрэгтээ тохирсон байх ёстой. Дээр нь өнөөдрийн хуулиар хохирогчийн хохирлыг гэмт этгээд барагдуулахад ял нь хөнгөрдөггүй. Тэгвэл дээрх хуулийн төсөлд хохирогчийн хохирлыг барагдуулбал гэмт этгээдийн ялыг хөнгөлнө.

Мөн аж ахуйн нэгж, компанийн гүйцэтгэх захирал, нягтланг сэжигтнээр татангуутаа хууль хяналтынхан шууд хорьдог. Шинэчлэн найруулсан төсөлд энэ тохиолдолд тухайн компани хариуцлагаа хүлээгээд торгууль төлнө. Эсвэл зорчих эрхийг хязгаарлана. Энэ мэтээр аль болох хорих ялын төрөл олон болсон. Хүчирхийллээс болж, эмэгтэйчүүд, хүүхэд гэр орондоо байх нөхцөлгүй болох, үүнээсээ болж гэмт хэрэг хийдэг. Энэ бүхнийг харгалзсан хууль гэж ойлгох хэрэгтэй.

-Хийх, хийхгүй нь дур зоргын асуудал биш. Ард түмнийхээ итгэлийг хүлээгээд сонгогдсон учраас ажиллах л ёстой-
-Эрүүгийн хуульд заасан торгуулийн хэмжээ асар өндөр байсан. Жишээ нь мөнгө угаасан бол 13 тэрбум төгрөгөөр торгоно ч гэдэг юм уу. Гэтэл торгуулийг огцом 800 сая төгрөг болгож бууруулсан. Нэг бол хязгааргүй өндөр торгууль тавьдаг, буулгах шаардлагатай гэхээр хэт доогуур тогтоож дунджийг нь олоогүй юм шиг?

-Эрүүгийн хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлэхэд анх мөнгө угаах болон террор хийх, экологийн хохирол учруулсан бол 13 тэрбум төгрөгийн торгууль ногдуулахаар заасан байсныг 800 сая болгож бууруулж, зассан. Ингэж бууруулсан нь, УИХ дахь МАН-ын бүлгээс торгуулийн хэмжээ өндөр байна гэдэг асуудлыг тавьсан, нөгөө талаас баялаг бүтээгчдийн зүгээс торгуулийн хэмжээг эргэж харахыг хүсч, тал, талын саналыг авч л өөрчилсөн тоо.

-Хаврын чуулганаар Эрүүгийн хууль батлагдах байсан ч Хууль зүйн байнгын хороо ирцгүй хуралдсан гэх үндэслэлээр уг хуулийг УИХ-аар хэлэлцэхийг хойшлуулж, ээлжит бус чуулган руу шилжүүлсэн. Ээлжит бус чуулган зарлагдахад Хууль зүйн байнгын хороо хурал зарлаж, Эрүүгийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дахин хийх үү?

-Тухайн үед Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хуулийг хэлэлцэж байхад гишүүдийн ирц хуулийн хүрээнд байсан. Гишүүд бол улстөрчид. Хувь гишүүнийхээ рейтингийг өсгөх гэсэн санаа ч юм уу, мэдэхгүй. Цөөнх боллоо гэж хэлээд л хурал хаяад гарсан. Ер нь цөөнх болсон болгон хурал хаяад байвал улс орны ажил явахгүй ш дээ.

-Хууль зүйн байнгын хороог хуульч бус гишүүн удирдаж байна гэж шүүмжлэх боллоо?

-МУИС-ийн Хуулийн ангийг төгссөн хүн хуульч биш үү.

-Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг нэр бүхий таван гишүүн байнгын хорооноос гарахаа мэдэгдсэн. Та тэдэнтэй ойлголцсон уу?

-Тэд улстөрчид шүү дээ. Улстөр л хийж байгаа хэрэг. Ойлголцох байх. Уур омог нь асахаар гишүүд тэгж хэлж л байдаг. Ажил төрлөө хийх байлгүй дээ. Ажил хийхгүй мөртлөө цалин аваад, тэгсэн хэрнээ мэдэгдэл хийгээд шоудаад байж болохгүй. Хийх, хийхгүй нь дур зоргын асуудал биш. Ард түмнийхээ итгэлийг хүлээгээд сонгогдсон учраас ажиллах л ёстой. Ажил хийж байгаа хойно санал нийлэхгүй юм гаралгүй яах билээ, ямарваа нэг асуудал дээр цөөнх болсон тохиолдолд түүнийгээ чуулган дээр хэлээд олонхийн саналаа хүндэтгээд явдаг ардчилсан парламентын жишиг бий шүү дээ. Ард түмэн цаана нь хүлээгээд байдаг, цалингаа хасуулахгүй, ажлаа хийхгүй, шоу хийгээд явж таарахгүй.

-Эрүүгийн хууль батлагдсан нөхцөлд одоо ял эдэлж байгаа хоригдлуудын хэдэн хувийнх нь ял хөнгөрч, мөн хэд нь суллагдах боломжтой болох вэ?

-Холбогдох газраас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд 8000 гаруй хоригдолтой. УИХ-аас Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Өршөөлийн хуулийг баталбал, ял эдэлж байгаа иргэдийн 20-30 хувийнх нь ялын хэмжээ багасч, мөн 20-30 хувь нь суллагдана гэсэн тооцоо бий. Дулаан цагт амьдрал нь нэг тийшээ шийдэгдэж байвал ялтан ч гэсэн Монгол Улсын л иргэн.  Ар талдаа ах дүүтэй, алдаж эндсэн л иргэд. Энэ асуудлыг Монголын төр хуулиараа шийдээд зохицуулаад явах ёстой.

-Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдсэн анхаарал татах бас нэгэн төсөл нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Гол агуулга нь далд эдийн засгийг ил болгох. Далд эдийн засаг хэдэн хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарсан юм бол. Уг хуулийг УИХ-аас баталсан нөхцөлд далд эдийн засаг ил болж чадах уу?

-Нийт эдийн засгийн 20-30 хувь нь далд эдийн засаг байна гэсэн судалгаа бий. Энэ хуулийг баталснаар далд байгаа мөнгийг ил болгоно гэж тооцсон. Мөн аж ахуйн нэгж байгууллага янз бүрийн дарамтад байна гэдэг. Гадаадынхан манай улсыг шорон улс болчихлоо гэж их шүүмжилдэг. Аж ахуй нэгж дээр эрүү үүсгэдэг. Зоригтой хүмүүс л Монголд хөрөнгө оруулна гэж ярьж байна. УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталснаар энэ байдлыг хална.

-Ээлжит бус чуулганаар Засгийн газрын сайд нарын асуудлыг хөндөнө. Засгийн газарт сэлгээ хийх шаардлага үүссэн гэж та үзэж байгаа юу. Эсвэл өөр байр суурьтай байна уу?

-Улс орон, эдийн засгийн нөхцөл байдлаа бодоод хичээгээд ажиллаасай гэж бодож байна. Өнөөдөр парламентад АН, МАН, “Шударга ёс” эвсэл, бие даагчид сууж байна. АН, МАН-ын аль нь ч олонх болж чадаагүй ийм үед хэл амаа ололцоод, ярьж хэлэлцэж байснаа хийгээд явбал Монголын ард түмний эрх ашигт нийцэх юм гэдгийг л энэ тэргүүнд тавих ёстой.